Монголын Оюутны Спортын Холбоо нь 1992 оноос эхлэн жил болгон “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг уламжлалтай. Үүний дагуу 2010 оны шилдэг оюутан тамирчдаа өнөөдөр Спортын төв ордонд шалгаруулж шагнал гардууллаа.
Швейцарийн Цюрих хотноо 9 сарын 5-12-ны өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах шатрын 11 дүгээр тэмцээнээс эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд хошой алтан медаль хүртсэн их мастер Б.Мөнгөнтуул нь “2011 оны шилдэг оюутан тамирчин” эмэгтэйгээр шалгарлаа.
Шилдэг эрэгтэй оюутан тамирчнаар Цагдаагийн академийн сонсогч, МУ-ын гавьяат тамирчин Н.Төгсцогт нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 10 сарын 4-10-ны өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээний 52 кг-ийн жинд алтан медаль хүртэж, тус тэмцээний шилдэг боксчноор шалгарсан амжилтаараа тодорч байгаа юм.
Оюутны шилдэг багаар Тайваний Тайюан хотод 10 сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 3 дугаар тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн ХҮДС-ийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шалгарсан байна. Тус багийн зарим гишүүд нь БНХАУ-ын Гуанжоу хотноо 11 сарын 11-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн XYI наадамд амжилттай оролцож Узбекистан, Туркменистаны багийг тус тус хожсон ажээ.
Оюутны шилдэг дасгалжуулагчаар ХҮДС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал, МОСХ-ны тусгай шагналаар МОСХ-ны шатрын спортын ахлах дасгалжуулагч П.Жигжидсүрэн, боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди нар тус тус шалгарчээ.
Эдгээр шилдэг тамирчид болон багийг МОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас шалгаруулж МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, Л.Цэрэнсодном баяр хүргэж хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Монголын оюутны спортын хороо