“Аав аа, өвлийн өвгөн хаанаас ирдэг юм бэ” гэж бяцхан охин асуухад “Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар…” хэмээн аав нь шүлэглэтэл “Өө, аав мэддэггүй юм байна. Хятадаас ирдгийн за. Миний бэлэг дандаа made in China гэсэн байгаам чинь” гэж эрх охин тунирхсан гэдэг онигоо бий. Нээрээ л жил бүр хямдхан улаан даавуугаар ур муутай хийсэн Сантагийн хувцастай сатуркан сахалтай “өвгөнүүд” цасан охины хувцастай “хүүхэн”дагуулж ирээд Хятадад голдуу үйлдвэрлэсэн чихэр жимс тараах нь дэндүү яршигтай санагддаг болсныг нуух юун. Ядаж байхад тэр цасан хүүхнүүдийн эротик хувцастайг яана гээ. Хүүхдэд дуудсан гэхэд ичмээр дамшиг. Гээд яахав дээ, уламжлалт зул сарын баяр ирлээ. Утаа униар татаж, ханиад томуу хэрсэн Улаанбаатарын хөлдүү саарал гудамжинд хүүхдээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй л байв. Гэтэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд ертөнцийн долоон гайхамшгийг цас мөсөөр урлаад өнгийн гэрлээр солонгоруулан чимжээ. Шөнийн тэнгэрт өнгө өнгийн салют буудаж хөөрсөн жаалуудын хацарт алим аятай улаахан туяа татаад хүүхдийн цангинасан инээд, эцэг эхчүүдийн талархлын үгс зул сарын симфони болон эгшиглэв.
Хэдэн жил сөнөсөн галт уул мэт дүнсийж байсан парк ийнхүү өвлийн шөнөөр амилж гэрэл гэгээ цалгиулан инээд баясалд урин дуудлаа. Харин энэхүү зул сарын симфоний удирдаач нь Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэх төслийн удирдагч Батнягт гэгч залуу. Бодь группд 10 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр багийнхантайгаа 14 хоногийн турш цас, мөс, ус гуравтай “хөлдөж үхтлээ” нөхөрлөсний ачаар ийнхүү хүүхдүүдийн “нар гарч” байна. Юун нөгөө хямдхан Санта, эрос цасан охин, эрээн мяраан чихрийн цаас. Ажлаа тараад хүүхдээ дагуулаад парк руу дэгдэх юмсан гэхээс өвлийн элч муутай сүүмгэр нар жаргаж өгөхгүй байрандаа тогтчихоод зовоож орхилоо. Зул сарын симфоний удирдаач Батнягтын уг мэргэжил нягтлан бодогч гэсэн. Харин одоо бол цасан хотхоны гайгүй сайн инженер болж таарлаа. Баярлалаа танд.
Л.МӨНХБАЯСГАЛАН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин