МАХН, МАН-ынханд хууртагдсан оюутнууд хөөрхий

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

МАХН, МАН-ынханд хууртагдсан оюутнууд хөөрхий

МАХН-ын XXVI их хурлыг ерөнхийд нь МАХН-ын их ху­ваагдал гэж болохоор байна гэж нэгэн судлаач хэлсэн байсан. Үнэхээр “Нам уугуул нэрээ сэргээсэн гэх  шалтгаанаар  тус намын удирдлагууд  МАН–аар өөрс­дийгөө овоглосон. Харин  би МАН-ын гишүүн болохгүй. Харин МАХН-даа үргэлж үнэнч байж, шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр  Ар­дын намын гишүүн болоогүй тө­дийгүй МАХН-ын онц их хур­лыг хуралдуулах түр штабыг байгуулж,   улс төрийн үйл ажил­лагаагаа явуулж  эхэлснээр тус намын хуваагдал эрчимтэй идэвхжлээ. Харин өдгөө энэ хуваагдал бүрэн цэцэглэлтийн байдалд ороод байна гээд хэлэхэд хилсдэхгүй байх. 

МАН-ын бүлгийн дарга Д.Лүн­дээжанцан Ц.Шинэбаяр ги­шүүн­тэй хэд хэдэн удаа биеч­лэн уулзаж  “Хэнд гомдоод бай­гаа юм.  Юу авмаар байна. Бү­лэг­тээ ор. Сайн бод, тунгаа” хэмээн эвтэйхан гуйсныг Ц.Ши­нэ­баяр хүүхэд модтой чих­рээр хуурах гэж байгаатай адил зүйл  гэж хүлээн авснаа хэв­лэл мэдээллээр илэрхийлж бай­сан  төдийгүй харин ч  бүр дараагийн  үйл ажиллагаандаа  ханцуй шамлан орж, н.Атар С.Мо­лор-Эрдэнэ гэх журмын нөхдийн хамтаар Дорнод айм­гийн зүг одсон. Харамсалтай нь  түүний тойргийнхонтойгоо хий­сэн уулзалтыг  МАН–аас са­наа­тайгаар бусниулж, өөрий­гөө сурталчлах боломж олгоо­гүйгээр барахгүй,   ирэхэд нь МАН-аас хөөх тухай тушаалыг гар­гаж гэнэтийн бэлэг барьсан удаатай. Мэдээж хэрэг МАН-ын­хан эвээр гуйгаад болохгүй бол дараагийн арга хэмжээг авах замаа шулуутгав. Ха­рин одоо бол МАН-ынхан Ц.Ши­нэ­баярыг гуйж аргадаж, эрх­лүү­лэлгүйгээр замаасаа зай­луу­лах опериацдаа оржээ.  Ха­рин тэдний хоорондох асуу­далд Монголын ирээдүй бол­сон оюутан залуус бөмбөг болж байгаа нь харамсалтай. Тод­руул­бал, Ц.Шинэбаяр, Н.Энх­баяр нар Сонгины амралтанд оюутнуудтай хамт цасны баяр хийж нэгэн өдрийг хөгжилтэйхэн өнгөрүүлж. Түүгээр ч барахгүй үдийн зоог хамтдаа барьж, “Алтантүрүү”  архиар дайлсныхаа  дараа өөрсдийгөө дэмжихийг хүсч хундаганы үг хэлжээ. Дараа нь “Чикаго” клубт 300 гаруй оюутанд “Элит” цэнгүүний урил­­га тарааж, шинэ оноо хамт угтахыг уриалж, бас л сархад хүртээсэн. Харин энэ байдлыг нь  эсэргүүцэж байна гэсэн залуус тус клубын үүдэнд жагсаал хийв. Асуудлын гол нь үнэхээр Ц.Шинэбаяр энэ бүхнийг зохион байгуулсан уу. Эсвэл Ардын намын  үзүүл­бэр үү, МАХН байх үеийн нух­­чин дарах арга нь уу гэдэг эргэлзээтэй. Клуб рүү хэвлэл мэдээллийн нэг ч хүнийг оруу­лаагүй  учраас МАН, МАХН-ынхны хэн нь зохион бай­гуу­лаад байгааг таашгүй. Энэ тухай Ц.Шинэбаяр юу ч мэдэх­гүй. Ардын намаас зохион бай­гуулсан хэрэг хэмээн тайл­барлаж байсан ч Ардын на­мын­хан мэдээж үгүй гэнэ. Ин­гээд хэдэн оюутнуудаас өөр хэргийн эзэн байхгүй болж хувирч байгаа хэрэг.  Хэрэв Ардын намаас энэ бүхнийг зохион байгуулсан бол үнэхээр арга ядаж байгаа юм байна гэж ойлгохоос өөр хэлэх үг алга. Төрийн эрх барьж буй нам нь залуусаа талцуулж, зугаа, цэнгэл, хэдэн халтар төгрөгөөр  хуурч  өөрсдийнхөө ирээдүйг архины шилээр далласан гэхэд харамсмаар. 

Түүнчлэн МАН, МАХН-ынхан улс төрийн эрх мэдлийн төлөөх  тэмцэлдээ  өөрсдийнх нь ажлын үр дүн болох архи уудаг, халаас хоосон залуусаа  хэрэг болгож ашиглачихаад  дараа нь тэднийг бөмбөг шиг өшиглөлөө.  Эцсийн бүлэгтээ  Ардын намынхан үнэхээр хуулийн дагуу нэрээ сольсон юм бол Ц.Шинэбаяр нараас   ингэтлээ айж бэмбэгнэх  хэрэг байгаа юм уу. Ц.Шинэбаяраас өөр энэ нийгэмд харагдах зүйл алга байгаа гэж үү. Хамгийн наад зах нь “Чикаго”-д архинд дурлаж ирсэн залуус ч гэсэн асуудал шүү дээ.  Түүнчлэн Ц.Шинэбаярын хувьд  үнэхээр Монголд шударга ёсыг тогтоохын төлөө явсан  юм бол Их хурлын гишүүн болсон гурван жил яагаад  ус балгасан мэт дуугүй суусан хэрэг вэ. Боломж байсан шүү дээ. МАХН, МАН хоёр нийгмийг ингэж л бантан болгож байна.

Б.ДАВАА

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж