-Сонгуулийн хуулийг батлах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, хууль санаачлагчдын ажлын хэсгийн гишүүд үндсэн том асуудал дээрээ төвлөрөөд нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож байгаа. Тухайлбал, иргэний бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлэх ажил овоо ахицтай явж байна. Хүн ам орон сууцны тооллогоос бүртгэлийн тогтолцоог ухаалаг болгох чиглэлээр төсөвт хэд хэдэн жил дарааллан мөнгө суулаа. Түүнээс гадна санал тоолох ажлыг будилуулдаг гэсэн хардалт үүсдэг. Үүнтэй холбогдуулан хүний хүчин зүйлээс аль болох ангид автоматааар тоолох байдлыг сонгуулийн хуулинд тусгаж, төсөвт 24 тэрбум суулгасан. Энэ бол цаашдаа ард түмний санал асуулга болон бусад зүйлд хэрэглэгдэх зүйл. Үүнээс гадна тойрог, хэсгийн хороон дээр маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хуулийн төсөлд суулгасан. Мөн хариуцлагын тогтолцоог ч гэсэн дор дор нь нарийвчлан суулгаж өгсөн байна.
-Таны хувьд сонгуулийн ямар тогтолцоог сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцоонд бид нарын барьж байгаа зарчим нэгдүгээрт Үндсэн хууль зөрчихгүй буюу УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчмыг алдагдуулахгүй байх явдал юм. Хоёрдугаарт сонгогчдын санал хаягдахгүй байх, түүний дараа ард түмний төлөөллийг тусгах гэсэн гурван зарчмыг барьж байгаа.
-Сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж амжих уу?
-Би сая хэлсэн. Өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсэг хуралдаж, үдээс хойшхи бүлгийн хуралдаан дээр дүгнэлтээ танилцуулах байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас ажлын хэсэг өнөөдөр /өчигдөр/ хурлаа хойшлуулсан байна. Сонгуулийн хууль гэдэг өөрөө улс төрийн шийдвэр гаргадаг болохоор МАН-ын бага хурал, XXVI их хурлаас тодорхой чиглэлүүд өгөгдсөн. Гэхдээ зарчмын хувьд шүү дээ. Түүнээс биш хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй. Намын хурлуудаас тогтоож өгсөн зарчим нь “ард түмний төлөөллийг хангасан, ойлгомжтой, сонгогчдын санал хаягдахгүй байх, сонгуулийн боловсронгуй тогтолцоог намын бүлэг авч ажилла” гэсэн байгаа. Энэ дагуу л намын бүлэг ажиллана.
-Холимог тогтолцоог сонгох юм бол намын дарга нараас өнөөх 50 гишүүний нэрс шууд хамааралтай болно. Ингэж намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр шинээр хүн гарч ирэх боломж хязгаарлагдмал болох юм биш үү?
-Сонгуулийн тогтолцоо улс төрийн намын тухай хууль болоод бусад хуулиар зохицуулагдана. Ер нь ямар ч тогтолцоо байлаа гэсэн мэдээж хэрэг намын даргын үүрэг байж л таарна. Харин тэр нь улс төрийн хууль, намын тухай хууль, намын дүрмээрээ намын даргын эрх хэмжээний хязгаарлалт зохицуулагдаж өгдөг. Шаардлагатай бол улс төрийн тухай хуулийг боловсронгуй болгохыг үгүйсгэхгүй. Ер нь бол төгс төгөлдөр сонгодог тогтолцоо гэж байхгүй. Хамгийн гол будилааны эх үүсвэр болж хардалтыг төрүүлээд байгаа зүйл бол нэгдүгээрт хүн амын бүртгэлийн асуудал. Энэ асуудлыг ирэх онд нэг тийш нь болгоно. Төсөвт хөрөнгийг нь суулгаж, бүртгэлийн тогтолцооны хууль эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Сонгуулийн хуулийг ярихгүй байна гэж яриад байгаа ч энэ чинь сонгуулиа сайн хийхийн тулд явуулж байгаа ажил. Бас нэг шийдсэн асуудал нь тойрог хэсгийн хороодын хийх ажлыг төрийн байгууллагууд хийхээр болсон. Түүнээс гадна маргаан мэтгэлцээн гарахад үүрэх хариуцлагыг нь тодорхой болгоод өглөө. Мөнгө тараах, эдийн засгийн боломжоос давсан давсан амлалт өгөхийг хориглосон. Ил тод, шударга ёстой холбоотой үндсэн гол асуудлууд шийдэгдсэн байна. Ингээд үлдэж байгаа нь сонгуулийн тогтолцоо. Тэгэхээр бид яаж ард түмний төлөөллийг хангасан, тэгсэн мөртлөө сонгогчдын санал хаягагддаггүй байдаг. Үндсэн хуулиа зөрчөөгүй тогтолцоог сонгож авах вэ гэж бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг ярьж ярьж энэ сонгуулийн хуулийг өргөн барьсан. Энэ дотор ард түмний сонголт хаягдаад байна гэдгийг нөгөө тогтолцооноос авахаар болж байгаа юм.
-Өргөн барьсан хуулийн төсөл зургаан хувийн босго тавьсан байна. Энэ нь зөвхөн том намууд ороод, жижиг нам, бие даагчид гадна талд нь үлдэнэ гэсэн шүүмжлэл байгаа?
-Босгыг бид дэлхийн нийтийн жишиг, өөрийн улсын онцлог нөхцлийг харгалзаж байж тогтооно. Аль болох олон нам парламентад ороосой гэсэн зарчим баримталж байгаа. Энэ мэтчилэн босго, эмэгтэйчүүдийн квот, Баян-Өлгий аймгийн сонгогчдын төлөөлөл гээд маш олон асуудлыг аль болох бодитой тусгахын төлөө ажиллаж байна. Ажлын хэсгийн зарим нь босгыг найм, ес болгоё, зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хэт олон нам орж ирэх нь зохимжгүй гэж үзэж байгаа ч тал байна. Ер нь бол олон сая сонгогчтой улсуудад босго нь бага байхад авч байгаа санал нь өндөр байдаг байхгүй юу. Манайх бол цөөхөн сонгогчтой учраас хэтэрхий бага босго тавибал хэт олон нам орж ирэх болно. Энэ тохиолдолд засаглаж чадахаа байх асуудал гарна. Мөн эвслийн Засгийн газар байгуулаад өнөөх нь тогтворгүй байн байн солигдох, нэгдсэн бодлого гарч чадахгүй гэх мэт эерэг ба сөрөг тал аль аль нь байдаг учраас бид хамгийн боломжтой тэр хувилбарыг сонгож авахаас татгалзахгүй.
-Холимог тогтолцоог сонгохоор ард түмний төлөөлөл болон намын үзэмжээр сонгогдсон гэсэн хоёр статус гарч ирнэ гэсэн асуудал байна?
-Харин тийм болохоор л миний хувьд аль аль нь ард түмнээс сонгогдсон эх үүсвэртэй байг гэсэн байр сууринаас ханддаг. Нэг нь бол тухайн орон нутагт өрсөлдөөд гараад ирж болно. Нөгөөх нь улс даяараа өрсөлдөөд гараад ирж болно. Энэ нэг нь том тойргоос, нөгөөх нь жижиг тойргоос сонгогдоно гэсэн үг. Сонгогчийн эх үүсвэр адил байна гэж би хувьдаа үзэж байгаа.
-50 харьцах нь 26 гэхээр нэг нь намаас, нөгөөх нь сонгогчдоос гэсэн үг үү?
-Үгүй. Хоёулаа намаас нэр дэвшүүлж, хоёулаа ард түмнээс сонгогдож байна. Миний хувилбар лав ийм. Ер нь бол нам гэж байсны утга учир өөрийнхөө бодлого, хөтөлбөр, өөрийн боловсон хүчнээ кабинетдаа ил тод зарлаад дотроо өрсөлдөн нэр дэвшүүлэх. Тиймээс ард түмэн нэр дэвшиж байгаа намыг ч дэмжсэн, хүнийг ч дэмжсэн адилхан.
-Намаас гарч ирж байгаа гэхээр зөвхөн намын даргад таалагдсан хүмүүс сонгогдох боломжтой болохгүй юу?
-Үүнийг улс төрийн намын тухай хуулинд тодорхой заасан. Ардчилсан зарчмаар намын төлөөллийн төв болон түүний адилт байгууллага анхан шатнаасаа нэр дэвшүүлэх зарчимтай. Тэгээд тухайн байгууллага дээрээ нууц санал хураалтаар нэр дэвшүүлж, жагсаана гээд заасан байгаа. Тиймээс бүх шатанд ардчилсан зарчмаар сонгууль явагдана.
С.ЭНХЗАЯА
"Монголын мэдээ" сонин