Венесуэль интернэтийн хуулиа шинэчлэн батлав

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Венесуэль интернэтийн хуулиа шинэчлэн батлав

Венесуэлийн парламент интернэт мэдээллийг зохицуулдаг журмыг чангатгах талаар хэлэлцэж, хуулийн төслийг баталсан бөгөөд уг хуулийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 18 сарын турш Венесуэль улс даяар мөрдөх юм байна. Хуулийн дагуу улс төр, шашиныг заналхийлж, доромжилсон үгтэй цахим захидал илгээх, нийтлэх, төрийн албан хаагчдыг үл хүндэтгэсэн мэдээлэл интернэтэд гаргахыг тус тус хоригложээ.

Харин сөрөг хүчин иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж байна гэж үзэн уг хуулийн төслийг татгалзсан санал өгчээ. Түүнчлэн Венесуэлийн Электрон худалдааны танхимаас вэбсайтуудад тавих хяналтыг чангатгаж, үйл ажиллагааг нь хааж боогдуулах арга замыг нэг шат ахиуллаа хэмээн дээрх хуулийг эсэргүүцэн шүүмжилжээ.

Гэвч энэ хуулийг баталснаар иргэдийг онлайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тустай гэж үзэж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес илэрхийлжээ. Шинэхэн журмын дагуу төрийн удирдлагуудыг үл хүндэтгэж, доромжилсон үгтэй нийтлэл эсвэл зураг, видеог вэбсайт хариуцсан этгээдүүд сайтан дээрээ гаргасан тохиолдолд тэдэнд торгууль оногдуулахаар болжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж