Улаан-Овоон нүүрсийг Хятадад худалдана

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Улаан-Овоон нүүрсийг Хятадад худалдана

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд оршдог Улаан-Овоо нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Професи ресурс”  нь Японы “Сожиц” корпорацитай худалдааны гэрээ хийжээ. Уг гэрээний дагуу “Сожиц”  корпораци нь 208 сая тоннын нөөцтэй Улаан-Овоо уурхайн эрчим хүчний нүүрсийг Хятадад худалдаалах юм байна. Австралийн Ньюкастл боомтоос Азийн зах зээлд хүрч буй эрчим хүчний нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 55 хувиар өсч, тонн нь 107 ам.долларт хүрсэн. Тэгвэл Улаан-Овоогийн эрчим хүчний нүүрс хамаагүй өртөг багатай байх магадлал өндөр бөгөөд энэ тал дээр “Wardrop Engineering” компани техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийж эхэлжээ. Өнгөрсөн тавдугаар сард “Професи ресурс” корпораци “Лэйтон Эжиа” компанитай гэрээ байгуулсан. Монголын “Энержи ресурс”-тэй хамтран Ухаахудагт олборлолт явуулдаг тус компани эдүгээ мөн Улаан-Овоод үйл ажиллагаа явуулах юм байна.  Уг уурхайгаас энэ ондоо 250.000 тонн, ирэх жил гэхэд хоёр сая тонн эрчим хүчний нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уурхайг ашиглалтад оруулахын тулд эхний ээлжинд 3.8 сая доллар зарцуулах гэнэ. Улаан-Овоод үйл ажиллагаа явуулах эрхийг өмнө нь Канадын “Рэдхил энержи” компани эзэмшдэг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани “Професи ресурс” корпорацид нэгдсэн юм.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж