Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ихэнх худаг эвдэрчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн гурав дахь асуудал нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудал байлаа.

Зээлийн хүрээнд Монгол Улс НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 11.5 сая ам.долларын зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежмэнтийн хөгжил төслийн хүрээнд 1.5 сая ам.долларын зээл авахаар тохиролцжээ. Энэ төсөл өмнө нь дөрвөн аймагт хэрэгжиж байсан, тиймээс түүнийгээ үргэлжлүүлнэ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг зээлийн үр дүнд үнэлэлт дүгнэлт хийхгүй бол олон сая ам.долларыг үргүй зүйлд зарцуулж, буйд шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр “Хөвсгөл аймагт энэ төсөл 13 жилийн турш хэрэгжсэн. Одоо үргэлжлэн хэрэгжинэ.  Хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулахад үр дүнгээ өгч байгаа гэж холбогдох хүмүүс хэлж байна Гэвч амьдрал дээр байдал өөр. Ядуурал буурсан уу гээд харахаар үр дүн харагддаггүй. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр 120 шахам худгийг засч сэлбэж, гар худаг 49-ийг шинээр гаргаж, энэ зээлийн хүрээнд Хөвсгөл аймагт. Гэтэл өнөөдөр тус аймагт нийт худгийнх нь 70-80 хувь нь эвдэрч хэмхэрсэн. Ийм байдлаар улсын нэрээр авсан зээлийг үр дүнгүй зүйлд зарцуулаад байвал 30-40 жилийн дараа энэ зээлийг эргүүлж төлөхөд юу үлдсэн байх вэ. Ажлын байр бий болгосон, тухайн өрх амьжиргаагаа дээшлүүлэх бодитой зүйлд зээлийг зарцуулах ёстой” гэлээ.

 Уг шүүмжлэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүлээн авч, хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж ажиллахыг мөн байнгын хорооны дарга энэ үеэр холбогдох сайд нарт уламжиллаа. Ингээд дээрх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
 
Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж