Засгийн газрын боловсруулсан анхны төсөлд зөвхөн газар тариалан эрхлэгчид тэр дундаа эх орны хөрсөнд тарьж ургуулсан буудай, жимс, жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлнө гэсэн агуулга багтаасан байсан ч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд нар тус бүрдээ мөн зарим хөрөнгө оруулалтын ажилтай холбогдох зүйлүүдийг НӨАТ-аас чөлөөлүүлэх заалтыг тусгуулсан аж. Ингэснээр үндсэндээ ирээдүйд эрчим хүчний чиглэлийн томоохон хөрөнгө оруулалт НӨАТ-аас чөлөөлөгдөх нөхцөл бүрджээ. Нөгөөтэйгүүр, шинэ төмөр зам байгуулахтай холбоотойгоор мөн хөрөнгө оруулалтын зарим ажлуудад шаардагдах бараа, материалууд дээр ч НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх болж тусгасан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Улаан эл асуудалд нухацтай хандах шаардлагатай. Татвар татвар төлөгчдөд аль болох хөнгөлөлттэй байх нөхцөлийг төр олгох ёстой болохоос шууд хөнгөлөөд явах нь зохисгүй. Тиймээс байнгын хорооны төвшинд ажлын хэсэг байгуулж, татварын асуудлыг судлах шаардлагатай хэмээлээ. Мөн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “НӨАТ-ын хөнгөлөлт нь хүнс үйлдвэрлэгч дээр тавигдах нь зөв. Хавтгайруулах нь учир дутагдалтай учраас ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна” гэлээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалгахад олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.