Брандон Женнингс бэртэв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Брандон Женнингс бэртэв

NBA-ын “Милваки Бакс” багийн холбон тоглогч Брандон Женнингс зүүн хөлөндөө авсан бэртэлдээ мэс ажилбар хийлгэх болсноор 4-6 долоо хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй болж байна. Багийн ерөнхий менежер Жон Хаммонд 21 настай залууг “Юта Жазз” багт 95:86 харьцаатай хожигдсоны дараачаар түүний бэртлийг мэдсэн аж. Гэхдээ энэ бэртэл нь “Юта”-тай хийсэн тоглолтын үеэр авсан бэртэл биш бөгөөд өмнөх тоглолтод Сан Антониогийн эсрэг тоглоход анхны зовиур нь мэдэгдэж эхэлжээ.

2009 оны драфтын номер 10 сонголтоор ирж байсан Женнингс нийтдээ 107 улирлын тоглолт, долоон плей-оффын тоглолтод оролцсон. Энэ жил 17,9 оноо, 5,5 оновчтой дамжуулалтыг 25 тоглолтод дунджилж байсан юм.

Сан Антониогийн эсрэг тоглолтод бэртэл авсан Женнингс “Жазз”-тай тоглоход долоон довтолгооныхоо гурвыг оновчтой болгож, зургаан оноо, дөрвөн оновчтой дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэйгээр дуусгасан. Эндээс харахад түүнд зовиур хичнээн их байсан нь мэдэгдэнэ.

Женнингсийн эзгүйд түүний байрлалыг Кэёон Дүүлинг, Ийрл Бойкинс нар нөхөж тоглоно.

Дүүлинг гараанд гарч, сэлгээнээс Ийрл Бойкинс оролцох боломжтой бөгөөд ихэнх минутыг Дүүлинг талбайд өнгөрүүлэх магадлалтай. “Бакс” энэ улирлыг бэртэл гэмтэлтэйгээр эхлүүлсэн. Төвийн тоглогч Богут улирлын эхний хэдэн тоглолтыг өнжсөн бол Кори Магетти, Карлос Делфино нар байнгын гэмтэлтэй байгаа.

Харин одоо тэд багийн гол тоглогч Женнингсийг удаан хугацааны бэртэлд алдаж байгаа нь багийн амжилтад эрс сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж