Ю.Цэдэнбалын үеийнхэн эх оронч үйлсийг дархлан бүтээсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбалын үеийнхэн эх оронч үйлсийг дархлан бүтээсэн гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төрийн ордонд болсон “Монгол
Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал ба Ю.Цэдэнбал” эрдэм
шинжилгээний  бага хурлыг нээж үг хэллээ.
    Тэрбээр “Найрамдлын төмөр зам, нефтийн орд цамхаг босгосон, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Хөтөлийн аж үйлдвэрийн томоохон төвүүдийг барьж сүндэрлүүлсэн, говь нутгийг усжуулж, хангайг хашаажуулж, атар газар эзэмшиж, мал ахуйг хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэн, орон сууцны олон арван хороолол барьсан, эх нялхсаа хамгаалж, хүүхэд залуучуудын дуу цангинасан орон болгосон, хүн амаа нийтэд нь бичигтэн болгож, МУИС, ШУА-ийг байгуулж, сансарт хүн ниссэн, хөдөө нутгийг гэрэл гэгээтэй, соёлтой болгосон, сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд хамруулсан зэрэг хөгжлийн түвшин, агуу их оронч үйлсийг Ю.Цэдэнбалын үеийнхэн дархлан бүтээсэн гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ” гэлээ.
    Мөн “Монголын ард түмний эв нэгдэл, эрч хүч, зохион байгуулалт, сахилга хариуцлагыг зохих түвшинд хүргэх, төр, нийгмийн удирдлагад шударга ёсыг бэхжүүлэх, авилга, хээл хахуульгүй орчныг бий болгох, хүний үндсэн эрхийн хэрэгжих баталгааг бодитой болгох талаар Ю.Цэдэнбалын тэргүүлж байсан нам, төр, засгийн байгууллагууд алсын хараатай бодлого явуулж, өргөн хүрээтэй арга хэмжээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн туршлага, бүтээн байгуулалтын сургамж өнөө үеийнхэнд түүхэн чухал сурвалж болж чадна” гэдгийг онцолсон юм.
    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын шилдэг удирдагч, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын нийгэм, улс төрийн үйл ажиллагаа эхэлсний 70 жилд зориулж энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж