Цус ойртсон хуулийнханд торгууль оноожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Цус ойртсон хуулийнханд торгууль оноожээ

“Ёс зүйгүй хуульч хархнаас аюултай”
гэдэг Японы алдартай үг бий. Учир нь хуульчид хуулийг яаж өөртөө
хэрэгтэйгээр ашиглахаа мэддэг. Бас ямар аргаар бусдыг хохироовол өөрт
халгүйг эрх зүйн үүднээс тооцдог. Ийм аюулын жишээг цус ойртсон
хуулийнхнаас харж болно. Хуулийн салбарынхан ашиг сонирхолдоо
дуль­дуй­дан танил тал, хамаатан садан­даа давуу тал олгосон баримт
цөөнгүй бий. Тухайлбал, 14 настай охиноо бусдын гарт алдсан эцэг
хуулийнхны хуйвалдаанаас болж хоёр жил хохирч яваа. Хуулийн
бай­гууллагыг толгойлж байсан гене­ралын зээгийн гарт охиноо алдсан
Ц.Гончиг манай сонинд “Охиныхоо шарилын өмнө хэргийн үнэнийг олно гэж
тангаргалсан. Гэтэл генера­лын охидууд хуулийнханд хүчтэй юм. Өөрийгөө
шатаагаад ч болов үнэний төлөө зүтгэнэ” гэж ярьсан. Уншигчдын олонхи нь
“Хууль, шүү­хийнхэн хэзээ ч үнэнийг шийдэхгүй. Тиймээс та хувийн аргаар
өшөөгөө ав” гэж зөвлөсөн байна. Харамсалтай нь энэ нийгэмд тогтсон
ойлголт. Одоо­гоос 30-аад жилийн өмнө Оро­сын Владивосток хотод охиноо
бус­дын гарт алдсан эцэг шүүхийн шийдвэр алуурчдын талд гарангуут шүүх
хурлын танхимд шүүгдэгчдийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Оро­сод
нүүрлэсэн шударга бус байдал энэ цагт Монголд нүүрлэснийг хохи­рогчийн
яриа, уншигчид гэрчилж байна.

Жирийн иргэн Ц.Гончигийн охи­ныг хөнөөсөн хэргийн ул мө­рийг бал­лахын
тулд хуулийнхан хэр­хэн ажилласныг холбогдох байгуул­ла­гууд тогтоожээ.
Гэмт хэргийн сэ­жигтнүүдийг “Ганц худаг”-т саа­туулсны дараа
Б.Хэрлэнчимэгийн ээж өмгөөлөгч Б.Сэглэгмаа төрсөн эгч УМБГ-ын мөрдөн
байцаагч дэд хурандаа Б.Соёлмаатай хуйвалджээ. Эгч дүү хоёр “Ганц
худаг”-ийн эр­гэлт хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Нэргүйтэй хуйвалдан
сэжигт­нүүдийг нэр дор цуглуулж мөрдөн байцаалтад өгөх мэдүүлгийг нь
зааж өгчээ. Улмаар сэжигтнүүдийг суллуулсан аж. Үүнээс гадна Б.Сэглэгмаа
гэрчүүдэд мөнгө амлан худал мэдүүлэг өгөхийг ятгасан баримт ч байгаа
аж. Ингэж албан ту­шаалаа урвуулан ашигласнаар эрүү­гийн хэрэгт
холбогдож Өршөө­лийн тухай хуулиар хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Мөн
хохи­рогчийг өмгөөлөх өмгөөлөгч олдох­гүй байсан нь Б.Сэглэгмаатай
хол­боотой талаар эх сурвалж мэдээлсэн. Учир нь нэгэн өмгөөлөгч
хохирогчид “Таныг өмгөөлөх гэхээр дарамт их байна” гэж ам алдсан аж. Энэ
мэт баримтуудыг УМБГ, ШШГЕГ шалгаж албан тушаалаа хувийн ашиг
сонирхолдоо ашигласан Б.Соёл­маа, Б.Нэргүй нарт өнгөрсөн баа­сан гарагт
хариуцлага тооцжээ. Ту­хайлбал, Б.Соёлмаагийн цолны мөнгийг гурван сар
хасах торгууль оногдуулсан аж. Мөн Б.Нэргүйгийн ахмад цолыг хурааж ахлах
дэслэгч болгожээ. Сонирхлын зөрчлийн тухай хуульгүй учраас үүнээс өөр
шийтгэл оногдуулах эрх зүйн орчин байхгүйг хуулийнхан учирлаж байв. Эрх
зүйн орчин хангалтгүйгээс охиноо хэргээс мултлах гэж өмгөөлөгчдийг
ятгаж, гэрчүүдэд авлига өгсөн байх магадлалтай Б.Сэглэгмаа өнөөг хүртэл
өмгөөлөгчөө хийж байгаа аж. Мөн сэжигтнүүдийн өмгөөлөгчид шүүх хурал
дээр хохирогчийг элдвээр доромжилж, хувийн шалтгаанаар шүүх хурлыг таван
удаа хойшлуулсан. Энэ тохиолдолд шүүгч ямар арга хэм­жээ авч болохыг
Нийслэлийн шүү­хийн шүүгч Б.Батцэрэнгээс тод­руулахад “Өмгөөлөгч шүүх
хурал дээр хохирогчийг гутаан доромжилж хүний нэр хүндэд халдсан бол
хариуцлага тооцох эрхтэй. Ийм жи­шээ Монголд цөөнгүй бий. Гэхдээ
Б.Хэрлэнчимэг нарт холбогдсон хэрэгт шүүгч яагаад арга хэмжээ аваа­гүйг
мэдэхгүй юм. Ер нь Монголд ёс зүйг сайжруулахыг зорьсон эрх зүйн орчин
хангалтгүй байгаа” гэсэн юм. Хуульчдын хэлж байгаагаар ашиг сонирхлын
зөрчил, албан ту­шаалаа ашигласан этгээдүүдэд ха­риуцлага тооцох эрх
зүйн орчин хан­галтгүйгээс төрөл саднаараа хуй­валдан гэмт хэргийн ул
мөр балласан хуульчдыг торгохоос өөрөөр шийт­гэх боломжгүй аж. Тиймээс
сонирх­лын тухай хуулийг батлах учиртайг Нийслэлийн шүүхийн шүүгч
Б.Бат­цэрэн жишээ болгон ярьсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж