Им Ёнжа: Монгол орныг сэтгэл догдлон хайрладаг

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Им Ёнжа: Монгол орныг сэтгэл догдлон хайрладаг

“Би солонгос хүн учраас өөрийн эх орондоо хайртай. Бас энэ хайр шигээр Монгол эх орныг сэтгэл догдлон хайрладаг” гэж Сөүлд болсон “Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт Бага хурлын нээлтэд хатагтай Им Ёнжа хэлж байлаа. Монгол, Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэгийн (KOMEX) тэргүүн түүний санаачилга, Төрийн бус байгууллагынх нь нэр дор зохиогдсон ажил их. УИХ-ын сүүлчийн сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр шархадсан хүүхдүүдийг хөл дээр нь босгохын тулд хөрөнгө хүчээ зарж, БНСУ-д эмчлүүлсэн иргэний үйлс гээд Монголын төр, засгийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр барагдахгүй гэвэл давуудуулсан болохгүй байх.


Түүний үг шиг л “Монголд хайртай…” гэх халуунаас халуухан хандлага БНСУ-ын төр засгийн өндөр дээд түвшинд ихээс иххэн байсан ч эрдэс баялгийн ашиглалтыг дагасан хоёр орны харилцааны тухай чимээ сураг элдвээр хэлэгдэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгч И Мён Багийн Монгол Улсад айлчлах эсэх тов өндийн босч, цуцлагдах нь ч эдийн засгийн сонирхол хийгээд ашигт малтмалын салбартай хамгийн их холбоотой. БНСУ дэлхийд тэргүүлэгч гангийн үйлдвэртээ зориулан Монголын “Таван толгой”-д санаархах. Үнэндээ мөнгөтэй улс орнуудын хэзээ ч өөрсдөдөө өрсөлдөгч бэлдэхгүйн тул хэзээ ч Монгол Улсад боловсруулах үйлдвэр байгуулахгүй үнэнийг гуйвуулан “Удахгүй үүцээ задална…” гэхчилэн ард түмнээ хошгируулах төр, засагт БНСУ хичнээхэн найдах билээ гэмээр. Ядахад, “Монголд боловсруулах үйлдвэр бариад үзээрэй…” гэж БНСУ-ыг сүрдүүлэх Хятад “ах”-ын Өвөр Монголын нутгаас коксжсон нүүрсний ордууд дуу дуугаа аван нээгдээд байхад. Хятад “ах”-ын өөдөөс цөстэйхэн загнавал хэдхэн хоногийн өмнөх аюултай буудалцааны талбар Ёнпён арлын үлгэрийг үзэх БНСУ-д адаглаад хичнээн монголчууд сурч, ажиллаж амьдарч байгаа билээ дээ. Ганцхан Монголд л коксжсон нүүрс байдаг юм шиг бодох юм гэж зандармаар ийм л цаг үеийн салхитай өнөө жил Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиосон билээ. Монголын ардчилсан хувьсгал эрийн цээнд хүрсэн тэгш онтой нас чацуу дипломат харилцаа тогтсоны “төрсөн өдөр” буюу 2010 он.

Дипломат харилцааны тэмдэглэлт ойн жил шувтарч байгаа энэ үед БНСУ-д суралцаж буй залуу докторант, магистрантууд судалгааны салбарынхаа оролцоогоор хоёр улсын хамтын хөгжлийн шийдэл хэрхэн буйг хайсан Бага хурал Сөүл хотноо болсон юм. Тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д.Гэрэлийн шууд дэмжлэг болон Сөүл, Пусан хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консулын газартай хамтран зохион байгуулсан Бага хурлын илтгэлүүдийг харвал аль ч чиглэлийн хэнбэгуай ч ашигт малтмалын салбарыг онцлолгүй өнгөрсөнгүй. Англи, солонгос хэлнээ өрнөсөн Бага хуралд “Гүүгл Кореа корпорацийн совтвер инженер Б.Баттулга, GES компанид инженер А.Одгэрэл, Шинхан банкны төлөвлөлтийн хэлтэст ажиллаж буй П.Батжаргал, БНСУ-ын Хөрөнгийн биржид ажиллаж буй Р.Жавхлант, Солонгосын үндэсний судалгааны санд ажиллаж буй Э.Норов, Солонгосын шүүхийн орчуулагч С.Отгонбаяр, СМОХ-ны тэргүүн Сөүлийн үндэсний их сургуульд докторант С.Сүх-Очир болон Ёнсей, Күүгмин их сургуулийн магистрант Д.Отгонбаатар, Х.Бадамлянхуа нарын тус бүрийн судалж, суралцаж буй чиглэлээрээ илтгэснээс харахад эрдэс баялгийн ашиглалт нь Монгол Улсын ирээдүйг бүтээх аль ч салбарын хөгжлийн чигтэй хамгийн их хамаатай байлаа. Бага хурлыг нээсэн Элчин сайд Д.Гэрэл “Дипломат харилцаа тогтсоноос хойш хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбар болон хамтын ажиллагааны хөгжлийн үндэс болсон ойлголцол, итгэлцэл улам бүр гүнзгийрсэн цаг хугацаа байлаа. Улс орны сүр хүчийг хүн амын их бага, газар нутгийн том жижиг биш эрдэм, ухаан тодорхойлох болсон. Итгэл тээх, хөгжилд хөтлөх эрдэм чадлын төлөө мэрийхийг залуучууддаа хүсэх байна…” хэмээн хоёр улсын хамтын ажиллагааны талаар зарим нэг статистик баримтуудыг танилцуулсан юм.


Р.Жавхлантын илтгэлд “Дараагийн таван жилд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 26 тэрбум ам.доллар босгох шаардлагаа хангахын тулд Монголын Засгийн газар худалдан авагчын гэрээгээр барьцаалан хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд төслийн санхүүжүүлэлтийн нэг хэсэг дотоод, гадаадын бирж дээр давхар бүртгэлтэйгээр хөрөнгө босгох магадлал өндөртэй болж байна…” гэж дурдаж байв. С.Сүх-Очирийн илтгэлд “Ашигт малтмалын томоохон сав газар болох Монгол Улсад 5000 гаруй хайгуул, ашиглалтын лиценз олгогдоод байгаа бол 3000 нь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хэсгүүдэд харъяалагдаж байна. Хятадаас улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрөөс гадна хувь хүмүүс ч олон зуун мянган ам.долларыг ашигт малтмалын хайгуул, олборлолтод зориулж нэг орны хэт давамгайлсан эрүүл бус хандлага байгаа нь бодьтой болоод удлаа. Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын дотор БНСУ бага хувь эзэлж байгааг өөрчилж, эдний томоохон корпораци, улсын байгууллагуудын олон зуун сая ам.долларыг татах хэрэгтэй…” гэхчилэн дүгнэлтээ баримтуудад үндэслэн танилцуулав. С.Отгонбаяр, Д.Отгонбаатар нарын илтгэлд БНСУ Засгийн газрын тэтгэлэг олгох хөтөлбөрөөрөө олон орны залуусыг шилдэг их сургуулиуддаа суралцуулж байгаа болон Ерөнхийлөгч Ну Мү Хёны айлчлалын дараа Засгийн газрын тэтгэлэг хүртэх Монгол оюутны тоо жилд тав байсан дүн 20 хүртэл өссөн баримтыг дурдаад “Монгол Улс газрын баялгаараа асар их нөөц ирээдүйтэй болон товойн гарч ирж байгаа ч гагцхүү ийм гадаад нөөц бололцооноос илүү чухал нь тэрхүү баялгыг ашиглаж, бүр их үнэ цэнийг үйлдвэрлэлд бий болгох чадварлаг боловсон хүчин бэлтгэх буюу хүний нөөцийн сүлжээ үүсгэх явдал тулгамдаж байна. Өдгөө УИХ-ын гишүүд ОХУ-д 30, Германд тав, Англи, Японд дөрөв, Америкт гурав бусад эх орондоо боловсрол эзэмшжээ. Дээр дурдсанчлан БНСУ-аас Монголын боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байгаа нь харьцангуй залуу хэдий ч Монгол Улсын нийгэмд гүн гүнзгий харилцаа бий болгох боловсон хүчний сүлжээг бий болгох талд илүү анхаарах нь чухал байгаа юм…” гэж байлаа. А.Одгэрэл, Б.Баттулга нар илтгэлээрээ “БНСУ-ын Самсунг, Элжи, Хёндэй группууд ирэх 20 жилийн төлөвлөгөөндөө байгаль орчинд ээлтэй нар, саохи, цөмийн эрчим хүчний үүсгүүр, цахилгаан хөдөлгүүрт автомашин, эмнэлгийн оношлогооны багаж төхөөрөмж зэрэгт хөрөнгө оруулах, судалгаа шинжилгээ хийхийгээ хэдийнэ зарласан. Энэ бүтээн байгуулалтад хэрэгцээт газрын ховор элементийн хангалтын тул БНСУ нь өөрийн техник технологийг ашиглан судалгааны түвшинд тусгай гэрээ байгуулан олборлолт явуулж, цаашилбал энэ салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг Монгол Улсад байгуулан шинэ технологи бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах нь чухал байна” гэлээ.


Бага хурлын нээлтэд л БНСУ-ын Үндэсний ассемблейн Эдийн засгийн байнгын хорооны дарга, БНСУ Монголын парламентын холбооны дарга Жон Жан Сонь “Монголын залуу докторант, магистрантуудын зохион байгуулж байгаа ажил цаг үеээ оллоо. Ийм арга хэмжээ зохион байгуулах санаа миний бодолд байсан хэдий ч ажил хэрэг болгож чадахгүй явсаныг мэдсэн мэт бодит үйл хэрэг болгосонд баяртай байна. Цаашид уламжлуулан явуулах талд дэмжлэг, чиглэл тавих үүрэг надад үлдсэн шиг байна…” гэж хэлсэн. Тийн үнэлсэн Үндэсний ассемблейн гишүүн ноён Жон Жан Соньд баярлалаа. Төрөлх эх орныхоо ирээдүйг өдгөө “хоолноос нь хороон” байж суралцаж буй улсын эдийн засаг, соёл, хөгжилтэй уялдуулан хурдан урагшлуулах гарц, шийдлээ илтгэсэн залуу эрдэмтдийн санаачилга уламжлан үргэлжилвэл далайд дусал дүйх дамжиггүй.

Сэтгүүлч Б.Хажидмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж