Дэгийн хуулийг түдгэлзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Дэгийн хуулийг түдгэлзүүлнэ

Үндсэн хуулийн Цэцийн өнөөдөр дунд суудлаараа хуралдлаа. Түүгээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт,  хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.
Хуралдаанаас гаргасан шийдвэрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Үндсэн хуулийн Цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд … танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулсан, мөн хуулиар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулах журам тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулсан байна гэж үзжээ.
Харин “Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсон Цэцийн аль нэгэн гишүүн Цэцийн дүгнэлтийг зөвхөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргалаа.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтын “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр боллоо.
УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг 2010 оны хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжлахаар болсон байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж