АН сонгуулийн хуулийг яаравчлуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

АН сонгуулийн хуулийг яаравчлуулна

-Сонгуулийн хуулийн төслийг танай намын бүлэг хэлэлцэж байна уу?

-УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь маш тодорхой байгаа. Ажлын хэсэг ажиллаад ерөнхий зүйл дээр ойлголцолд хүрсэн. Ойлголцоогүй ганц хоёр асуудлаар УИХ дахь олонхийн бүлэг байр сууриа илэрхийлэхийг хүлээж байна. УИХ дахь олонхийн бүлэг тодорхой шийдвэр гаргасны дараа бид энэ асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Үүний дараа ажлын хэсгийн саналаар дамжуулаад Төрийн байгуулалтын байнгын хороо, цаашлаад УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байгаа.

-Намын бүлгүүд нэгнийхээ байр суу­рийг хүлээсээр УИХ-ын 2012 оны сонгууль дөхлөө. Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ?

-Манай намын бүлэг УИХ-ын намрын чуулганд багтааж хэлэлцэх байр суурьтай байгаа. Болж өгвөл энэ сардаа юм уу, ирэх нэгдүгээр сард багтаагаад хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байгаа.

-Юун дээр ойлголцохгүй байгаа юм бэ?

-Сонгуулийн холимог тогтолцоог сонгоно гэдэг дээр тогтсон. Харин холимог тогтолцоон доторхи санал өгөх асуудал дээр өөр байр суурьтай байгаа. Манай намын бүлэг ерөнхийдөө улс төрийн намын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх гэдэг утгаараа нам дугуйлж, нэр дэвшигчдийн жагсаалтаас УИХ-ын гишүүд сонгогдох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсэг дээр гарсан зөрүүтэй санал нь хүмүүсийн нэр дугуйлна гэж байгаа. Манай бүлэг үүн дээр Дорж гэдэг хүнийг дугуйлсны төлөө Дондог гэдэг хүн УИХ-д орж ирэх нь Үндсэн хуулийн цэцэд хүрэх асуудал болно гэж үзэж байгаа. Ер нь дэлхийн улс орнуудад сонгуулийн пропорциональ тогтолцооны үндсэн зарчим бол намыг сонгодог. Намыг сонгосноор парламентын гишүүд нь орж ирдэг. Энэ үндсэн зарчмыг манай намын бүлэг дэмжиж байгаа. Түүнээс биш аль нэг хувь хүнд өгсөн саналаар өөр нэг хувь хүн УИХ-д орох нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж