Эрчим хүчний зохицуулах газар Хэвлэлийн хүрээлэн хамтран эрчим хүчний үнэ цэнийн талаарх цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт Дулааны III цахилгаан станцад цахилгаан, дулааныг хэрхэн үйлдвэрлэдгийг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тус компани нь 2001 оноос хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 961.3 сая төгрөг, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-аас 5.2 тэрбум төгрөгийн авлагатай ажиллаж байгааг тэргүүн дэд захирал Б.Ганбаатар нь хэлж байлаа. “Багануур” ХК-д өргүйгээр ажиллаж байсан ч 2008 оноос цахилгаан борлуулалт нь муудсанаар дахин өрөнд орсон аж. Одоогоор 1.9 тэрбум төгрөгийн өртэй учир нөөцөд байх ёстой 45 хоногийн нүүрсний ердөө 15 хоногийнхныг “Багануур” ХК хангаж байгаа гэсэн. Гэвч ямар нэгэн гэнэтийн гамшиг тохиолдохгүй л бол нүүрс тасралтгүй авч байгаа үед энэ нь асуудал биш хэмээн үйлдвэрийн дарга Л.Нямаа ярьсан юм. Өр, авлагаа тэглэж, техник технологио шинэчилж чадахгүй байгаа учир цахилгааны үнийг чөлөөлөх саналыг УИХ-д гаргаад байгаагаа хэлж байсан. Станц 1968 онд ашиглалтад орсон цагаасаа 1990 он хүртэл техник технолгийн шинэчлэл хийгээгүйгээс болж алдагдалтай ажиллаж иржээ. Харин 1990 оноос хойш Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар 52 сая ам.долларын шинэчлэлт хийсэн байна. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчдын дутагдалд ороод байгаагаа удирдлагууд нь учирласан юм. Тус станц нь ажилчдыг бэлтгэн гаргах бааз болж хувираад байгаа аж. Мэргэжлийн ажилчдаа мэргэшүүлж дуусах үед нь уул уурхайн томоохон компаниуд “үнэ цохиж” авсаар энэ жил л гэхэд 43 ажилтнаа алдсан байна. Станцад цахилгаан, дулаан үйлдвэрлэхийн тулд эхлээд Багануураас ирсэн нүүрсийг “Чингэлэг хөмрөгч”-өөр буулгана. Энэ төхөөрөмж ердөө л 2-3 секундын дотор нэг чингэлэгтэй 65 тонн нүүрсийг бутлах цех рүү очиход бэлэн болгож байлаа. Бутлах цехэд нунтаглагдсан нүүрсийг тасралтгүй эргэлдэх канверээр зуухан цехэд хүргэнэ. Энд канверийн хэсгээс зуухтай холбогдсон хоолойнуудаар дамжуулан өндөр даралтын хүчээр нүүрсийг зууханд хийхэд цахилгаан, дулааны “түүхий эд” болох уурыг үйлдвэрлэн гаргах аж. Энэ бүх үйл ажиллагааг удирдах шийтний хэсгээс инженер техникийн ажилчид нь зохицуулдаг. Бүх ажил нь автомат хэдий ч тоног төхөөрөмж нь хуучирсан учир ихээхэн алдагдалтай ажиллаж эхэлжээ. Тухайлбал, цехээс гаргасан уурыг цахилгаан, дулаан болгон хувиргаж дамжуулах болон түгээх компаниудад шилжүүлдэг турбины цех нь л гэхэд ашиглалтын хугацаа нь хэтэрснээс болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрсэн гэв. Тиймээс өвөл бүх хүчин чадлаа дулаан үйлдвэрлэхэд зарцуулснаар цахилгааны үйлдвэрлэл тасалдаж байгаа хэмээж байлаа.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин