Сэлэнгэд бэлчээрийн даац хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд бэлчээрийн даац хэтэрчээ

Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд малчид олноор нүүдэллэн ирэх болсноор бэлчээрийн даац хэрээс хэтэрчээ. Тодруулбал, 700 мянган толгой мал бэлчээрлэх даацтай нутагт одоо 1.5 сая толгой мал өвөлжиж буй. Төрөөс мал бүхий иргэдийн нүүдлийг хязгаарлах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй бол газар тариаланг хөгжүүлэхэд бэрхшээлтэй болсны зэрэгцээ  малчин, тариаланч хоёрын дунд зөрчил үүсч эхэлсэн байна. Энэ асуудлыг “Атрын III аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцсон Сэлэнгэ аймгийн Засаг дарга хэллээ. Мөн тариаланчдын хувьд хүсэн хүлээж байгаа зүйл нь НӨАТ-аас чөлөөлөгдөх явдал. Бүтээгдэхүүний борлуулалт тутамдаа НӨАТ төлж байгаа нь санхүүгийн хувьд бие даан хөгжихөд бэрхшээлтэй учруулж буй гэнэ. Аяны хүрээнд тариаланчдыг өнгөрсөн хугацаанд урт хугацаат зээлд хамруулсны хүчинд тус аймгийн газар тариалан эрхэлдэг компаниуд техник технологийнхоо 50 орчим хувьд шинэчлэл хийж чаджээ. Үлдэж байгаа техник технологийг шинэчлэхэд төр мөн урт хугацаат зээлээ үргэлжлүүлэн олгох шаардлагатай. Ингэснээр ургацын чанар сайжирч, га талбайгаас авах ургацын хэмжээ 2010 оныхоос ч өснө гэж үзэж байна.

Төв аймаг 81 мянган тонн ургац хураажээ

Газар тариалангийн хоёр дахь гол бүс нутаг болох Төв аймгийнхны хувьд жилд 200 мянган га-д тариалалт хийдэг байсан оргил үедээ хүрэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ хэмжээнд хүрэхэд тариаланчдын нөр их хөдөлмөр зүтгэл шаардлагатайн зэрэгцээ төрийн дэмжлэг ч чухал. Тиймээс аймгийн Засаг даргаараа дамжуулан “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх хүсэлтийг тавиад байгаа юм. Мөн тус аймаг өнгөрч буй гурван жилийн хугацаанд өрнөсөн аяны хүрээнд чамлахааргүй үр дүнд хүрчээ. Тухайлбал, 2007 онд 23 мянган га талбайд тариалалт хийж байсан бол 2010 онд 50 мянган га талбайд тариалалт хийж, тэр хэрээр ургацын хэмжээ өссөн. Энэ оны хувьд 81 мянган тонн ургац хураасан байна. Түүнчлэн тус аймаг ирэх гурван жилд хүнсний ногооны үрийг 100 хувь шинэчлэх зорилт тавьсан. Усалгаатай газар тариалангийн га талбайг нэмэгдүүлнэ гэж төлөвлөжээ.

Увс чацаргана тариалалтаа нэмэгдүүлнэ

“Атрын III аян” өнгөрсөн хугацаанд төвийн бүс нутагт эрчимтэй өрнөснөөс баруун бүс нутаг үндсэндээ орхигдсон тул энэ аяныг ирэх оноос тус бүсэд зарлахыг Увс аймгийн Засаг дарга хүслээ. Атрын аянг зарлахад Увс аймагт тариалалтын талбай хангалттай байгаагаас гадна хүн хүч, боловсон хүчний нөөц ч хангалттай бэлтгэгдсэн. Гол нь төр техникийн туслалцаа үзүүлэх шаардлагатай. Дэлхийн зэрлэг чацарганы 40 хувь Увсад байдаг. Зэрлэг чацарганыг хамгаалах арга хэмжээг төр мөн авах шаардлагатай. Түүнчлэн тус аймаг газар тариаланг хөгжүүлэхдээ байгалийн цас бороог ашиглах бололцоо бүрэн бий. Үүнд төр анхаарч, тодорхой дэмжлэг үзүүлэх нь чухал. Жилийн дөрвөн улиралд 4000-5000 км-ын өндрөөс урсан орж ирж байгаа усыг цөөрөм байгуулан түүнд хурааж газар тариалан эрхлэхэд ашиглах нь усны нөөцийг хэмнэх бололцоог олгоно. Мөн тус аймгийн хувьд өвс хадлан тэжээлээр аймгаа 100 хувь бүрэн хангасны зэрэгцээ Баян-Өлгий аймгийг бас хангаж эхэлсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж