Дэлхийн санхүүгийн дилерүүд тонн зэсийн үнэ 9000 ам.доллар давсныг зарлахтай зэрэгцэн Москва IPO гаргахыг зөвшөөрснөө монголчуудад дуулгав. Үүнийгээ тэд “Москвагийн тунхаглал” хэмээн нэрлэж байна. Оюутолгой, Тавантолгойн орд Төв Азийн энэ газар орныг геополитикийн хамгийн сонирхолтой цэг болгосонтой зэрэгцэн оросууд дэлхийн хөрөнгийн зах зээл дээр монголчуудтай хамт тоглохоо амлалаа. Ерөнхий сайд С.Батболд тус улсад энэ сарын 13-16-нд айлчлах үест олны сонорт хамгийн тод сонсогдсон нь “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн IPO-г гаргах санаачилга байсан юм. Хоёр орны төр засгийн тэргүүнүүд өмнө нь олон удаа уулзаж, хамтарсан үйлдвэрүүдийн талаар хэлэлцдэг байсан ч Москва IPO гаргахыг зөвшөөрдөггүй байв. Харин 2006 онд баталсан “Москвагийн тунхаглал” хэмээгчид “Эрдэнэт”, “Монросцветмет” хамтарсан үйлдвэрийн чадамжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэн удирдлагыг боловсронгуй болгох, хэтийн төлөвтэй хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэхмэтчилэн ерөнхий санааг тусгачихсан байсан. Тэгвэл “Эрдэнэт”-ийн хувьцаа олон улсын зах зээл дээр хамгийн эрэлттэй нь болж, Монгол, Орос хамтран их гүрнүүдтэй үнэ хаялцах шинэ эрин удахгүй тохиох гэж байна.
Гэвч оросууд IPO-ийн үнэ цэнийг мэдэрдэггүй юү, аль эсвэл үл ойшоодог байсан уу. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалтай холбоотой мэдээлэлд барууны сэтгүүлчид ийн анализ хийхийг оролдов. Оросуудад баялаг бий. Үүнээс гадна хамтарсан үйлдвэрүүд гэж том капитал байна. Москва хотноо “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн Захирлуудын зөвлөл хуралдаж, ирэх оны төсвөө хэлэлцсэн бол Ерөнхий сайд В.Путин С.Батболдтой хөрөнгийн зах зээлд хамтран тоглох дүрмээ хэлэлцсэн юм. Тэр тусмаа дэлхийд нэр хүндтэй Хөрөнгийн бирж бүхий Англи, Америк, Канадын Төрийн тэргүүнүүдтэй IPO-оор “ярьдаг” В.Путин энэ удаад Монголын гурав дахь хүнтэй эл гурван үсгээр мэтгэлцэх нь тэр. Магадгүй, мань эр барууны хямсгар эрхмүүдтэй “Эрдэнэт”-ийн хувьцаагаар үнэ хаялцаж, чадамжийг нь сорих биз. Зэсээ барьцаалж, зээл авдаг байсан “Эрдэнэт”-ийн үнэ цэнэ Москвагаас ирсэн мэдээлэлтэй зэрэгцэн өмнөхөөсөө ч өсөв.
Их гүрний иргэн гэсэндээ багагүй түрэмгий аашилдаг оросууд тийм ч чанга хүмүүс биш. Хамтарсан үйлдвэрүүдээрээ дэнчин тавьж, дэлхийн зах зээлд өөрсдийн дүрмээр тоглох гэсэндээ сэтгэл нь хөөрсөн үү “Ростехнологи” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов Удоканы орд хэмээгч зэсээр баялаг үүцээ монголчуудад дэлгэв. Орос ноёнтны ярьж буйгаар, Удоканы ордод хэрэгжүүлж байгаа төслийг “Эрдэнэт” үйлдвэрийн ноу-хаутай уялдуулах юм гэнэ. Удокан. Зэсийн нөөцөөр Орост хамгийн том, харин дэлхийд гуравдугаарт бичигддэг энэхүү ордод эзэн суух ширүүхэн “тулаан” өнгөрсөн жилүүдэд шинэ оросуудын дунд болсон. Хөнгөнцагааны магнат Олег Дерипаска уг ордыг эзлэхийн төлөө өрсөлдсөн ч эцэст нь “Металлоинвест”-ийн хувьцааг эзэмшигч Алишер Усманов тэргүүтэй нударган ноёдод буулт хийсэн юм. Мөнгө, эрх мэдэл ханхалсан энэхүү өрсөлдөөний эцэст Забайкальскийн хязгаарын хойд хэсэгт орших Удоканы орд Алишер Усманов, Василий Анисимов, Андрей Скоч зэрэг Оросын тэрбумтнуудын мэдэлд очсон билээ. Харин энэ удаад зэсийн нөөцөөрөө гайхуулагч энэхүү орд Орос, Монголын Засгийн газрын гишүүдийн ярианы сэдэвт багтсан нь яах аргагүй онцлууштай үйл явдал. Хоёр орныг эдийн засгийн стратегийн гол түнш болох нэрийн хуудас нь “Эрдэнэт”, “Монросцветмет”+Удокан. Бас төмөр зам… Ерөнхий сайд С.Батболдын хувьд IPO-оор хөрөнгийн аль зах зээл дээр тоглохоо хэдийнэ шийдчихсэн нь тодорхой. Монголын Хөрөнгийн бирж Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон. Мөн С.Батболд сайд ОХУ-д айлчлахаасаа өмнө Америк, Канадад айлчилж хөрөнгийн зах зээлийн орчинтой нь танилцаад ирсэн билээ. Мөнхийн хөршүүдийг эдийн засгийн шинж чанартай мөнхийн эрх ашиг нь ийнхүү түүхийн шинэ хүрд эргүүлэхэд хүргэв.
Монгол орон геополитикийн холын хол замд нүүдэл хийж байна. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалыг хөндлөнгөөс ажиглавал, зөвхөн Москва, Санкт-Петербург хүрээд зогсчихсонгүй. Сибирь, Алс дорнодын өргөн уудам нутаг, бүр цаашилбал далайн чинад дахь их гүрнүүд С.Батболд, В.Путин нарын Москвад хийсэн уулзалтыг нухацтай ажиглаж байлаа. Оросууд “Үгүй” гэвэл их гүрнүүд чичирдэг, хятадууд “Тийм” гэвэл барууныхан сүрддэг цаг нэгэнт тохиосон учраас л тэр. Тиймээс стратегийн орд газруудаар баялаг хөрш орнуудын Засгийн газрын тэргүүнүүд ямар тохиролцоо хийхээс барууныхан тоглоомын дүрмээ өөрчлөх эсэхээ шийдэх байв.
Ерөнхий сайд В.Путин Хабаровскт болсон нэгэн хурлын үеэр Алс дорнодын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2020 он хүртэлх стратегийн талаар үг хэлжээ. Оросын Алс дорнод дахь сав газар гэдэг бол тус улсыг Япон, Солонгосын хойгтой холбодог гол цэг юм. Курилын аралтай холбоотой маргаан ч энэ хавиас байнга дэгддэг. Орос, япончуудын дунд олон жил үргэлжилж байгаа Курилын арлуудын тухай маргаан эгзэг нь таарвал аль нэгэн улсынх нь Төрийн тэргүүнийг огцруулж, бүр улс төрийн карьерыг нь cancel-дуулж мэдэх эмзэг сэдэв. Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр “В.Путин Монголын ураны салбарт япончуудтай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулсан атлаа яагаад бодит ажил болгохгүй байна вэ” гэх гайхшрал ажиглагчдын дунд байсан. Үүнийг зарим эх сурвалж Курилын аралтай холбон тайлбарлаж байсан бол нөгөө хэсэг нь ор тас үгүйсгэсэн юм. В.Путины тавьсан илтгэл, басхүү Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн Владивостокт хүргэх зэргээс үзвэл хоёр орон Алс дорнод дахь эдийн засгийн гол хамтрагчид болох нь тодорхой.
Төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф айлчлалын үеэр хөндсөн тулгамдсан асуудлуудын нэг байлаа. Мэргэжилтнүүдийн хэлснээр, “Оросын төмөр зам” буюу “РЖД”-ийн маркийн галт тэрэг гэж бий. Тэрхүү галт тэргээр Наушкаас Находка боомт хүртэл нэг тонн нүүрс тээвэрлэхэд 2011 онд 41.35 швейцарь франк байх юм. Уг тариф өмнө нь 31.9 швейцарь франк байснаа ийн өсөх болсон нь ирэх жилийн коэффициент нь 0.8, 0.56 болсонтой холбоотой аж. “РЖД”-ийн маркийн галт тэргээс гадна хувийн эзэмшлийн галт тэрэг гэж байх. Үүгээр Наушкаас Находка боомт хүртэл нэг тонн нүүрс тээвэрлэхэд 37.36 швейцарь франк төлдөг. Харин Наушкаас Владивосток хүртэл нүүрс тээвэрлэхэд тонн тутамд нь 40.28 швейцарь франк төлдөг юм байна. Гэхдээ Монгол, Оросын тал төмөр замын ачаа тээвэрлэлтийн тарифын талаар эцэслэх тохиролцоогүй. Ирэх жилийн эхний улиралд буюу шинэ төмөр зам барихаас өмнөхөн оросууд барьцаа зөөлрүүлэх эсэх нь тодорхой болно.
Сапсан. Оросын төмөр замын хөгжлийн гол имиж болсон энэхүү суман галт тэрэг, бас В.Путинтэй холбоотой нэгэн түүх бий. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Германы канцлер Герхард Шредертэй 2005 онд уулзжээ. Уулзалтын гол зорилго нь Оросын дэд бүтцийн салбарт технологийн хувьсгал хийх явдал байсан юм. Тийм ч учраас “РЖД”-ийн ерөнхийлөгч асан Геннадий Фадеев, Siemens группийн ерөнхийлөгч Ханс Шаберт нарыг байлцуулан цагт 300 километр хурдтай суман галт тэргийг 1.5 тэрбум еврогоор Орост нийлүүлэх гэрээг байгуулсан түүхтэй. Гэвч оросууд Германы талтай энэ талаар хэд, хэдэн удаа хэлэлцсэний эцэст дээрх тоог 600 сая евро болтол нь бууруулж чаджээ. Москва-Санкт-Петербург, Москва-Нижний Новгород хүртэл өртөөлөн хурдлах “Сапсан”-ыг Казань, Самар, Сочи, Курск хүргэх төлөвлөгөө оросуудад бий. Харин үүний дараа Новосибирск, Красноярск, Омск, Киев, Крым, Адлер хүргэх боломжийг судалж байгаа юм байна.
Ерөнхий сайд Санкт-Петербург хүртэл юуны учир “Сапсан”-аар зорчив. Түүнд Улаанбаатарыг Бээжинтэй хурдан галт тэргээр холбох бодол бий. Хятад улс Монголын эдийн засгийн гол түнш учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сапсан” шиг эдийг суурилуулчихвал ямар бол” хэмээн сонирхож, суман галт тэргийг зориуд сонгосон нь энэ. Ерөнхий сайдын, бас хамт явсан багийнхных нь сонирхож буй өөр нэгэн зүйл бол хийн хоолой. С.Батболд сайд үүнийгээ ил тод хэлсэн. “Эрхүү мужид Ковыктинскийн байгалийн хийн нөөцийг олборлох ажлын явцыг бид ажиглаж байна. Тус бүс нутгаас хий дамжуулах хоолойг Монгол Улсаар дамжуулах сонирхол бий. Энэ нь Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж, экологийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна Хятадад транзитаар хий экспортлох боломжийг нээнэ гэж үзэж байна” гэж. Засгийн газрын зарим гишүүний хувьд “Москва хот агаарын бохирдолгүй байгаагийн гол нууц нь хийн хоолойтой холбоотой” хэмээж байсан юм. Ямартай ч Ерөнхий сайд С.Батболд Орост айлчлахдаа “Сапсан” адил асуудлыг хурдан шийдвэрлэж, бас шийдвэрлүүлж чадлаа. Харин Монгол, Оросын эдийн засгийн харилцаа бүс нутгийн хөгжлийг суман галт тэрэг адил хурдлуулах л үлдэв. Монголчууд өмнө нь аливаа асуудлыг шийдэхдээ Москвагийн цагийг хардаг байсан бол оросууд энэ удаад Монголын эдийн засгийн цагийг харгалздаг болжээ.
С.БАТТУЛГА
"Улс төрийн тойм" сонин