Оросууд өртэй улсад зээл өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Оросууд өртэй улсад зээл өгөхгүй

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бү­рэн эрхт Элчин сайд Д.Идэвх­тэнг “Ярилцах танхим”-даа Москва хотноо урьж ярилц­лаа.

-“Монгол Улс Орост төлөх өргүй боллоо” хэмээн оргилуун дарс буудуулах цаг одоо л жинхэнэ утгаар тохиолоо” гэцгээж байна. Их өрийн үлдэгдлийг шийдвэрлэх тухайд хоёр тал хэлэлцээрийн ширээний ард олон ч удаа суусан. Оросууд эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө монголчуудад ямар сануулга өгөв?

-ЗХУ, БНМАУ гэж байх үед манай улсаас тус улсад тавьсан хүсэлтийн дагуу хуучнаар Зөвлөлт засгаас 11 тэрбум шилжих рубльтэй тэнцэхүйц зээл, тусламж үзүүлсэн. Тухайн үед Монголд жонш олборлодог Оросын хөрөнгө оруулалттай “Монросцветмет” нэгдлийн дүрмийн санг байгуулах санхүүгийн боломж манай улсад байгаагүй учраас оросуудаас 160 сая орчим рублийн зээл авч байж л дээ. Ингээд хоёр тал тус нэгдлийн хувьцааг 50:50 хувиар эзэмших болсон түүхтэй. Гэхдээ монголчуудын зүгээс оросуудад төлөх ёстой байсан энэ мөнгийг 2003 онд их өрийн үндсэн том хэсгийг шийдэх үед хамтад нь тооцоогүй. Тийм учраас ОХУ-ын “Внешэконом” банкинд монголчуудын зээлсэн мөнгө хүүтэйгээ бичээстэй байсан юм. Үүнийг эцэслэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон.

-Зайлшгүй шаардлага гэдэг нь чухам юу вэ?

-ОХУ-ын Төрийн Дум “Өртэй улсад зээл, тусламж олгохгүй” гэж хуульчилсан. Тийм учраас их өрийн жижиг үлдэгдлийн талаар хоёр тал 2-3 жил хэлэлцсэний эцэст сая шийдвэрлэлээ. Энэхүү багахан хэмжээний өрийг Монголын эдийн засагт дарамтгүйгээр шийдэж чадлаа. Ингэснээр Монгол, Оросын эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм. Учир нь манай улс тус улсад өргүй болсон учраас зээл, тусламж авах, хамтарч бизнес эрхлэх боломж бүрдэж байна. Их өрийн үлдэгдлийг эцэслэн шийдвэрлэхэд Монголын банк, санхүүгийн байгууллагынхан, ОХУ дахь Монголын Элчин сайдын яамныхан ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллалаа.   

-Их өрийн үлдэгдлээс гадна өөр нэгэн зүйлийг танаас онцолж сонирхъё. Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет”-ийн зөвлөлийн хурал хаалганы цаана хэр халуухан болж өнгөрсөн бэ?

-Хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн Захирлуудын зөвлөл Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалтай давхцаж хуралдсан. Миний хувьд, Ерөнхий сайдын айлчлалын үндсэн ажилд оролцсон учраас зөвлөлүүдийн хуралд байлцаж чадаагүй. Тиймээс дээрх арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг одоохондоо аваагүй байна. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путинтэй ярилцсан гол сэдэв дотор  “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг шинээр эрэлхийлье” гэсэн сэдэв чухал байр суурь эзэлсэн. “Улаанбаатар төмөр зам”-ын тухайд, 1949 оны гэрээг шинэчлэх боломжийг авч үзье. Дүрмийн санг нь өргөтгөж, техник, технологийг нь сайжруулъя. Хүмүүсийг нь сургая” гэх мэт асуудлуудыг ярилцсан. “Эрдэнэт”, “Монросцветмет” дэх Оросын талын хувь нийлүүлэгчдийг удирдлагаар хангаж буй “Ростехнологи” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов “Хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд удирдлагын механизмыг нь зөв тогтооё. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах боломжийг судалъя” гэсэн санал дэвшүүллээ.

-Оросууд “Дорнод-Уран” ком­панийн 49 ху­вийг эзэмших болсонтой зэрэгцэн тус улсын хэвлэлүүд “Атомредметзолото” кор­по­раци Канад, Австралийн уул уурхайн зарим компанийн 51-100 хувийг эзэмшихээр тохиролцсон ту­хай мэдээллээ. Гэхдээ хойд хөршийнхөн Монголын ураны салбарт гуравдагч хөр­шүүдээс юугаа­раа илүүрхэж чадах вэ?

-Хоёр орны уламжлалт сайн харилцаа үүнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Гэвч оросуудын сонирхож байгаа, бас манайхны зүгээс “Оросуудтай хамтаръя” хэмээн санал болгосон ураны ордын талаар онцолж ярих зүйл бий.
Учир нь Дорнод, Гурванбулагийн ураны ордод хуучнаар ЗХУ-ын үед хайгуул, судалгаа хийж, уран олборлох ерөнхий нөхцөлийг нь бүрдүүлэн барилга, байгууламжийн ажлуудыг хийчихсэн. Тиймээс уг ордыг ашиглахад хоёр орны сонирхол давхцаж байгаа юм. Үүнээс гадна ОХУ цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч гүрэн. Ялангуяа боловсруулсан уранаа энхийн зорилгоор эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах чиглэлээр ихээхэн туршлагатай. “Оросын атомын цахилгаан станцууд аюул осол хамгийн багатай” гэж өөрсдөө ч ярьдаг. Гэхдээ ураны салбарт ОХУ-тай хамтран ажиллана гэдэг бол бусад улстай хамтарч ажиллахгүй гэсэн үг биш байх. Японы өндөр технологи анхаарал татаж байна. Дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн үйл ажиллагаа явуулдаг Францын “Арева” групп гэж бий. Хятад улс ч мөн ялгаагүй. Тус улсад цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр хүчирхэгжиж буй ирээдүйтэй компаниуд байдаг.

-Цөмийн хаягдал бол яах аргагүй анхаарал татах сэдэв. Боловсруулсан ураныхаа хаягдлыг хэрхэн агуулах талаар хоёр тал юу гэж тохиролцсон бол?

-Одоохондоо уран боловсруулах тухай л ярилцаж байна шүү дээ. Ураны хүдрээс баяжуулсан уран гаргаж авах, үйлдвэрлэлд ашиглах, хаягдлыг хаана яаж боловсруулахаа цаашид ярилцана. Энэ удаагийн хэлэлцээрээр цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээс гарч буй цацраг идэвхт бодис хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд ярилцаагүй.

-Стратегийн орд газруудад түшиглэн барих төмөр замын ажилд оросууд давуу эрхтэй оролцоно. Тиймээс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэвэл манай улсад тарифын ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Нарийнсухайтын орд газраас олборлосон эрдэс баялгийг төмөр замаар тээвэрлэн гадагш экспортолно. Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Чойбалсан, Чойбалсангаас Эрээнцав, түүнээс цааш Дорнод Сибирийн төмөр замтай шинэ төмөр замаа холбож, бүтээгдэхүүн тээвэрлэх талаар ид хөндөж байна. Төмөр замаа ингэж барьж чадвал Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ далайн боомтод хүргэх, тэр тусмаа Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад борлуулах боломжтой. Гэхдээ үүнд төмөр замын тээврийн үнэ өртөг онцгой чухал. Тийм учраас манай улсын тал “Төмөр замын тээврийн тарифыг олон жил тогтвортой мөрдөх тухай гэрээ байгуулъя” гэдэг санал тавьсан. Үүнийг оросууд ойлгож хүлээн авч “Энэ чиглэлээр судалгаа хийе. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газар хоорондын гэрээний төслийг бэлтгэе” гэлээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Тяньжин боомт хүргэх, Алс дорнод, Владивосток орчим дахь боомтод хүргэх хоёрын зайн зөрүү нь дөрөв дахин их. Тэгэхээр тийм хэмжээний зөрүүтэй, хөнгөлөлттэй нөхцөл бүхий тарифтай болохгүй бол ачаа тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар дутагдана гэж үзэж байгаа.

-Монголд шатахуун түгээх 100 станц барих тухай “Роснефть” компанийн хүсэлттэй холбоотой дуулиан хэдэн жилийн өмнө дэгдсэнийг та санаж байгаа байх. Ерөнхий сайд С.Батболдыг тус улсад айлчлах үеэр оросууд энэ асуудлыг дахин хөндөв үү?

-УИХ “ОХУ-ын саналыг хүлээн авах боломжгүй” хэмээн 2007 онд шийдвэрлэж байсан. Түүнээс хойш шатахуун түгээх 100 станцын талаар оросууд дахин хөндөөгүй. Миний хувьд, жижиглэн худалдаалах цэгүүдээ гадаадын компаниудад өгөөд хэрэггүй гэж боддог. Монголын үндэсний компаниуд нефтийн бүтээгдэхүүнээ бөөний үнээр импортолж, жижиглэн худалдаалах ажлаа өөрсдөө зохицуулдаг байх нь зөв. Тэгээд ч манай улсад нефть боловсруулах боломж ойрын үед бүрдчих байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гадаадын компаниудтай хамтран нефтийн хайгуул хийж байна. Үүний үр дүнд нефтийн нөөц бүхий орд газруудыг илрүүлж, бүтээгдэхүүн олборлож байгаа. Олборлосон нефтийн 50 хувийг манайхан дотооддоо боловсруулах боломж бүрдлээ. Тиймээс ОХУ болон аль нэгэн улсын нефть борлуулах, жижиглэн худалдаалах цэгүүдийг Монголын нутаг дэвсгэрт байгуулах нь зохимжгүй байх.

-Гэхдээ монголчууд “No” гэсэн тохиолдолд оросууд хариу бойкот үзүүлэхгүй гэж үү?

-Олон улсын харилцаанд тийм байдлаар бойкот үзүүлэх, тэр тусмаа Орос, Монгол Улс бие биенээ эдийн засгийн хувьд хааж, боох үзэгдэл байхгүй. Манай хоёр орны хооронд зарчмын зөрүүтэй асуудал алга. Харин уламжлалт сайн харилцаагаа шинэ агуулгаар баяжуулж байна. Тэгээд ч Орос, Монголын ард түмэн нэг нэгэндээ элгэмсүү дотно ханддаг шүү дээ.

-“УИХ-ын гишүүд улсын төсвөөс тус бүр нэг тэрбум төгрөг хүртчихлээ” гэж саяхныг хүртэл шуугисан. ОХУ-ын Төрийн Думын депутатууд тойрог тус бүртээ жилд хэчнээн рубль тусгуулдаг юм бол?

-Улсын төсвөөс тойрог бүрт мөнгө хуваарилдаг. Гишүүдэд өөрсдөд нь өгдөггүй шүү дээ. УИХ-ын гишүүд энэ талаар тухайн аймгийнхаа иргэдийн хурал, удирдлагуудтай ярьж тохиролцон орон нутгийн хөгжил, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулдаг механизм манай улсад бүрдсэн. Үүнийг би “Буруу юм байна” гэж ойлгохгүй байгаа. ОХУ манайхаас арай өөр тогтолцоотой. Төрийн Думын сонгуулиа пропорциональ тогтолцоогоор явуулдаг. Санал хураалтыг намуудын нэрээр явуулж, намууд нь хүмүүсээ Төрийн Думын депутат болгодог юм. Тийм учраас Төрийн Думын депутатууд тойрог тус бүртээ мөнгө хуваарилуулах гэж тэгтлээ их чармайдаггүй. Өөрөөр хэлбэл, Думын депутатууд өөрсдийнхөө тойрогт мөнгө тусгуулдаг туршлага байхгүй.
       
-ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэх талаар олон жил ярьж байна. Энэ асуудлыг олон жилийн туршид шийдэж чадаагүйн гол шалтгаан юу вэ?

-Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсч буй орнууд дотоод зах зээлээ бусад улсын өмнө нээлттэй болгодог. Өөрөөр хэлбэл, бусад улсын бараа, бүтээгдэхүүн тухайн орны зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломжтой болно. Үүнээс гадна тус байгууллагад шинээр элссэн орны бараа, бүтээгдэхүүн хилийн чинадад мөн л хөнгөлөлттэй нөхцөлөөр, саад бэрхшээл багатайхан шиг хүрдэг. ОХУ нэг хэсэгтээ дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын түгээмэл нөхцөлүүдийг хүлээж аваагүй юм. Харин одоо Оросын үйлдвэрүүд сэргэж, дотоод зах зээл өргөжиж, бүтээгдэхүүнийх нь хэмжээ нэмэгдэж байна. Ер нь нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Тийм учраас оросууд “Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх боломжтой” гэж үзэж байгаа. Тэгээд ч ОХУ-ыг тус байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжихгүй гэж буй орон маш цөөхөн. Их гүрнүүд “Орос орон Дэлхийн худалдааны байгууллагад элсч, зах зээлээ нээх ёстой” гэж үзэж байна шүү дээ. ОХУ шийдвэрээ гаргачихвал тус улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх нөхцөл бүрдсэн. Ерөнхий сайд В.Путин Ерөнхий сайд С.Батболдтой уулзах үеэрээ “Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх болно” гэж мэдэгдлээ. Үнэхээр ч хөрш орон маань тус байгууллагад элсвэл Монголын бараа, бүтээгдэхүүнийг Орост худалдах, экспортын татвар багатайгаар нэвтрүүлэх боломжтой.

-Аль ч улсад ажилгүйдэл, ядуурал, бас инфляци түгшүүрийн дохио өгдөг. Орост эдгээр үзүүлэлт ямар байна вэ?

-Тус улсын хэвлэлүүдэд өнгөрсөн онд “Инфляци нэлээд өндөр хувьтай байна. Хоёр оронтой тоонд дөхлөө” гэж бичиж байсан. Харин ОХУ-ын Засгийн газар инфляцийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, тэдний мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, мөнгөн орлого нь худалдан авах бодитой чадвар болоход онцгой анхаарч ажиллалаа. Иргэдийнхээ цалингийн дундаж хэмжээг өсгөж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбараа төсвөөс зориуд дэмжсэн. Тийм учраас эдийн засгийн хямралтай байсан ч гэсэн Оросын ард түмэнд инфляцийн дарамт харьцангуй бага байсан гэж болно. Ажилгүйдлийн тухайд, ОХУ чөлөөт зах зээлийн орон. Энэ том гүрэнд ажил идэвхтэй хайж байгаа л бол ажлын байр олдоно. Уул уурхай ихээхэн хөгжиж, нийгмийн үйлчилгээний салбарт орон тоо нэмэгдэж байна. Тийм учраас тус улсад “Ажилгүйдэл их байна” гэж ярихаас илүү “Ажиллах хүчин дутагдаж байна” гэх яриа давамгайлж байна. Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар орнуудын иргэд Орост ирж суурьшин барилга, нийтийн үйлчилгээ, худалдааны салбарт ажлын байртай болж байна.

-Төрийн албан хаагчдын дундаж цалин сард 15 мянган рубль байдаг гэсэн үү?

-Үгүй ээ, арай өрөөсгөл тоо байна. Эндхийн ажилчдын цалин, мөнгөн орлого байнга нэмэгдэж байгаа. ОХУ-ын Засгийн га­зар иргэдийнхээ цалинг нэмэ­хийн зэрэгцээ гол бараа, бү­тээгдэхүүнүүдийнхээ үнийг хянаж чаддаг. Тухайл­бал, энэ онд “Ургац хураал­тын хэмжээ буурах нь” гэсэн мэдээлэл гарангуут будаа, гурил, гурилан бү­тээгдэхүүний үнийг хянаж, дамын үнийг гааруулахгүй байх шийдвэр гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлж, иргэ­дээ инфляциас хамгаалж ча­даж байна. Тэгээд ч орос иргэдийн цалин янз бүр. Бүс нутгуудад 14-15 мянган рублийн цалин авдаг хүмүүс ч бий. Түүнээс их буюу 30-40 мянган рублийн цалинтай нь ч байх. Ер нь Оросын Засгийн газар иргэддээ хандсан эдийн засгийн бодлогыг хангалттай хэрэгжүүлж байна.

-Оросууд ам.доллар биш, еврог илүүд үзэж, төлбөр, тооцоонд ашиглах болжээ. Яагаад ийм сонголт хийх болов?

-Оросын зах зээлд рубль гол үүрэг гүйцэтгэдэг хэвээ­рээ. Гадаад төлбөр, тооцоонд ам.доллар, еврогийн аль, алиныг хэрэглэдэг. Гэхдээ оросууд Европын орнуудтай төлбөр, тооцоогоо еврогоор хийж байна. Харин бусад улс оронтой ам.доллараар тооцоо хийдэг. Тийм учраас еврод илүү ач холбогдол өгч байгаа мэт харагдаж магадгүй.

-Ерөнхий сайд С.Бат­болдыг ОХУ-д айлчлахын өмнөхөн, бас айлчлах үеэр Москвад хоёр ч удаа үймээн гарлаа. Ер нь тус хот хэр эмх замбараатай, тайван орчин бэ. Та энд ажиллаж, амьдраад багагүй хугацааг өнгөрүүллээ шүү дээ?
 
-Москва хот бол олон зуун жилийн түүхтэй том гүрний нийслэл. Тус хотод хүмүүс амгалан тайван амьдрах бо­ломжтой. Нийт 13-14 сая хүн амтай. ОХУ-ын хүн амын 16-17 хувь нь Москвад төвлөрсөн гэж ярьдаг. Тус хотод залуус ажиллаж, сурах боломж, нөх­цөлийг сайтар бүрдүүлсэн. Тийм учраас тус улсад су­ралцаж буй монгол залуус “Москвад суралцахсан. Тус хо­тын их, дээд сургуульд элсэх юмсан. Москвад шилжин суралцъя” гэсэн тэмүүлэлтэй байдаг. Үүнээс гадна тус хотыг хүнсний аюулгүй байд­лыг бүрэн хангасан га­зар гэж болно. Мэдээж хэ­рэг, энд таагүй зүйлс мэр сэр бий. Хамгийн наад зах нь автомашины бөглөрөл ихтэй. Нийгэм нь харьцангуй чөлөөт учраас хэт үндсэрхэг үзэлтнүүд орос бус иргэдэд хатуу ширүүн хандах явдал  гаргадаг. Гэхдээ энэ нь тийм ч түгээмэл үзэгдэл биш. Хааяа л гардаг. Түүнээс биш Москва хот амгалан тайван, ОХУ-ын санхүүгийн томоохон төв шүү дээ.

-ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны төсөв хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Монгол Улсын Засгийн газар гадаад орнууд дахь Элчин сайдын яамддаа ихээхэн анхаардаг. Тийм учр­аас тө­сөв мөнгө хүрэлцээгүй байх, мөнгө санхүүгээр дутаг­дах яв­дал гардаггүй. Тө­вөөс тө­сөвлөж ирүүлсэн мөнгө­нүүдийг зориулалтын дагуу буюу дулаан, цахилгаан, ца­лин зэрэгт зарцуулж байна. Ерөнхийдөө Монгол Улсын төрөөс даалгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл, боломжтойгоор бид үйл ажил­лагаагаа явуулж байна даа.

-Таны хувьд хойд хөршид эх орноо төлөөлөн суугаа 25 дахь Элчин сайд. Хоёр орны хооронд шийдлээ хүлээж буй ямар асуудлууд байна вэ?

-Манай орон хойд ба өмнөд гэсэн хоёр хөрштэй. Хөрш орнуудтайгаа өргөн харилцаатай байхыг байнга эрмэлздэг учраас дээд түвш­ний айлчлалуудыг тогтмол хийдэг. Ерөнхий сайд С.Бат­болд ОХУ-д айлчиллаа. Мон­гол Төрийн тэргүүн маань ирэх жил тус улсад дээд хэмжээний айлчлал хийх байх гэж төсөөлж байгаа. Аливаа айлчлал хоёр орны харилцаанд чанарын ахиц гаргаж, эрч хүч өгсөн үйл явдал болдог. Үүнээс гадна Монгол, Оро­сын иргэд, бизнесийн бай­гууллагуудын харилцаанд ирэх жил нэлээд ахиц гарах байх. Хоёр улсын хамтарсан Ажил хэргийн зөвлөл хэмээх төрийн бус байгууллагыг сая­хан байгуулсан. Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд бизнесийн салбарынхан гол нөлөөг үзүүлдэг. Ажил хэр­гийн зөвлөлийн үйл ажил­лагааг Элчин сайдын яамны­ хан маань дэмжиж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!  

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж