Байнгын хороодын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 09.30 цагаас хуралдаж, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх юм байна. Мөн Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр дүн сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг сонсох юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн дээрх цагт хуралдаж, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Хятад улс хоорондын гэрээний төсөл зөвшилцөж,  санал дүгнэлтээ АБГББХ-д хүргүүлнэ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ.

Үдээс хойш буюу 14.30 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж