Тариаланчид НӨАТ-аас чөлөөлөгдөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Тариаланчид НӨАТ-аас чөлөөлөгдөхийг хүслээ

Атар газар эзэмших “хөдөлгөөн” түүхэндээ Монгол Улсад гурав дахь удаагаа
өрнөсний хамгийн сүүлийнхийг С.Баярын тэргүүлсэн Засгийн газар
эхлүүлсэн бөгөөд гурван жилийн хугацаатай зарласан атрын аяны үр дүнгийн
талаар “Атрын III аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн үндэсний
зөвлөл өчигдөр авч хэлэлцлээ.

Аяны хүрээнд энэ онд 366.3 мянган
тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169 мянган тонн төмс,
90.3 мянган тонн хүнсний ногоо, 5000 тонн арвай, 3.1 мянган тонн овъёос,
538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин
будаа, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Тодруулж хэлбэл,
Монгол Улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны
53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн
юм.               
      
Харин ургац хураалтын дүнг анх
хөтөлбөр хэрэгжсэн 2007 онтой харьцуулахад үр тариа 251.7 мянга, төмс
55.4 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9
мянган тонноор нэмэгдсэн. Мөн аяны хүрээнд 6000 гаруй механикжуулагч,
ногоочин ажлын байртай болж, техник, технологийн дэвшилд шинэчлэл
нэвтэрсэн. Усалгаатай тариалангийн талбай 34 мянган га-д хүрсэн. Үр дүнд
нь нэгжээс хурааж авсан ургацын хэмжээ улсын дунджаар үр тарианд
13.9-16 цн, төмс, хүнсний ногоонд 122.2-138.4 цн-т хүрч томоохон үр дүн
дагуулжээ.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр
ирэх жилүүдэд усалгаатай газар тариалангийн талбайг нийт тариалалтын
талбайн 50 хувьд хүргэх, ингэснээр байгалийн хараат бус байдлаас
ангижирна. Мөн тариалангийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Дотоодод
үйлдвэрлэсэн буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг татварын
хөнгөлөлтөөр дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх. Импортын буудай, төмс
хүнсний ногооны гаалийн албан татварын хувь хэмжээг уян хатан тогтоох,
шаардлагатай үед өөрчилж байх эрхийг гүйцэтгэх засаглалд олгох эрх зүйн
үндсийг бүрдүүлэх.

Хүнсний баталгаат байдлыг сайжруулах, газар
тариалангийн салбарын эрдсэл даах чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд
тариалангийн даатгалын оновчтой хэлбэр, системийг бий болгох, уул
уурхайн салбараас олж байгаа ашигийн тодорхой хувийг газар тариалангийн
салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх. Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг
хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох
эрхийг Засгийн газарт олгох асуудлыг шийдвэрлүүлж, тариалангийн талбай,
ургацыг малаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах. Өндөр хүчин чадлын
техникийн шинэчлэлийг үргэлжүүлэх, буудай хадгалах агуулах элеваторын
хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Энэхүү
хуралдаанд Ерөнхий сайд С.Бат­болд, Сангийн сайд С.Баярцогт нар
оролцлоо. Мөн Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Төв, Ховд, Говь-Алтай зэрэг нийт
есөн аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нар оролцож,
тариаланчдын санал хүсэлтийг дамжуулсан юм.
Тариаланчдын хувьд
НӨАТ-аас чөлөө­лүүлэх хүсэлт амин чухал аж. Нэг тонн улаан буудай тутамд
төрөөс 50-80 мянган төгрөгийн урамшууллыг олгож ирсэн ч өнөөхөөс нь
тодорхой хувийг дээрх хуулийн хүрээнд буцаагаад татчихдаг. Нэг үгээр
хэлбэл, өнөөх нь урамшуулал гэж хэлэхэд бэрх. Нөгөөтэйгүүр, Сэлэнгийн
тариаланчид захаасаа НӨАТ-аа төлөөгүй гэдэг үндэслэлээр шүүхийн хаалга
татаж эхэлжээ.

Гэтэл 2006 оны тухай хуульд газар тариалан
эрхлэгчид НӨАТ төлнө гэсэн хатуу заалт байдаггүй. Орлого бүрдүүлэх дайнд
мордсон татварынхан түүнийг тариаланчдаас авч л байж сална гэдэг. Эл
асуудлыг газар тариалан эрхлэгчид олон жилийн турш Засгийн газарт тавьж
ирсэн ч өнөө хэр нь шийдлийг олоогүй, тиймээс нэн даруй шийдвэрлэх
шаардлагатай тухай Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж хэлэв.

Харин
Сангийн сайд С.Баярцогт “НӨАТ-ын тухай хуулийг Засгийн газар
боловсруулан, гурван ч удаа авч хэлэлцсэн. Анхны өргөн барьсан төсөлд
зөвхөн эх орны хөрсөнд ургуулсан жимс, буудайг НӨАТ-аас чөлөөлөхөөр
оруулж ирсэн ч, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот
байгуулалтын яамны зүгээс шинэ төмөр зам барих зорилгоор мөн зарим
төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлүүлэх заалтыг нэмж оруулснаар
хүрээ нь өргөжчихсөн. УИХ-д энэхүү хуулийн төслийг нэн даруй өргөн
мэдүүлнэ, хэлэлцэж эхлэхэд эсэргүүцэлтэй тулж болзошгүй учраас аймгийн
Засаг дарга нар тойргийнхоо гишүүдтэй энэ талаар ярилцаж, дэмжүүлэх ая
талыг бодоорой” гэсэн лоббиг хийгээд амжлаа. Тиймээс эл төсөл УИХ-аар
хэлэлцэгдэх шатанд нэлээд хурцхан асуудал үүсгэх бололтой.

Түүнчлэн
Засгийн газар ирэх жилүүдэд усалгаатай газар тариаланг нийт тариалалтын
талбайн 50 хувьд хүргэхээр зорьсон нь сайхан ч, мянгуужингийн үлгэр
болж хувирч болзошгүй. Учир нь усалгаатай газар тариалан эрхлэгчдээс
усны татвар авахаар уул уурхайн компаниудаас авах усны татвар төлөх
хуультай цуг оруулчихаж. Үүнд Хүнс хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд
Т.Бадамжунай “Усалгаатай тариаланд усны татвар ногдуулах тухай асуудал
Засгийн газрын хуралдаанд хоёр ч удаа орж ирсэн. Гэхдээ тариаланчдад
хүндрэл учруулахгүйгээр, чөлөөлөхөөр болсон гэж би хувьдаа ойлгосон. Энэ
асуудлыг дахиж нягталъя” гэв. Ямар ч байсан Засаг дарга нарын хэлснээр
бол атрын аян үр дүнгээ өгч, гэхдээ үр дүнгээ өглөө гээд Засгийн газар
хаячихаж болохгүй. Хэрвээ дэмжлэгээ зогсоовол одоогийн амжилт нуран
унана. Тиймээс цаашид үргэлжлүүлэх шаардлага байгааг онцлон дуулгалаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж