-Нийслэлийн 134 цэгээс дээж авч шинжилгээ хийхэд хөрсний бохирдлын хэмжээ ихэссэн гэсэн дүн гарчээ-
Шинжлэх ухааны акедемийн Газарзүйн хүрээлэнгээс “Хотын хөрсний бохирдолын судалгааг” энэ сард хийж дууссан байна. Энэ судалгаагаар нийтдээ 134 цэгээс дээж авч шинжилгээ хийн нийслэлийн хөрсний бохирдлыг хүнд металын, нянгийн, органик гэж ангилан судалжээ. Ингээд хөрсийг хамгийн ихээр хатуу хог хаягдал, хүнд металууд бохирдуулж байна гэж дүгнэжээ. Уг судалгааны талаар Шинжлэх ухааны акедемийн Газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын хүрээлнгийн дарга О.Батхишигтэй ярилцсан юм.
-Судалгаагаар ямар төрлийн бохирдол ихээр илэрсэн бэ?
-Бид нийслэлийн эргэн тойрны 134 цэгээс дээж авч судалгаа хийлээ. Үүнд хүнд металын бохирдол ихээр илэрлээ. Хүнд металын бохирдолд хүнцэл, кадми, хар тугалга зэрэг хүний биед хор нөлөө үзүүлдэг бодисууд багтдаг. Жишээ нь, хар тугалганы агууламж дунджаар 57мг/кг, хром 66мг/кг буюу 2008 оны төвшнөөс ихэссэн байна. Нийслэлийн Баянбүрд орчмын автомашин засварын орчимд хар тугалга 2413мг/кг буюу байх ёстой хэмжээнээс 24 хувиар их байгаа юм. Автомашины төвлөрөл ихтэй Сүхбаатар дүүргийн хөрсөн дэх хар тугалганы дундаж хэмжээ 132мг/кг буюу хүлцэх агууламжаас их байна. Авто засварын газартай орчмын хөрсөнд нефть бүтээгдэхүүн дунджаар 13,8 хувь буюу стандартаас 68,8 дахин илүү байна. Харин мөнгөн усны дундаж агууламж 2008 оныг бодвол багассан үзүүлэлт гарсан. Ер нь бол химийн элементүүд хөрсөнд энгийн хэмжээгээр байдаг.
-Хөрсний бохирдолд хүнд метал давамгайлж байна гэлээ. Хотын аль хэсэгт хамгийн их бохирдолтой байна вэ?
-Хүнд металын бохирдолт нь нэг газар төвлөрсөн байдлаар биш, энд тэнд алаг цоог тархалттай. Ерөнхийдөө ийм төрлийн бохирдол ихсэх хандлагатай байна. Жишээ нь, арьс ширний үйлдвэр, автомашин засварын газар, гэр хороололд ихэвчлэн илэрсэн. Үйлдвэрлэлтэй холбоотой бага зэрэг бохирдол байгаа. Гэхдээ зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой орчмын ариун цэврийг сахиж мөрдөж ажиллаж байгаа газрууд бас байгаа.
-Хүнд металаас гадна өөр ямар бохирдол давамгайлж байна вэ?
-Нянгийн болон органик бохирдол давамгайлж байгаа. Нийслэлчүүд хаа дуртай газраа бие засч байгаагаас органик бохирдол буюу шивтэр их байна. Хаа сайгүй бие засч, хог хаяж байгаа иргэдээ хуулийн дагуу торгож хэвших хэрэгтэй байна. Аливаа хөгжилтэй улс орон цэвэр орчинг бүрдүүлж чаддаг учраас хөгждөг гэж би ойлгодог. Манайд хууль нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаа нь л гол асуулт болоод байна.
-Монгол Улсад тодорхойлох боломжгүй метал илэрсэн гэсэн. Энэ нь ямар хор нөлөөтэй вэ?
-Манайд тодорхойлох боломжгүй бензпирен, диоксин /хуванцар шатаахад ялгардаг/, зэрэгийг судлах шаардлагатай байгаа. Энэ нь химийн хортой элементэд ордог хүнд металууд юм. Манайх одоохондоо тогтоох багаж лабортори байхгүй учраас эдгээр металиудыг илрүүлэх боломжгүй.
-Бохирдсон хөрсийг дахин сэргээж болох уу. Нэгэнт бохирдсон хөрсийг яах ёстой вэ?
-Хөрсний бохирдол тархдаг учраас хөрсийг нөхөн сэргээх боломжгүй байдаг. Тиймээс бохирдохоос нь өмнө тогтмол хяналт, ажиглалт хийх, бохирдлыг хянах мониторонгийн цэгүүдийг байгуулж жилд хоёроос доошгүй удаа дээж авч шинжилгээ хийж байх шаардлагатай байна.
-Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийг 2003 онд баталж 2004 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон. Хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж та сая хэлсэн. Хуулинд бол уг нь тодорхой хариуцлага тооцох механизмыг заасан байдаг биз дээ?
-Энэ хуулийн зургаагийн 22,4,1-т “зориулалтын бус газар хог хаягдал хаясан иргэнийг 10000-15000 төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгож учирсан хохирлыг арилгуулах” гэсэн байдаг. Мөн 22,4,3-т “хог хаягдал хадгалах зориулалтын бус газар ниймийн эдэлбэрийн газарт нийлэг уут, сав, бохь, тамхины иш хаясан иргэнийг 1000-10000 төгрөгөөр торгох” гэх мэт заалтууд байгаа. Гэвч өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй, дагаж мөрдөж байгаад гол асуудал байна. Яагаад ажилгүй олон иргэдийг энэ ажилд татан оролцуулж болохгүй гэж. Тэднийг торгуулийнх нь тодорхой хувиар цалинжуулаад ажиллуулж болно шүү дээ. Ингэвэл ажлын байр нэмэгдэхээс гадна нь эрүүл хоггүй орчинд амьдрах боломж бүрдүүлнэ. Ийм боломжийг зохих шатны хүмүүс нь харж үзэх шаардлагатай байна.
-Хөрсний бохирдлоос яаж хамгаалах вэ. Үүнд иргэдийн оролцоо их чухал байх?
-Гэр хорооллын дүүргүүдийн айлууд хаа дуртай газраа хогоо хаяж, бохирын усаа хаа сайгүй асгаж жалга нүх сүв бүрийг хогоор дүүргэж байна. Үүнийг таслах зогсоохыг хүн бүрт ухамсарлан ойлгуулах хэрэгтэй байна. Мөн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулинд “сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хуулиар тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагч ажилуулах, Олон нийтийн байцаагч ажиллуулж мөнгөн урамшуулал олгож болно” гэж заасан байдаг. Тиймээс дүүргийнхээ ажилгүй иргэдийг байцаагч болгож тухайн торгуулиас хувиар цалинжуулж дүүргээ цэвэр байлгаж иргэдээ ч ажилтай болгох нөхцөлийг холбогдох хүмүүс нь хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ. Ийм эрх нь байхад жалга дов бүр хогоор замбараагүй байдлыг арилгаж болно шүү дээ.
Ш.Оюунчимэг