Ам.долларын ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш буурчээ

Ам.доллар хямдарч, төгрөг чангарсан өдрүүд үргэлжилсээр. Валютын ханш цаашид ч улам буурсаар байх төлөвтэй. Шинэ жилийн баяр дөхөхөөр ам.долларын ханш хөдөлдөг жамтай. Харин энэ жилийн тухайд нөхцөл байдал арай өөр. Уул уурхайг дагаад хөрөнгө оруулалтын хэмжээ ихэссэн нь энэ онд ам.долларын ханшийг сулруулах болсон. Ам.доллар ийн хямдарч төгрөгийн ханш чангарахыг эдийн засагчид сайн эсвэл муу гэсэн эсрэг тэсрэг дүгнэлт хэлдэг. Гэхдээ иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөөтэй нь мэдээж. Харин доллараар хийгддэг худалдааны татварт төвлөрөх мөнгө багасч, улсын нэгдсэн төвийн орлого буурах талтай.

“Найман шарга” захад өчигдөр ам.долларыг 1238-1240 төгрөгөөр аваад 1248-1250-иар зарж байна. Харин Төв банк 1240,29 төгрөг гэж тогтоожээ. Энэ дашрамд бусад валютын ханшийг сонирхуулахад, валютын захад юанийг 185 төгрөгөөр аваад 190, еврог 1630 төгрөгөөр аваад 1660-аар зарж байсан бол паундыг 1920 төгрөөр аваад 1970-аар зарж байлаа. Түүнчлэн рублийг 39 төгрөгөөр аваад 39,70, иенийг 15 төгрөгөөр аваад 15,50-иар зарж, БНСУ-ын воныг 1,08 төгрөгөөр авч 1,12 оор зарж байсан юм.

Төв банкнаас ам.долларын ханшид огцом өөрчлөлт гаргах­гүй байх үүднээс валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг. Зах зээл дээр байгаа илүүдэл ам.долларыг Төв банк худалдан авч, эсвэл хомсдсон үед мөн дуудлага худалдаагаар дамжуулан гаргадаг. Ихэнх дуудалага худалдаагаар арил­жааны банкууд төв банкинд ам.доллар зарж бай­сан. Харин хамгийн сүүлд өнгөр­сөн долоо хоногийн пүрэв га­ригт болсон дууд­лага худалдаагаар арил­жааны банкууд 18 сая ам.долларыг Төв банкнаас худалдан авах санал ирүүлсэн юм. Энэ нь банкуудад илүүдэл долларгүй байгааг илтгэж байгаа юм.

Тэгвэл ноён “но­гоон”-ы бай­дал жи­лийн өмнө ямар байс­ныг сонирхъё. Тэр үед нэг ам.доллар 1435,88 төгрөгийн ханштай байсан бол одоогоос таван жиийн өмнө 1227 төгрөгийн үнэтэй байжээ. Тэгэхээр ам.долларын ханш таван жилийн өмнө байсан төвшиндөө хүрсэн гэсэн үг юм. Та дараах графикаас 2005 оны арванхоёрдугаар сарын 20-ноос өчигдөр хүртэлх ханшийн хэлбэлзлийг хараарай.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж