Захиргааны хэргийн давж заалдах шүүх байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн давж заалдах шүүх байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг авч хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай болон холбогдох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулж ирснийг зарчмын хувьд дэмжжээ. Энэ талаар болон бусад хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа албан тушаалтнууд өөрийнхөө үйл ажиллагаанд ямар зарчим,  дэг жаяг,  үнэт зүйлсийг баримталж ажиллах,  ямар үед асуудалд оролцож болохгүй вэ гэдгийг тодорхой тусгаж өгчээ.  Ач холбогдлын хувьд авч үзвэл авлигатай тэмцэх, хүнд сурталтай тэмцэх, албан тушаалын хэргүүдтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгнө гэж бүлгийн гишүүд үзэн, дэмжсэн. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд бүрэн дэмжжээ. Одоогийн үйлчилж байгаа хуулиар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим зургаан шүүгчтэй.  Тэдний гурав нь давж заалдах шатны шүүх хуралд оролцоод явахаар хяналтын шат буюу хамгийн Дээд шатны шүүхийн хуралдаанд эргээд оролцож чадахгүйд хүрч,  үлдсэн гурван шүүгч нь бусад танхимын шүүгчийг дайчлах маягаар Хяналтын шатныхаа шүүхийн хурлыг гүйцэтгэхэд хүрдэг байна. Тиймээс энэхүү ажиллагаа нь  эргээд ард иргэдээс шүүх шударга байх, Захиргааны хэргүүдийг зөв шийдэж байгаа эсэх, Давж заалдах болон Хяналтын шатны шүүх ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, бие биенээсээ хамааралгүйгээр үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдгийг ямар нэг асуудалгүй болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан тул бүлэг дэмжжээ.

Харин Хөдөө аж ахуйн гаралтай бараа,  түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг концепцийн хувьд өөрчлөх шаардлагатай гэж бүлэг үзжээ.

Дээрх хуулийн төслүүдтэй холбоотой асуудлаар бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийг одоо ямар эрх зүйн заалтаар зохицуулж байна. Өргөн баригдсан хуулийн төсөлд жишээ нь нэг гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл дээр ажиллаад, өөрийнхөө талд шийдвэр гаргуулчихсан байвал ямар хариуцлага тооцох вэ?

-Одоо бол ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах гэж оролдсон хуулийн зүйл заалт энд тэнд алаг цоог туссан байгаа. Хамгийн их зохицуулах гэж оролдсон нь Төрийн албаны тухай хууль. Гэхдээ энэ хуульд ашиг сонирхлын зөрчлийн харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадаагүй. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд энэ тэнд байгаа зохицуулалтыг нэгтгэж, нэгмөр зохицуулалтад оруулах, нэгдсэн том хуулийн зохицуулалтаар энэ үйл ажиллагааг зохицуулъя гэсэн санаа орж ирсэн.  Мөн Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн үндсэн үйл ажиллагаануудыг бүлэглэж оруулж ирсэн. Энэ зохицуулалтынхаа дагуу хуулийн тодорхой санкцуудыг зааж өгсөн. Тухайлбал, хаанаас тэр асуудлыг шийдвэрлэх вэ, хаана энэ асуудлыг дэвшүүлж тавих вэ, ямар этгээдийн дагуу нэхэмжлэл тавигдах вэ, аль байгууллага ямар ямар албан тушаалтанд хариуцлага тооцох вэ гэдгийг зааж өгсөн байгаа л даа.

-Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл дээр бүлэг ямар үндэслэлээр тодорхой өөрчлөлтүүд оруулах ёстой гэж үзэв?

-Бүлгийн хувьд бирж байгуулагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хамгийн хямд үнээр, хамгийн чанартай, хамгийн зөв тогтолцоогоор хүргэх хуулийн төслийн концепци нь эргээд төрийн захиргааны том байгууллага байгуулах шинж рүүгээ орчихсон байна гэж үзсэн. Жишээ нь хөдөө аж ахуйн биржийн есөн гишүүний найм нь Засгийн газрыг төлөөлж, нэг нь зөвхөн биржээ төлөөлж орсон нь байх жишээтэй, энэ нь буруу. Төр хамгийн сайн менежер нь байж болдоггүй, бас чаддаггүй. Тийм учраас түүхий эдийг биржээр дамжуулж, худалдаалах энэ  үйл ажиллагааг илүү хуульчилсан байдлаар гаргах шаардлагатай гэж үзэн,  тодорхой саналуудыг бүлгийн гишүүд гаргасан. Энэ дагуу таван гишүүнтэй Ц.Сэдванчиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуулийн төсөлд нэлээн том концепцийн чанартай өөрчлөлтүүд хийх даалгаврыг бүлгээс авлаа. Концепцийн чанартай өөрчлөлтүүдийг эхний хэлэлцүүлгээр оруулж чадвал хуулийн төсөл батлагдана. Хэрвээ энэ концепцийг суулгахгүй гэвэл бүлэг өөрөө уг хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх тэр боломжийг бүрдүүлэхгүй байх нөхцлийг үүсгэнэ. Нэг үгээр хэлбэл,  концепцийг сайжруулсан шинэ хуулийн төсөл боловсруулах арга зам руугаа явах ёстой гэсэн саналд бүлэг нэгдсэн гэж ойлгож болно.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл юу болж байгаа вэ. Хоёр бүлэг санал нэгдсэн гэх ч зарчмын зарим нэг санал нийлэхгүй заалтууд байгаа гэх юм. Үүнд бүлэг ямар байр суурь баримталж байна вэ. Цаг алдалгүй хуулийг батлах бололцоо бий юу?

-Сонгуулийн хуультай холбоотой бүлгийн байр суурь маш тодорхой. Ажлын хэсэг ажиллаад, ганц хоёр зүйлээс бусад бүх зүйл дээр ойлголцолд хүрсэн. Ойлголцолд хүрэхгүй байгаа ганц нэг заалт дээр олонхийн бүлэг саналаа эцсийн байдлаар илэрхийлэх шаардлагатай. Эцсийн байр суурийг нь Ардчилсан намын бүлэг хүлээж байна. Олонхийн бүлэг тодорхой шийдвэр гаргасан нөхцөлд бид энэ асуудлыг эцэслэж хэлэлцээд дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд явах бололцоотой гэж үзэж байгаа. Манай бүлгийн байр суурь бол энэ хуулийг намрын чуулгандаа багтаагаад, ирэх нэгдүгээр сард багтаагаад хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Тогтолцооны хувьд тод­руул­бал?

-Холимог тогтолцоо гэдэг дээр тогтчихсон. Одоо бол холимог тогтолцоон доторх санал өгөх асуудал дотроо улстөрийн намын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх гэдэг утгаараа нам дугуйлж, нэр дэвшигчийн жагсаалтаас УИХ-ын гишүүн сонгогдох ёстой гэсэн байр суурь баримталж байгаа манай бүлэг. Харин ажлын хэсэг  хүмүүсийнхээ нэрийг дугуйлна гэж үзэж байгаа. Бүлгийн хувьд Дорж гэдэг хүний нэрийг дугуйлсныхаа төлөө Дондог гэдэг хүн орж ирэх нь өөрөө Үндсэн хуулийн зөрчлийн асуудал, Үндсэн хуулийн цэцийн асуудал болно гэж үздэг. Ер нь дэлхийн улс орнуудад сонгуулийн пропорцианаль тогтолцооны үндсэн зүйл бол намыг сонгодог. Нам сонгосноор тодорхой парламентын гишүүд нь орж ирдэг, энэ үндсэн зарчмынхаа дагуу явъя гэсэн байр суурьтай байгаа.
Аль нэг хувь хүнд өгсөн саналаар өөр нэг хувь хүн орж ирэх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа л даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж