Ардчилсан намын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Сүхбаатар аймагт зохиогдсон бүсийн чуулганы хоёрдох өдөр тус аймагт хэрэгжиж буй Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцлаа. Сүхбаатар аймагт 2009 онд 780,0 сая, 2010 онд 650,0 сая буюу нийтдээ 1,5 тэрбум төгрөгийн зээл олгогдсоноос таван чиглэлээр нийтдээ 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид зээл олгогдсон аж. Зээл авсан иргэд аж ахуйн нэгжээс 50 гаруй хувь нь шинээр үйлдвэрлэл эрхэлсэн бол 47 хувь нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бизнесээ өргөжүүлэх чиглэлд зарцуулсан аж. Хоёр жилийн зээлийн хэрэгжилтээс харвал тус аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл хэрэгжсэнээр нийт 250 орчим ажлын байр шинээр бий болсон тухай энэ үеэр танилцууллаа. Тэргүүн шадар сайд энэ үеэр Чацарганы аж ахуй , мөн цэвэр ус, жүүсний үйлдвэр Ариун цэврийн цаасны үйлдвэр болон шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станцаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Бусад аймгуудаас давуу гэж хэлж болох 2-3 жилийн дотор бүтээн байгуулалт ид өрнөж өнгө зүсээ зассан Сүхбаатар аймагт жижиг дунд үйлдвэрийн зээл ч эзнээ олж хүндээ хүрч байгаа нь энэ үеэр харагдаж байлаа. 2009 онд 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг өргөтгөж буй цэвэр ус жүүсний үйлдвэр л гэхэд цэвэр ус болоод чацарганы шүүсээр мульти жүүс үйлдвэрлэх болсонд хэрэглэгчид ам сайтай хандаж байгаа аж. Харин 50 сая төгрөгийн зээл авсан “Өнө Энхжин” аж ахуйн хувьд хоёр жилийн өмнө тарилц эхэлсэн чацарганаа арчлуулахаар шинээр найман хүн авч ажиллуулж байгаа ч 4-5 жилийн дараа ургацаа өгдөг тул үр дүн нь хараахан гараагүй. Гэхдээ говийн бүсэд анх удаа туршиж бас чамгүй арчилж буй тул хоёр жилийн дараа гэхэд чацарганы талбай хаан жимсээр шаргалтан байна гэдэгт итгэл дүүрэн байна лээ. Шингэрүүлсэн шадтаг хий цэнэглэх станцын хувьд аймагтаа мөн л анхдагч. Тоног төхөөрөмжөө авчраад шүлхийнээс болоод угсарч амжаагүй ч хорь гаруй хэрэглэгчтэй болсон тус үйлдвэр зээлээ төлөөд ашигтай байх бүрэн бололцоо бий. Хямд өртөгтэй болохоор гуанз үйлчилгээний газар төдийгүй хувь хүмүүс ч ихээхэн сонирхож байгаа. Ер нь их ирээдүйтэй салбар хэмээн ам сайтай байсан. Ямартай ч хөдөө орон нутагт төр засгийн бодлого хүндээ хүрч юм хийе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй иргэдээ дэмжиж буй энэ зээл илүү олон хүнд хүрдэг бол ажилтай орлоготой иргэд төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэж хүсч байгаагаа, зарим нэгнийх нь хувьд зээл авах хүсэл байгаа ч барьцаа тааруухан тул хамрагдаж чадахгүй байгаа талаараа ч иргэд Тэргүүн шадар сайд орон нутгийн иргэдтэй уулзах үеэр энэ сэдвийг хөндөж байгаагаас үзэхэд Жижиг дунд үйлдвэрийн зээл ихээхэн эрэлттэй байгаа нь илт байлаа.
Г.Дарь
Г.Дарь