К.Дурант – Өндөр өвлийн өвгөн

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

К.Дурант – Өндөр өвлийн өвгөн

NBA-ын одоо үеийн тод од Кевин Дурант Зул сарын баяраар бяцхан жаалуудыг баярлуулахаар шийджээ. Од тоглогч маань “Кевиний зул сар” нэртэй арга хэмжээгээ уламжлал болгон жил бүрийн зул сарын баярын үеэр Оклахома хотод төвтэй “Ситизэн Кэйрин фор Чилдрэн” буяны байгууллагатай хамтран зохион байгуулдаг юм. Энэ удаагийн түүний буянт үйлст тус хотын асрамжийн газрын хүүхдүүд хамрагдсан байна.

“Тэдний энэ жилийн Зул сарын баярыг онцгой байгаасай гэж хүссэн. Үлдсэн амьдралынхаа турш мартагдахааргүй сайхан дурсамжийг тэдэнд олгохыг бодсон. Намайг бага байхад надад NBA-ын од тоглогчидтой уулзах боломж олдож байгаагүй” гэж Кевин хэлсэн байна.

Дурант 120 хүүхдэд АйПод шаффл, Тандэр багийн логотой “Скаллканди” чихэвч, Nike-ын хувцас хэрэглэл багтсан бэлэг өгсөн байна. Мөн хүүхдийн асрамжийн газрын чөлөөт цагийн танхимд хавтгай дэлгэцтэй зурагт, Xbox 360, Wii болон видео тоглоомуудыг бэлэглэжээ.

Өнгөрсөн жил Дурант гурван хөвгүүнийг их дэлгүүр дагуулан явж бүрэн хувцасласан бөгөөд мөн 100 хүүхдэд бэлэг гардуулсан байна. Харин NBA-д элссэн эхний жилээ нэн ядуу 60 хүүхдэд хувцас, хичээлийн хэрэглэл бэлэглэж байжээ.

“Би иймэрхүү ажлыг үргэлж хийх болно. Олон арван бяцхан жаалуудын өхөөрдөм царайнд инээмсэглэл тодрохыг харах сайхан байдаг” гэж буяны үйлст тоглогч маань өөрийн санаачилсан арга хэмжээнийхээ төгсгөлд хэлсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж