Ховардын шинэ туслахууд

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Ховардын шинэ туслахууд


NBA-ын халуухан улирал үргэлжилсээр байна. Энэ жилийн буюу 2010-11 оны улирал эхэлсээр хоёр дахь солилцоо NBA-ын хүрээнд өрнөлөө. Эхний солилгоог “Нэтс-Рокетс-Лейкерс” гэсэн гурвал сэлгээний тоглогчдоо оруулан хийсэн бол энэ удаагийнх од тоглогчид хамрагдсанаараа онцлог болж байна.

Монголын цагаар ням гаригийн өглөө “Орландо Мэжик” баг хоёр багтай зэрэг солилцоо хийсэн байна. Тэд өөрсдийн түлхүүр тоглогчид болох Рашард Льюис, Винс Карте болон сэлгээнээс багтаа гол хувь нэмэр оруулдаг Микайл Питрус, Марчин Гортат нарыг явуулжээ. Энэ зунаас л солилцоонд орох нь дуулдаад байсан Гилберт Аренасыг “Вашингтон Визардс”-аас авч, түүний оронд Рашард Льюисийг өгсөн байна. Харин “Финикс Санс” багтай олон тоглогч орсон наймаа хийсэн бөгөөд Картер, Питрус, Гортат нар дээр 2011 оны драфтын эхний тойргийн эрх, гурван сая ам.доллар өгч, оронд нь “Санс”-аас Хэдо Туркоглу, Жэсон Ричардсон, Иэрл Кларк нарыг авчээ.

Вэризон ордны хувцас солих өрөөнд гар буу гаргаж, шуугиан дэгдээн шийтгүүлж байсан, мөн энэ улирлыг гэмтэлтэй эхлүүлсэн “Дэггүй залуу” Аренасын нийслэлийн багт эзлэх байр нь багассан. Учир нь тэдэнд энэ жилийн драфтын тэргүүн Жон Уолл байгаа юм. Харин жил гарангийн өмнө их мөнгөний сургаар багаа орхисон Хэдо Туркоглу төрхөмдөө буцан ирлээ. Өнгөрсөн улиралд Торонтод гавиагүй түүнийг энэ улиралд Стаудмайераа алдсан “Санс” авсан ч тэрбээр сэлгээний сэлгээ болж хувираад байсан билээ.

Энэ наймааг NBA-ын шинжээчид Двайт Ховардаа авч үлдэх гэсэн багийн бодлого гэж үзэж байна. Учир нь багийн довтолгоог чадварлаг зохион байгуулж, NBA-ын аваргын төлөө тоглоход гол үүргийг гүйцэтгэж байсан Турк залууг эргүүлэн авчирсан. “Супермэн”-ий эртнээс хүсч байсан “Агент 0”-г мөн л авчирлаа. Тэгэхээр “Мэжик”-ийн шинэ цэргүүд Ховардад багаас нь өгч байгаа зул сарын бэлэг болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж