Бизнест худлаа хэлж болдоггүй

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Бизнест худлаа хэлж болдоггүй

Л.Чинбат: Улс төрд худлаа хэлж болдог байх, бинест бол үгүй

254 лиценз эзэмшиж байгаа га талбайгаас нинжа нарын сүйтгэсэн га талбай хэдэн зуу дахин их. “Ойн сав газар болон гол мөрний ундрага дээр хайгуул болон ашигт малтмал
олборлохыг таслан зогсоох” тухай хууль өнгөрсөн жилээс хэрэгжиж
эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 254 лицензийг төр саяхан хураах шийдвэр
гаргасан. Харин үүнийг эсэргүүцсэн лицензээ төрд хураалгасан компаниудын
эзэд нэгдэж хөдөлгөөн холбоо байгуулаад байгаа юм. Тэдний нэг
“Гацуурт”ХХК- ийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-Хууль нэгэнт гараад мөрдөгдөж эхэлсэн юм чинь лицензээ хураалгахад эзэмшигчид нь хэр бэлтгэлтэй байсан бол?

-Энэ  хууль гарсан.  Гэхдээ лицензээ хураалгачихна гэсэн бодол компани
эзэмшигчдэд байгаагүй.  Тийм учраас үүнд бид ямар ч бэлтгэлгүй байсан. 
Одоо энэ хуулийн зарим заалт буруу байжээ гэдгийг олон нийт ойлгож эхлэж
байх шиг байна.

-Лиценз цуцлагдчихвал ямар үр дагавар гарах вэ?

-Хамгийн түрүүнд банк санхүүд сөргөөр нөлөөлнө. Хураагдсан лицензүүд
банкны барьцаанд байгаа. Сая ам.доллараас эхлээд 10,20 сая ам.долларын
барьцаанд бий.  Тэгхээр банкныхан лиценз хураагдах нь гэдэг сургаар
нөхөн олговорынх нь мөнгийг яаж олж авах вэ гэж бодно шүү дээ.  Гэвч
хамгийн муу үр дагавар нь банкны барьцаа тухайн компанийн өр зээл биш,
уул уурхайгаар амьдарч ирсэн үндэсний хэдэн компаниуд зуу зуугаараа
жагсаалаас гарч эхэлнэ. Тэдний ар талд 40 000 гаруй хүмүүсийн амьдрал
бий. Банк гэхээсээ илүү хамгийн эхний цохилт нь энэ. Уул уурхайн
компаниудын ажил хавар эхэлдэг учир намар нь орж ирээд гадна дотны
компаниудтай гэрээ хэлцэл хийгээд тоног төхөөрөмж сэлбэгээ захиалж
урьдчилгааг нь төлчихдөг. Гэтэл өнөө компаниуд маань танай оронд юу
болоод байна аа, захиалгыг чинь хойшлууллаа гэдэг асуудал яригдаж байгаа
юм.  Компаниудад учирч байгаа хоёр дахь хохирол тэр талаасаа гарч
ирдэг.  Нэгдүгээрт  бид банкны үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй, урьдчилгаа
өгсөн мөнгөөрөө шатна, уул уурхайн мөнгө багагүй хэмжээг эзлэж байдаг. 
Банканд байгаа зээлийн хэмжээний мөнгө ирэх жилийн сэлбэг тоног
төхөөрөмжинд явж байдаг.  Энэ нь гадаад дотоод талаасаа яригдаж эхлэх
ньтодорхой.  Лиценз цуцалчихаар тэр  компаниудад хүнд тусч байгаа юм.
Энэ компаниуд чинь том жижиг гэлтгүй  хамгийн доод тал нь 50-100 хүн
тэжээгээд явж байна. Тогтвортой 5-10 жил ажиллаад хүмүүсийн амьдралыг
аваад явна гэдэг бол богино хугацаанд амархан бүтдэг зүйл биш. 

-Лицензүүдээ төрд хураалгахын эсрэг зарим компанийн эзэд хөдөлгөнө
холбоо байгуулаад эхэлсэн гэсэн. Та нар нэгдсэнээрээ ямар асуудал гаргаж
ирж, ямар үр дүнд хүрэх юм бэ?

-Бүх компаниудын асуудал лицензийн асуудал хөндөгдсөнтэй холбогдоод
нэгдэж байгаа юм.  254 лицензийг эзэмшиж байгаа 130 гаруй компаниудын
эзэд нэгдээд уулзаж ярилцаад дотороосоо удирдах зөвлөлөө сонгоод энэ
хуулийг зөв хэрэглэх, иргэдэд зөв ойлгуулах талаас нь ажиллаж байна. 
Бид он гаргаад  цагаан сар өнгөртөл энэ асуудалд анхаарлаа чиглүүлж
ажиллья гэж шийдсэн.  Тэгэхгүй бол шинэ жилээр оны эцсийн ажлаа дүгнэх
гээд энэ асуудалд анхаарлаа хандуулах сөхөөтэй хүн алга. Тийм болохоор
тэр болтол иргэдэд зөв ойлголт өгөх асуудал дээр ажиллаж байна. Бидний
гол дэвшүүлж буй санал одоо ашиглаж байгаа лицензүүдээ нэгэнт тухайн
үедээ хуулийн хүрээнд эрхийг нь өгчихсөн юм чинь ашиглуулаад дуусчихаач
ээ. Харин шинээр олгох ашиглах лицензүүдээ  энэ хуулийн хүрээнд өгөөд
хяналтыг нь тавья. Бид дэмжье, хуулиа мөрдье гэсэн бодолтой байгаа. Энэ
хуулийн байгалиа хамгаалья гэсэн үзэл санааг бид дэмжиж байгаа.  Лиценз
эзэмшиг бид бас нэг зүйл дээр санал нэгдсэн.  Тэр нь өөрсдөдөө
шүүмжлэлтэй хандаж хариуцлагатай уул уурхай гэж байгаа бол өөрсдөөсөө
эхэлье. Социализмын үед орхигдсон ашигт малтмалын нөхөн сэргээлтийг
өөрсдөө дотороосоо хийе. Нөхөн сэргээлтээ хариуцдаг, өөрсөдтэйгээ
хариуцлага тооцдог, уул уурхай дотороо ийм замруу шилжье гэсэн санал
гаргаж байна.  Нөхөн сэргээлтийн асуудлыг зөвхөн иргэний хөдөлгөөнүүд
мөн төр бус энэ салбарынхан холбоо байгуулаад үүнийгээ хянаад явья гэсэн
асуудлыг одоо нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ашигт малтмалын тухай
хуульд ч оруулья гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулагч нартай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг
мөртлөө дотоодын компаниудтайгаа ийм гэрээг яагаад хийдэггүй юм бэ. Энэ
талаар та нарт бодогддог юм байдаг уу?

-Ер нь анх хууль санаачилж байх үедээ гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй
л гэсэн өнцөгөөс асуудалд хандсан байх.  Тэр үед дотоодын үндэсний
компаниудаа дандаа л жижиг хэвээрээ байна гэж тооцоолсон нь алдаа
байсан. Хөрөнгө оруулалт хийх асуудлыг дотоод гадаад гэж ялгалгүй
адилхан нөхцөл боломжоор хангах дараагийн үе шатруу орж болох байсан. 
Тийм учраас энэ хуулийн муу тал нь энэ

-Хуулийн дагуу компаниудын эзэмшлийн лицензийг хураадаг юм байж. Харин нинжа нарын асуудлыг яах вэ?

-Лицензүүдийг хураах шийдвэр гарсанаас хойш нинжа нар зарим компанийн
эзэмшлийн газрыг ухаад эхэлсэн байгаа. Энэ тухай олон нийтийн мэдээллийн
хэрэгсэлээр гарч л байгаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй 130 гаруй
компанитай ямар ч хэлбэрээр төр хуулийн хүрээнд хариуцлага тооцож болно.
Яагаад гэвэл бүртгэлтэй, лицензтэй, банкны барьцаан лиценз нь байж
байдаг.  Харин нинжа нартай ямар ч хариуцлага тооцох боломжгүй.  Нинжа
нарын арми чинь алт олборлож байгаа хууль ёсны компаниудаас хэдэн арав
дахин их. Дахиад ажилгүй болж байгаа хорин мянган хүнийг нэмбэл энэ арми
бүр их өснө.  Нинжа нар эвдэж сүйтгээд явхад тэднийг хянах ямар ч арга
байхгүй.  Өнөөдөр тэнд, маргааш тэнд гээд нүүгээд л ухаад л явж байдаг. 
Тэд зөвхөн газар шороог сэндийлээд зогсохгүй ой мод бүх зүйлийг
сүйтгээд л явдаг.  Ийм учраас хууль санаачилсан хүмүүсээс байгалиа
хамгаалах  л гэж байгаа бол нинжа нараас байгалиа яаж хамгаалах гэж
байгаагаа хуульдаа зааж өгөөчээ гэж хэлмээр байна. Энэ хууль дахиад л
өрөөсгөл болоод байгаа нь ийнхүү харагдаж байна.  254 лицензийн эзэмшиж
байгаа га талбайгаас нинжа нарын сүйтгэсэн га талбай хэдэн зуу дахин
их.  Иймд манай хөдөлгөөнийхөн судалгааний ажил хүртэл явуулж эхэлсэн. 
Бид хэдэн га газар ашигласан юм бэ? Хэд дээр нь нөхөн сэргээлт хйисэн юм
бэ гэдгийг гаргахаар, нөгөө талдаа нинжа нарын сүйтгэсэн га тайлбайн
хэмжээг бас гаргаж байгаа. Тэгээд харьцуулалт хийнэ. Бидний зорилго гол
нь хуулинд сайн муу аль аль талаас нь харж нэмэлт өөрчлөлт оруулаач ээ,
хууль чинь дутуу, хуумгай болоод байна гэдгийг хууль санаачлагчдад хэлэх
юм. Тийм ч учраас судалгааний баг гаргаад байна.

-Хөдөлгөөн ямар нэртэй юм бэ?

-Уул уурхайгаа аварья гэсэн нэртэй хөдөлгөөн. Олборлогчдын нэгдсэн
холбоо гэж бас бий.  Хамгийн гол нь зөв дүгнэлтэн дээр хууль
санаачлагчид ажлаасаа гэсэн санааны үндсэн дээр л ийм ажлыг хийж байна.
Түүхий хууль боловсруулчихаад баталчихаар амьдралтай нийцэхгүй, хуулийн
цоорхой үүсгээд байгаа юм. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож
судалгаан дээр нь үндэслэж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг
бид гаргаж тавья гэж бодож байна.

-Алтны компаниуд цөөрснөөр татвар төлөлт, цаашлаад улсын төсөвт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна?

-Лицензээ хураалгавал татвар төлөлтөнд хэрхэн нөлөөлөх талаар хүмүүс
хардаг.  Би бол энэ компаниудад ажиллаж ар гэрээ авч явж байгаа 40 000
мянган хүн ажилгүй болох асуудал нь татвар төлөхөөс хавьгүй том асуудал
гэж боддог.  Манай засаг төр ажилгүйдлийг бууруулаад ард түмний аж
амьдарлыг дээшлүүлье гэсэн бодлого барьдаг. Ажилгүй хүмүүсийн тоо
нэмэгдвэл татвар хэдэн төгрөг ч орж ирээд нэмэргүй.  Улсад өгч байгаа
татвар чинь төсвийнхөнийг санхүүжүүлхэд дийлэнх нь явж байна. Мэдээж энэ
олон компанийн татвар төлөлтийг судлаад нэмбэл их тоо гарна. Хураагдах
лицензүүд жилийн хураамжинд тэрбум 500- хоёр тэрбумыг төлдөг. Зөвхөн 254
лицензний хувьд шүү дээ. Дээрээс нь энэ компаниуд бүтээгдэхүүн
борлуулалтаар нь авч үзэх юм бол нэлээд том дүн гарна. Банкуудын хамгийн
том харилцагч зээлдэгч үнэнч үйлчлүүлэгчид нь уул уурхайнхан байдаг. Их
хэмжээний том зээл аваад төлдөг.  Банкны зээлийн гуравны нэгийг уул
уурхайнхан эзэлдэг. Нэг талаасаа  банкныхан хэрэглэгч үйлчлүүлэгчидээ
хамгаалж дугарах ёстой. Дугарах ч байх гэж найдаж байна.  Нефтийн
оруулалтын гуч гаруй хувийг уул уурхайн компаниуд худалдаж авдаг. Эндээс
том дүн гарах байх.

-Лиценз хураах шийдвэр гаргасан асуудлаар салбарын сайддаа хандсан уу?

-Салбарын сайдад хандаж үзээгүй л байна.  Яамныхан болохоор бид хуулиа
биелүүлж байна гэж хэлдэг.  Тэдний хувьд ингэж хэлэх нь зүйн хэрэг. 
Гэхдээ яамныханд сэтгэл дундуур зүйл их байгаа. Энэ салбарыг мэдэж
байгаа хүмүүсийн хувьд биднээс илүү асуудал дэвшүүлж төр засгийнхан
хандах ёстой байсан.

-Ерөнхий сайд энэ жилийг бизнесийг дэмжих жил болгон зарлачихаад  уул
уурхайн үндэсний хэдэн компанийнхаа амийг барих үйлдэл хийгээд байгаа нь
ямар учиртай гэж та бодож байна?

-Улс төрийнхнийг би сайн мэдэхгүй. Би тэднээс хол байдаг.  Гэхдээ улс
төрийнхөний үг ямар үед үнэн байж,ямар үед худлаа болдгийг мэдэх юм
алга.Зарчмын үүднээсээ  хүн хэлсэн бол хэлсэндээ байх ёстой..Төр,шударга
хэлсэндээ байх хэрэгтэй.Ерөнхий сайд яамны сайдаасаа эхлээд бүгдээрээ л
хэлсэн дээ л хүрэх ёстой.Тухайн үед зөвшөөрлийг нь олгочихооод нэг
хууль гаргаад тэрийгээ урдаа бариад лицензүүдийг нь хураана гэж байж
боломгүй.  Үүнийг би ойлгохгүй байгаа юм.  Улс төрчид дуртай үедээ
дуртай үгээ хэлж болдог юм шиг байгаа юм. Бизнест бол тийм зүйл байж
болохгүй. Улс төрийнхөн гадаад явахдаа нэг зүйл яриад дотоодод байхдаа
өөр зүйл хэлж болдог юм шиг байна. Бизнесийнхэн худлаа хэлэх юм бол
хөрөнгө мөнгө нь өндөр гардаг. 

-Та нар хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна. Одоо лицензүүдийг чинь хураагаад авчихвал яах вэ?

-Мэдээж төртэй тэрсэлдээд амжилтанд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой.
Ядахдаа л манай улс төрчдийн батлаж байгаа хууль нь ийм олон цоорхойтой,
үндэсэлэлгүй хууль батлагдаад хэрэгжиж эхлэх гээд байгааг ойлгуулах,
цаашдаа уул уурхайгаа түшиглэсэн орон болно гэсэн зорилго тавьж л байгаа
юм бол бодооч ээ, хүний эрхэнд халдах аа болиочээ л гэж хэлэхийг хүсэж
байна. Хамгийн гол нь хууль батлахдаа үндэслэлтэй хийгээчээ л гэж хэлж
байгаа юм. Санхүүжилттэй байсан бол бид тэмцэх л байсан.  Санхүүгийн гол
эх үүсвэрээ хураалгачихвал бидэнд мөнгө байхгүй болно. Одоо бол энэ
компаниуд хүнд цохилтонд орчихсон байгаа. Та нар бодоод үз. Дөнгөж
банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл авчихаад бэлтгэл ажлаа хийгээд ирэх
жил ажилдаа орох гэж байтал лицензийг нь хураах шийдвэр гарчихаж байна.
Зарим нь хөрсөө хуулаад дараа жил элсээ угаана гээд байж байтал ийм зүйл
болж байна.  Мөнгөнөөс илүүтэйгээр тэр хүмүүст сэтгэлзүйн дарамт хүнд
тусаж байна.  Зарим нь шоконд ороод эмнэлэгт хүртэл хэвтсэн дуулдаж
байна. Ийм хүмүүс зөндөө бий. Уул уурхайн компаниудыг энэ удаад хүнд
цохилтонд оруулчихлаа. Залгуулаад ямар салбар төрийн дарангуйлалд орох
вэ. Нөгөө ардчилалын эрх чөлөө хаана байна вэ.  За байраа ав гээд
хувьчилж өгчихөөд төр нь эргүүлээд хураагаад авчихвал яах вэ.  Энэ явдал
ингэж байгаагаас өөрцгүй. Улс орон хөгжиж буй боловч төр нь дээрэм
хийдэг хөрс нь хэвээрэй байна. Үүнд бид эмзэглэж байна.

-Саяхан банкуудыг дээрэмдсэн шиг одоо лиценз?

-Тийм хөрс энэ нийгэмд байгаад байгаа нь харамсалтай. “Бид тийм байсан
юм билээ” гэж ярих ёстой байтал өдөр бүр ийм зүйл нь давтагдаад нийгмийн
амьдралд үйлчлээд байгаа нь харамсалтай байна. 

Г.Ялгуун.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж