Беларусь улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сөрөг хүчний босогчид Засгийн газрын төв байр руу дайрчээ. Тэд цонх хагалж, хаалга эвдлэн, дотогш нэвтрэхийг оролдсон ч цагдаа нар тэднийг түрж гаргаж чадсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчийг баривчлан саатуулсан байна. Харин өөр нэгэн нэр дэвшигч гэмтжээ. Александр Лукашенког ялагчаар зарласан ч сөрөг хүчний зүгээс санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Түүнийг 79,7 хувийн санал авсан гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Ингэснээр Лукашенко дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний албыг хаших болж байгаа юм. Беларусийн хувьд сүүлийн сонгуулиудыг шударга байгаагүй гэдгийг олон улсын ажиглагчид хэлдэг юм. Гэхдээ энэ удаагийн сонгууль харьцангуй сайн болсон гэсэн байна.
Ням гаригийн оройны байдлаар дор хаяж 10 мянган босогч Минск хотын төвд цугларч, “Эрх чөлөөний төлөө”, “Лукашенко огцор” гэх мэтээр орилж байсан байна. Бослогын үеэр олон арван иргэн гэмтэж, бэртжээ. Түүнчлэн олон хүнийг баривчилсан аж.
Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Владимир Неклаев энэ үеэр гэмтсэн байна.
Э.Очирт