Монгол Улс шүлхий өвчний тархалтын эсрэг хийж байгаа ажил, үр дүнг судлах, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, үйл ажиллагаатай танилцахаар ОХУ-ын Мал эмнэлгийн алба, Мэргэжлийн хяналтын албаны хоёр мэргэжилтэн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Тэд Монгол Улсаас үхрийн мах экспортлох ажилтай холбогдуулж судалгаа хийгээд өнөөдөр буцах аж. Зарим үйлдвэрийн зооринд ОХУ руу гаргахаар үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байгаа аж. Орос улсаас ирсэн мэргэжилтнүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд аймагт судалгаа хийснээс гадна нийслэлийн “Мах импэкс”, “Мах маркет”, “Хангай хүнс” ХХК-ийн агуулахад нөөцөлсөн махны хадгалалт, гарал үүсэлтэй нь танилцжээ. Мэргэжилтнүүд судалгааны дүнгээ танилцуулсны дараа Москвагийн мал эмнэлэг, хяналтын албанаас манай улсаас үхрийн мах нийлүүлэх талаар шийдвэр гаргах аж.
С.Отгон