Биатлоны буухиад Норвегүүд аваргалав

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Биатлоны буухиад Норвегүүд аваргалав

Ванкуверийн олимпийн биатлоны тэмцээн эхнээсээ л томхон сенсаац дагуулсан. Эрэгтэйчvvдийн спринт уралдааны vед цас, бороо холилдон орж, цаг агаар огцом муудсан нь тамирчдын амжилтад шууд нөлөөлсөн гэдгийг мэдээлж байсан. Энэ удаа цаг агаарын тийм таагүй зүйл холуур байж тэмцээн сайхан болж өнгөрлөө. Ванкуверийн олимпийн биатлоны эрэгтэйчүүдийн 4×7,5 км зайн буухиа уралдаанд Норвегийн Хальвард Ханневольд, Тарьей Бе, Эмиль Хегле Свендсен болон Уле Эйнар Бьорндален нарын дөрвөлийн өмнө гишгэх хөл чанга, цэц мэргэн биатлончид байсангүй. Тэд уралдааны замаа нэг цаг 21 минут 38,1 секундын хугацаанд туулж долоон сум илүү хэрэглэсэн үзүүлэлтээр аваргалав. Харин тэднээс 38,6 секундээр хоцорч ирсэн Австричууд мөнгөн медалийн эзэн боллоо. Харамсалтай нь Австрийн баг алтан медалийн оосроос атгаад алдсан. Кристоф Зуман торгуулийн тойрог хийгээгүй бол энэ баг аваргын тавцан дээр зогсох байлаа. Хоккейчдынхоо амжилтад гундсан эх орон нэгтнүүдийнхээ сэтгэлийг сэргээн Оросын дөрвөл аваргуудаас 38,8 секундээр хоцорч нэг нэмэлт сум хэрэглэн олимпийн хүрэл медаль дээр буулаа. Тэд австрийн багаас 0,2 секундээр хоцорч ирсэн нь биатлончдын дунд өрсөлдөөн ямар хэмжээнд байсныг илтгэх биз ээ.

 Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж