Бангладешийн нийслэл Дака хотод олон зуун хөрөнгө оруулагч жагссан байна. Тэд хөрөнгийн биржүүдэд нэг хоногийн дотор асар том уналт болсоныг эсэргүүцэж байгаа аж. Хөрөнгө оруулагчид цагдаа нар руу тоосго шидэж, суулт хийсэн байна. Ням гаригт бирж нээгдэх үед арилжаа 6,72 хувиар унасан аж. Сүүлийн долоо хоногуудад тус улсын хөрөнгийн биржүүд маш тогтворгүй байгаа юм. Арванхоёрдугаар сарын 5-нд рекорд тогтоож огцом өссөн билээ. Жилийн дотор биржүүдийн индекс 80 хувиар өссөн байгаа юм. Гэтэл арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн хувьцааны үнэ огцом унаж, олон газар бослого үүссэн юм.
Дор хаяж 500 хүн цагдаа нартай мөргөлдсөн аж. Хөрөнгө оруулагчид Засгийн газар, бодлого боловсруулагчдын буруутай үйл ажиллагаанаас болж бирж дээр ийм уналт үүссэн хэмээн үзэж байгаа юм. Харин шинжээчдийн зүгээс Төв банк бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн нь ням гаригийн арилжааны уналтын гол шалтгаан болсон гэж мэдэгдэж байна.
Бодлого боловсруулагчид мөнгөний хуримтлал хийх явдалд хориг тавьж, хэт үнэлэгдэж байгаа хувьцааны үнийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа юм.
Э.Очирт