Сонгуульд ялж л байвал ямар ч үнээр хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Сонгуульд ялж л байвал ямар ч үнээр хамаагүй юу?

Монгол Улсын 2011 оны төсөв, төрийн мөнгөний бодлоготой  холбоотой зарим асуудлаар “Бүгдээрээ хэлэлцье” ТББ дараах байр суурийг илэрхийлж буй юм. Тус ТББ нь гадаад, дотоод зээл, хадгаламж түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх, үнэ, валютын ханшийн талаар иргэдийн санал, сэтгэгдлийг судалж, онолын дүгнэлт боловсруулах зорилготой-
Сүүлийн үед Төв банкыг Сангийн яамны мэдэлд өгье гэсэн асуудал олонтаа нийтлэгддэг боллоо. Түүгээр ч барахгүй 2 толгойтой байхаар Төвбанк, Сангийн яамыг нийлүүлж 1 толгойтой болгоё гэх боллоо. Байж болох л доо. Тэгэхдээ бодолдоо, улс төрийн намуудын амлалт 1,5 сая төгрөгийг иргэн бүрт хувь, хишиг хүртээхийн тулд Сангийн яам улсын төсөвт орох бүх мөнгийг шавхаад, дээр нь гадаадын байгууллагуудаас хүүтэй зээл авсан ч гэх шиг. Тэгээд ч зогсохгүй төсвийг алдагдалд оруулж, баталж байгааг ард иргэд бид хэвлэл, мэдээллээс мэдэж байгаа. Энэ талаар сонгуулийн амлалт нэхэх холбоо ч сайхан жүжиг тавьж байгаа. Энэ нь дараа, дараагийн сонгуульд сонгогч, сонгогдогчдын өмнө том сургамж болон үлдэх нь хүн бүхэнд ойлгомжтой. Нөхцөл байдал ийм байхад төрийн эрх баригч улс төрийн намууд Төв банкыг Сангийн яамаар дамжуулж, гүйцэтгэх засгийн гарт оруулан банкны мөнгөний авдрыг хоосолж, сонгуулийн амлалтаа биелүүлэх нь гарцаагүй асуудал. Төсөв нь алдагдалтайн дээр Төв банкны мөнгөний авдар хоосорвол Монгол Улс яах билээ? Дампуурах нь ойлгомжтой бус уу? Монгол түмээн!

Сонгуульд ялж байвал л ямар ч үнээр хамаагүй гэдэг нь улс төрийн намуудын гол зорилт биз дээ.
Байдал ийм болохоор, Төв банк, Сангийн яам гэсэн 2 толгойтой байвал яасан юм бэ дээ. Шинэ зүйл сэдээгүй, байсан юм байснаараа л байг гэж хуучинсаг санааг дэмжиж байна.

УИХ-ын сонгуулийн амлалтаас иргэн бүрт хувь, хишиг өгөөд эхлэхээр, ард иргэдийн маань өргөн хэрэглээний бараа болох хүнсний болон бусад бүх зүйлийн үнэ өсч, инфляцийн хувь 20 гэдэг тоонд дөхнө гэх боллоо. Тэгвэл яах вэ, амлалтын мөнгөөсөө татгалзах уу? Үгүй ээ, Төр, Засаг маань хувь, хишиг хүртээж байхад авахгүй бол аз харина биз дээ. Авахад учир бий, бэлэн бусаар, оюутны сургалтын төлбөр, хамтарч ажлын байр бий болгох гээд л олон юм сэдье, бас ч бодох юм их байна.

* * *
Юуны өмнө, Төв банкны мөнгөний бодлогыг дэмжье.
Төв банк гадаадын валюттай, үндэсний валют-төгрөгийн харьцах ханшийг чангаруулаад байна. 1 доллартай 1400 төгрөг тэнцэж байхад уг бараа хэдэн төгрөгийн үнэтэй байв. Одоо 1 доллартай 1250 төгрөг тэнцэхэд ханшийн зөрүү 150 төгрөгийг 1 доллар тутмаас хасч барааныхаа үнийг тогтоож байна уу? үгүй юу? гэдгийг бараа нэг бүрээр Төр, Засаг энэ ажлыг хариуцсан төрийн байгууллага, бусад ТББ-тай хамтран ард иргэдийнхээ төлөө ажиллаж, ханшийн өөрчлөлтийг тусгасан үнийг, бараа нэг бүрээр нийтэд мэдээлж байвал үнийн өсөлтийг харьцангуй бууруулах талтай. Төгрөгийн ханшийг цаашдаа улам чангаруулахыг хэн мэдэх билээ дээ. Төв банк төгрөгийн ханшийг чангаруулахад ханшийн өөрчлөлтийг худалдаачид үнэд тусгадаг болгох талаар журам гаргах, сургалт явуулж ч болох юм.

Үнийн өсөлтийг хязгаарлах нь Төр, Засгийн анхаарлын төвд байх нь мэдээж. Үүний тодорхой жишээ гэвэл, Япон улсаас авч байгаа буцалтгүй тусламжийн цагаан будаа юм. Энэ будаа нь манай улсын цагаан будааны жилийн хэрэгцээний 30 хувийг хангана гэж мэдээлж байна. Мөн 1кг цагаан будааны үнийг 1000-1100 төгрөгөөр тогтоовол зах зээлд цагаан будааны үнийн өсөлтийг хязгаарлах нь мэдээж.

Энэ мэтээр үнийн өсөлтийг хязгаарлах арга замыг эрж хайн, олж хэрэгжүүлснээр 2011 онд улсын төсвөөс хувь, хишиг хүртээхэд саад хийхгүй байх боломжийг бүрдүүлэх болно. Харин үнийн өсөлт-инфляцийг анхаарахгүй хаях гэсэн асуудал гарч байгаа нь буруу. Яагаад гэвэл, инфляцийг ард түмний амьдралд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

Ер нь үнийн өсөлтийг хязгаарлах арга замыг тал, талаас нь бүгдээрээ хэлэлцэж байгаа нь зөв байна гэж үзэж байна. Харин мэргэжлийн байгууллага Төв банкны байр суурийг буруутгах үндэслэл байхгүй.

Энэ бүхний үр дүнд Төв банкны хатуу бодлогын хүүг уяруулах ч боломж гарахыг үгүйсгэхгүй байгаа. Төр, Засгаас үнийн өсөлтийг хязгаарлах талаар явуулах ухаалаг уян хатан арга хэмжээний үр дүнгээс шууд шалтгаална шүү дээ. Гэхдээ түр зуурын эрх мэдэл, албан тушаал ашиглаж, мэргэжлийн бус захиргааны аргаар дарамт шахалт үзүүлэх замаар ажиллавал ажилд ямар ч үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, инфляци өсч хүү буурахгүй, монгол түмэн маань хохирно шүү.
Ер нь зээл, хадгаламжийн хүүний хэмжээг хэн нэгэн хүний хэлснээр, зохиомлоор, нэмж хасдаг зүйл огт биш. Хүүний хэмжээ нь үнийн өсөлт, бууралттай уялдан өсч, буурдаг эдийн засгийн механизм юм. Өөрөөр хэлбэл, барааны үнийн инфляцийн өсөлт нэмэх тэмдэг зааж байхад зээл, хадгаламжийн хүү буурч хасах тэмдэг заадаг нь нийгэмд муу үр дагаврыг араасаа дагуулна.
Ийм зохисгүй байдал нь хүү багатай зээл авч, үнэ нь өсч буй барааг нөөцөлж, үнийн өсөлт дээд цэгтээ хүрэхийг хүлээж байгаад өссөн үнээр нөөцөлсөн бараагаа зарж борлуулж, үнийн өсөлтийн өчүүхэн хэсгээр зээлийн хүүгээ төлж, ашиг олдог.

Хадгаламжийн хүүг бууруулахад иргэд мөнгөө буцаан авч, бараа худалдан авч нөөцлөх, энэ үед барааны хомсдол ч үүсч болох талтай. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэргээр бараажуулдаг. Энэ үед гүйлгээнд яваа мөнгөний хэмжээ нэмэгдэж, мөнгө үнэгүйдэж, инфляцийг хөөрөгддөг.

* * *
“Үнэн” сонины 2010 оны 9-р сарын 3-ны өдрийн 172 дугаарт “Банкуудын хувь нийлүүлэгчид, дүрмийн сан”-г Төв банкнаас зарлажээ. Арилжааны 14 банкны дүрмийн сан бүрт 252,1 тэрбум төгрөг байгааг, дүрмийн санд эзлэх хувийн жинг банк тус бүрээр үзвэл, 3,17-23,8 хувийн хооронд байна. Ийм дүрмийн сантай банкууд дотроос иргэдийн хадгаламж 30 гаруй хувь буюу 1 их наяд гаруй төгрөгийг татан төвлөрүүлсэн ХААН банкны дүрмийн сан нь дээрх банкуудын дүрмийн сангийн хэмжээ дөнгөж 5,1 хувь буюу 12,9 тэрбум төгрөг байна.

Олон улсын жишгээр бол дүрмийн сангийн хэмжээгээр банкуудын том, жижгийг тодорхойлдог. Тэгвэл дүрмийн сангийн хэмжээгээрээ бол ХААН банк манай улсын жижиг банкны тоонд орж байгаа боловч бүх арилжааны банкны хадгаламжийн 1/3–ээс дээш хувийг эзэлж байгаагаараа том банк гэлтэй, ойлгомжгүй болжээ.

Дүрмийн сангийн хэмжээ нь татан төвлөрүүлэх хадгаламжийн 14 хувиас багагүй байх олон улсын жишигтэй харьцуулбал, ХААН банкны дүрмийн сан нь татан төвлөрүүлсэн хадгаламжийн дөнгөж 1 хувь болж байгаагаас үзэхэд ХААН банк нь банк биш, харин ХААН Хадгаламж зээлийн хоршоо гэж нэрлэх нь зүйд нийцэх бололтой. Эсвэл банкныхаа дүрмийн сангийн дансанд шаардагдах мөнгийг яаралтай шилжүүлж, Төв банкинд бүртгүүлэх шаардлагатай болсон байна.
Дүрмийн сангийн хэмжээ, иргэдээс татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээний харьцаа нь алдагдсан, банк гэхэд хууль бус болсон ХААН банкинд Монгол улсын Нийгмийн даатгалын бүх мөнгийг төвлөрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юу? Нийгмийн даатгалын мөнгө чинь ХААН банкны муу зээл болоогүй гэж хэлэх баталгаа байна уу?

Гадаад эзэдтэй ХААН банк Монгол улсад гадаадаас, дүрмийн сангийн дансанд хөрөнгө оруулахаасаа, Монголоос гадагш нь мөнгө хүүлэх нь их болж байгаа юм биш биз дээ. Үүнийг судлах цаг болоогүй юу?
* * *
УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга банкинд хадгаламж эзэмшигч нар нь хүн амын дөнгөж 3% байгаа нь цөөн хэдэн хүний гарт мөнгө төвлөрчээ гэж мэдэгдэл хийлээ. Банк нь иргэний үнэмлэх аваагүй, 16 нас хүрээгүй хүүхдэд хадгаламжийн данс нээдэггүй тул тэдэнд хадгаламж байдаггүй. Хувийн хадгаламж нь иргэний хуулиар нууцын зэрэглэлд байдаг. Хадгаламжтай нэг хүний ард үр хүүхэд, ач зээ нарын олон хүн байдаг. Насанд хүрсэн боловч хөрөнгийг нь тусгаарлан өгөх цаг нь болоогүй хүмүүс ч олон байдаг. Ард иргэдийн хувийн хадгаламж нь гэр бүл, нэг хэсэг хүмүүсийн дундын өмч байдаг. Хадгаламжтай хүний тоогоор бус, харин мөнгөний дүнгээр нь төрөөс баталгаажуулж хуульчилсан байх гэж үзэж байна.
* * *
УИХ-аас томилогдсон Монгол банкны хяналтын зөвлөл нь Монгол Улсын 2011 оны төсөв, төрийн мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулан зохицуулах арга замын талаар санал, дүгнэлтээ Монгол банктай хамтарч гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болох ололттой, дутагдалтай зүйлийг боловсруулах ажлыг эрхэлж түүнийхээ гүйцэтгэлд хяналт тавих учиртай. Гэтэл Монгол банкны хяналтын зөвлөл нь банкинд ажиллаж байгаагүй мэргэжлийн бус хүмүүсээс бүрддэгээс төрийн мөнгөний бодлого боловсруулах ажилд оролцохгүй байгаа юм уу даа. Санаа бодлоо нэмэрлэхгүй байх шиг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын зөвлөхүүд болон ажлын албанд банкны мэргэжлийн хүмүүс огт байхгүйгээс банкны ажлыг дутуу үнэлж, улмаар Төв банкыг Сангийн яамны харъяанд шилжүүлэх тухай яриа ч гардаг боллоо.

“Бүгдээрээхэлэлцье” нийгэмд үйлчилдэг ТББ нь Монгол улсын 2011 оны төсөв, төрийн мөнгөний бодлого хэр үндэслэлтэй болсон талаар 2011 оны жилийн эцсийн статистикийн тайлан мэдээг үндэслэж судалгаа дүгнэлт хийж, дэлгэрэнгүй мэдээллийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө нийт ард иргэд, сонгогчиддоо хүргэх болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Мэдээллийг уламжилсан,

“БҮГДЭЭРЭЭХЭЛЭЛЦЬЕ” НИЙГЭМД ҮЙЛчИЛДЭГ ТББ-ЫН ТЭРГҮҮН, ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕ ДЭХ БАНК-САНХҮҮГИЙН АНХДАГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР:  Г.ЯНСАНЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж