Пийрсийн 13 дахь дараалсан хожил

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Пийрсийн 13 дахь дараалсан хожил

Рондо өнөөдөр тоглосонгүй. Гэвч оновчтой дамжуулалтын лидер тоглогчгүйгээр талбайд гарсан “Бостон Сэлтикс” багийн ахлагч Пол Пийрсийн трипл даблын ачаар 99:88 харьцаатай “Индиана Пэйсирс” багийг буулган авч, хожлын цувралаа 13 болголоо.

Рондогийн үүргийг өнөөдөр Пийрс гүйцэтгэжээ. 12 оновчтой дамжуулалт өгч, Рэй Аллэн түүн дээр зургааг нэмснээр Рондогүй хийж байгаа хоёр дахь тоглолтдоо “Сэлтикс” ялалт байгууллаа. Пийрс үүнээс гадна 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийснээр улирлын зургаа дахь, карьерын долоо дахь триплээ үзүүллээ.

Хамгийн сүүлд 2006 оны гуравдугаар сарын 8-нд дээрх үзүүлэлтийг Филаделфиагийн эсрэг хийж байсан аж.

Рондог орлон гараанд гарсан Нэйт Робинсон 18 оноо, Рэй Аллэн 17 оноог авсан бол дөрвөн тоглолт өнжөөд байсан Шакийл О’Ннил бэртлээс эргэн ирж, 11 оноогоор багийнхаа хожилд хувь нэмрээ орууллаа.

Бостоны гарааны тоглогчдоос ганцхан тоглогч 10-аас доош оноог авсан нь Гарнэтт байлаа. Ингэснээр “Сэлтикс” энэ улиралд талбай дээрээ 12-1 гэсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тэдний тоглолтын талаар Дэнни Грэйнжир хамгийн шилдэг нь хэмээн өгүүлжээ.

“Сэлтикс” хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 21-нд “Торонто Рэпторс” багт санаандгүй хожигдол хүлээсэн. Түүнээс хойшхи цуврал зогсолтгүй үргэлжилсээр. Одоо тэд Дорнод бүсэд 22 хожил, 4 хожигдолтой тэргүүн байранд бичигдэж байна. Магадгүй “Чикаго Булсс”-ын 72-10 гэсэн амжилтын араас… 
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж