Нууц баримтыг үргэлжлүүлэн дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Нууц баримтыг үргэлжлүүлэн дэлгэнэ

Шведийн хууль сахиулагчид “Викилеакс” сайтын эрхлэгч Жулиан Ассанжег хоёр охинд бэлгийн дарамт учруулж байсан хэмээн интерполоор хайж байсан билээ. Түүнийг энэ сарын 7-нд Лондонд баривчилсан юм. Ж.Ассанжег дэмжигчид энэ хооронд түүнийг суллахыг удаа дараа шаардсан. Иймээс Лондонгийн шүүх энэ сарын 17-нд суллажээ. Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр Англиас, тэр дундаа Лондон хотоос гарч болохгүй аж. Учир нь Ж.Ассанжегийн гарт хаана байгааг нь мэдээлэх бугуйвч зүүлгэсэн байна.

Тэрбээр олны өмнө мэдэгдэл хийхдээ “Би зөвхөн шударга үнэний төлөө Ирак, Афганистаны дайн, АНУ-тай холбоотой ажилладаг дипломатуудын тухай нууц баримтыг дэлгэсэн. Гэтэл Шведийн эрх баригчид үндэслэлгүй зүйлд буруутгаж байна. Энэ бол намайг болон миний сайтын үйл ажиллагааг хязгаарлах зорилготой үйлдэл. Би эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ. Мөн нууц баримтыг үргэлжлүүлэн дэлгэнэ” гэв. Мөн шоронд байх хугацаандаа өөрийг нь дэмжиж байсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Европын хэвлэлүүд “Викилеакс” сайтын эрхлэгчийн шоронд хоригдсон хугацааг “Хэвлэлийн эрх чөлөө шоронд хоригдсонтой адил байлаа” хэмээн бичсэн байна. Их Британийн “Гардиан” сонин Ж.Ассанжегийн талаар “Тэр бол хамгийн шилдэг эрхлэгч. “Викилеакс” сайт бол шилдэг сэтгүүлчдээр редакцаа бүрдүүлсэн. Тэд яг л аль нэг улсын тагнуулын алба шиг ажилладаг” хэмээжээ.

Ж.Ассанже батлан даалтаар суллагдсан нь түүнд дахин ажиллах боломжийг олгосон гэж ажиглагчид дүгнэв. Гэвч зарим эх сурвалжийн бичсэнээр сайтын эрхлэгч батлан даалтын хугацаандаа ямар нэгэн нууц баримт дэлгэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ сарын 12-нд “Викилеакс”-ын зарим ажилтан “Фэйсбүүк”, “Твиттер” сайтаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд дурьдсанаар ирэх оны нэгдүгээр сарын дундуур АНУ-тай холбоотой ажилладаг банк санхүүгийн байгууллага, тэрбумтнуудын тухай нууц баримтыг дэлгэх гэнэ.
Хэрэв энэ баримт дэлгэгдвэл 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралын гол буруутан хэн байсан нь тодорхой болох аж. Түүнчлэн Афганистанд өнгөрсөн долдугаар сард илэрсэн их хэмжээний литийн ордыг аль улс эзэмшиж байгаа нь нийтэд ил болно. Энэ бүхэнд АНУ-ын засгийн газар тэргүүлэх байр суурьтай оролцсон учир нууц баримтууд нэмж дэлгэгдэх нь олон талын аюултай аж.

Тус улсын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнгөрсөн сарын 29-нд дипломат албаны нууц материал дэлгэгдсэний дараа мэдэгдэл хийсэн. Ингэхдээ цаашид нууц баримт задрахгүй байх талаар холбогдох албадуудад үүрэг өгсөн байна. Тиймээс сайтын эрхлэгч Ж.Ассанжег батлан даалтад гаргахад Их Британи, Шведийн талд нөлөөлжээ.
Сайтын эрхлэгч батлан даалтад гарсантай холбогдуулж Английн ерөнхий сайд асан Тони Блэйр ярилцлага өгөхдөө “Дэлхий нийт сайтын эрхлэгчийг дэмжиж байгаа нөхцөлд Их Британийн эрх баригчид батлан даалтад гаргахгүй байж боломгүй асуудал. Шведийн тал шүүхийн өмнө ямар баримт нотолгоогоор Ж.Ассанжег буруутгах нь өнөөг хүртэл ойлгомжгүй байна. Тэд шүүхийн өмнө нүүр тулахаас эмээж байгаа нь нотлогдлоо” гэв.

Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж