Италийн
парламентын доод танхим ерөнхий сайд Сильвио Берлусконигийн тэргүүлсэн
засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр энэ сарын 14-нд санал хураалт
явуулсан. Санал хураалтын дүнгээр 314 гишүүн дэмжиж, 311 хүн эсрэг санал
өгчээ. Ингэснээр өнөөгийн ерөнхий сайд танхимынхаа хамт дахин нэг
жилийг ажиллахаар болсон байна. С.Берлускони хурлын дараа “РИА”
телевизэд ярилцлага өгөв.
-Өнөөдөр парламентын хуралдаан, тэр тусмаа санал асуулга халуухан болж өнгөрлөө. Та олны дэмжлэг авсандаа баяртай байна уу?
-Тэгэлгүй
яахав. Баярлаж байна. Гэхдээ энэ бол болох ёстой зүйл гэж бодож байна.
Танхим үнэхээр халуухан байлаа. Хөгширсөн хойноо нударга зөрүүлэх
шахлаа. Нээрэн, намайг дэмжсэн танхимын гишүүдэд баярлалаа. Би та нарын
итгэлийг алдахгүй. Ер нь алдаж байгаагүй шүү дээ. Шилдэг улстөрч юуг ч
мартдаггүй юм.
-Санал хураалт явагдаж байх үеэр Ром, Миланд таныг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгууллаа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Энэ
бол Жанфранко Финигийн хийж байгаа ажил. Тэр намайг энэ удаагийн итгэл
хүлээлгэх санал хураалтаар хусчихсангүй. Урвагч гэж түүнийг хэлнэ. Тэр
өнгөрсөн зун Эрх чөлөө ба ногоон намыг байгуулсан. Энэ нь түүнд багадаж
байгаа нь өнөөдрийн санал хураалтаар тод ажиглагдсан. Ж.Фини үнэхээр
чадварлаг улстөрч ч гэсэн жаахан хүүхэд шиг л аашлах юм. Анх гарч
ирэхдээ Социалист намд үнэнчээр зүтгэхээ амлаад явж байсан. Намайг
оролдох нь түүнд ямар ч ашиггүй.
-Тэр өнөөдөр танаас 32 саналыг “хулгайлсан” байх аа?
-Үгүй
дээ. Би түүнд бэлэглэчихсэн юм. Яагаад гэвэл би улиран ажиллах ёстойгоо
мэдэж байсан. Ж.Фини Социалист намаа орхиход өнөөдрийнх шиг давуу
саналыг авч нөлөө бүхий гишүүдийн итгэлийг хүлээсэн. Үүндээ үнэхээр
гаршчихсан. Харин намайг ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш миний
суудалд санаархах болсон нь нууц биш. Хэдийгээр миний хамтран зүтгэгч ч
гэсэн хардалт өөрийн эрхгүй төрж байна.
-Хэрэв Ж.Фини ирэх онд таныг унагаах ажлыг хийвэл яах вэ?
-Түүнийг
цохиод унагаачихгүй юу. Гэхдээ тэр надаас эмээж байгаа. Тиймээс хурдан
хөдлөхөөс эмээж, аль болох баталгаатай үйлдэл хэрэгтэй байгаа юм. Ромд
болсон жагсаалд 250 мянга гаруй иргэн оролцсон гэсэн. Тэдгээрийн дийлэнх
нь оюутан. Би үеийнхээ хүмүүсийг телевизийн мэдээнээс олж хараагүй.
Тэгэхээр Ж.Фини оюутнуудын санхүүжүүлсэн. Тэдгээр нь найзуудыгаа дагуулж
ирээд намайг эсэргүүцлээ. Гэхдээ заримд нь би хэрэгтэй шүү дээ. Тэд ч
намайг дэмжинэ. Яахав, баян хүн мөнгөөр “зодсон” байх л даа.
-Та түүнээс их хөрөнгөтэй шүү дээ. Ж.Финигийн эсрэг иймэрхүү үйл ажиллагаа явуулж болоогүй юм уу?
-Болохгүй
зүйл байхгүй л дээ. Гэхдээ мөнгөөр ард түмнээ татмааргүй байна. Харин
өөр арга хэмжээнд бол болно. Эдийн засгийн хямралаас бүрэн ангижраагүй
Итали улсын эдийн засгийг сэргээх ажил чухал байхад хэн нэгний үйлдэлд
хариулах зав алга. Би үүний тулд ерөнхий сайдаар ажиллаагүй юм шүү.
-Таныг спикер, танхимын нөлөө бүхий гишүүдэд 500 мянган ам.долларыг өгсөн хэмээн ярилаа?
-Хэрэв
энэ үнэн би ерөнхий сайдынхаа суудлаас татгалзахад бэлэн байна. Би ч
хэзээ ч улс төрийн замналдаа сэв суулгахгүй. Харин спикер өөрийнхөө
төлөө энэ ажлыг хийж байж магадгүй.
Хэвлэлүүдийн
бичсэнээр С.Берлускони сөрөг намын эсрэг гэх ойлголт нийгэмд төрсөн
байна лээ. Өөрөөр хэлбэл, би италичуудын эсрэг гэсэн зарчим явагдаж
байгаа юм. Хэвлэлээр юм л бол намайг доромжилсон, эсэргүүцсэн
нэвтрүүлэг цацагдах болсон. Аз болж ийм зүйлд анхаарлаа хандуулдаггүй.
Би хэвлэл мэдээллийг дэмжиж ажилладаг хүний хувьд эрх чөлөөнд нь
халдахгүй. Энэ том зэвсгийг ашиглахгүй.
-Маури Гаспасогийн ярьснаар та засгийн эрхийг гартаа авснаас хойш Италийн хөгжил зогссон байна?
-Намайг
даруухан болохоор муулахад амар байдаг байх. Би ерөнхий сайдын нэр
төрийг өндөрт өргөж яваа. Маури Гаспасо намайг чөтгөр рүүгээ тонилоосой
хэмээн боддог хүмүүсийн нэг. Өнгөрсөн онд Миланд болсон дээд тамхимын
хуралдааны үеэр над руу 2008 оны парламентын сонгуулийн санал өгөх
хуудсыг шидэж ухаангүй загнасан нэгэн. Тухайн үед би уучилсан.
-Таныг тойроод дайснууд чинь байгаа юм биш үү?
-Магадгүй
л юм. Гэхдээ Эмилиа Ромагна байна шүү дээ. Тэр бол ерөнхий сайдад
хэрэгтэй хүн. Арын албыг маш сайн гүйцэтгэдэг. Хамгийн ухаалаг шийдвэр
түүнээс гардаг. Харин дайснууд олшрох тусам би зориг ордог байхгүй юу.
Яагаад гэвэл тэдний үнэнийг илчилж байна.
Өнгөрсөн
аравдугаар сард хэрүүлийн алим тарьсан Милан хотын цагдаагийн дарга
Эфран Де Россиг ажлаас нь халсан шүү дээ. Үүний дараа намайг
эсэргүүцэгчид улс төрийн хүрээлэлд эрс нэмэгдсэн. Де Росси хар тамхины
бүлэглэл, төрийн нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажилладаг байсан.
Өнгөрсөн есдүгээр сард тусгай албаныхан Палермо хотын боомтоос 30 тонн
мансууруулах бодис илрүүлж байсан юм.
Тухайн
үед Де Росси хадгалах ёстой байсан мансууруулах бодисыг хууль бусаар
цааш дамжуулах гэж байсан. Миний бодлоор тэрбээр 30 тонн мансууруулах
бодисын хэрэгт анхнаасаа оролцсон. Мэдээж хил гаалийн асуудлыг холбогдох
газрынхан зохицуулсан байгаа шүү дээ.
-Энэ хэрэгт гар бие оролцсон нөлөө бүхий сенатуудыг нэрлээч?
-Цаг
нь болоогүй байна. Тэд одоогоор ажлаа тайван хийж байг. Харин гэнэтхэн л
баривчлах болно. Өөрөөр хэлбэл, хангалттай нотолгоо хэрэгтэй гэсэн үг.
Асуудалд хойрго хандвал үр дүн муутай байдгийн жишээ олон бий.
-Таныг эсэргүүцэгчид олширч байгаа нь та хугацаанаасаа өмнө огцорно гэсэн үг үү?
-Энэ
бол бодит байдал биш. Зүгээр л хэн нэгний гаргаж ирсэн хувилбар.
Өчигдөр уржигдар болсон жагсаал нийт иргэнийг төлөөлөхгүй. Энэ бол
сонгуулийн үеэр телевизээр цацагддаг захиалгат нэвтрүүлэгтэй адилхан. Би
ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Италийн ажилгүйдлийн түвшин
харьцангуй буурсан.
2008
онд дэлхий нийтэд банк санхүүгийн хямрал тулгарсан шүү дээ. Тухайн үед
ажилгүйдлийн түвшин нь гурван хувиар буурсан Европын ганц улс бид
байлаа. Та өнгөрсөн саруудад болсон үйл явдлыг сана л даа. Португал,
Испани, Норвегид ажилгүйдлийн түвшин өсч, засгийн газрууд нь арга буюу
төсвөө танахаар болсон. Энэ мэтээр засгийн газар нь иргэдийнхээ эрхийг
зөрчсөн үйлдэл газар авсан. Харин бид үүнийг ажиглаад попкорн идсэн шиг
сууж байна. Гайхалтай биш гэж үү. Тэдний хэрхэн сандарч байгааг харах
сайхан.
-Таны нэр хүнд унах болсон шалтгааныг хувийн амьдралтай чинь холбож үзэх хүн цөөнгүй байна?
-Энэ
үнэн. Гэвч намайг ерөнхий сайдын ажлаа хэзээ ч хойшлуулж байгаагүйг хэн
бүхэн гэрчилнэ. Хүн бүр хэсэг хугацаанд амарч, өөр орчинд байхыг хүсдэг
шүү дээ. Тиймээс бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь энгийн нэгэн хүний
үйлдэл байх аа. Загвар өмсөгч Шейла бол сайхан эмэгтэй. Чаддаг юм бол
бусад улстөрч түүнтэй нэр холбогдчих л доо. Би өөрийгөө жинхэнэ итали эр
хүн гэж боддог. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татахад буруу нь юу байхав.
-Олон
бүсгүйтэй нэр холбогдсоныг хүүхдүүд чинь хэрхэн хүлээн авдаг вэ. Тэд
энэ тал дээр ямар зөвлөгөө өгч байна. Таныг дэмжиж байна уу?
-Тэд
бүгд бие дааж, өөрсдийн амьдралаа авч явж байна. Эцгийн хувьд
хүүхдүүддээ анхаарал тавьж байгаа. Тэд миний энэ асуудалд оролцдоггүй.
Марина намайг хамгийн их дэмждэг. Тэр миний юугаар ч сольшгүй үнэт
эрдэнэ. Намайг ойлгож, сэтгэл санаагаар унасан үед байнга дэмжлэг
үзүүлдэг.
Харин
Пиерт эцэг нь ерөнхий сайд байх нь таалагддаггүй. Тэр бага байхын л бие
даасан хүүхэд байлаа. Зав гарвал түүнтэй хамт хөл бөмбөгийн тоглолт
үздэг.
-Та
өнгөрсөн тавдугаар сард 20 жил хамт амьдарсан Вероникагаасаа яагаад
салсан юм бэ. Тэр таны хувьд тийм ч чухал хүн байгаагүй гэж үү?
-Тэр
чухал үедээ чухал байсан. Надад гурван хүүхэд төрүүлж өгсөн гайхалтай
эмэгтэй. Гэхдээ сүүлийн саруудад ааш зан нь өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж,
яг л хувьсгал хийх гээд байгаа юм шиг санагдсан. Хажуугаар би түүнийг
залхаасан байх. Намайг бүсгүйчүүдтэй нэр холбогдоход түүнд амаргүй
байсан. Тэгээд л Вероника тэсвэр алдсан.
-Та түүнийг санадаг уу. Энэ үйл явдал улс төрийн замналд чинь нөлөөлсөн үү?
-Би
итали эр хүн. Муу дурсамж санагдуулдаг эмэгтэйгээ хэзээ санаж
байгаагүй. Вероникагаас салсан нь улс төрийн тавцан дахь миний нэр
хүндийг унагасан ч томоохон цохилт болоогүй. Харин үүнийг хэвлэлүүд
өлгөж аваад дуртай бичсэн. “С.Берлускони Вироникагаас салсан. Дараа нь
ерөнхий сайдын суудлаасаа сална” гээд л. Энэ бүхэн надад тийм ч
гунигтай санагдаагүй.
-Ирэх сонгуулийн үеэр таны гэр бүлийн асуудал тогтворгүй байвал ялалт байгуулахад бэрх юм биш үү?
-Байж
болох хувилбар. Италичууд миний хувийн амьдрал гэхээс илүү улс оронд
юу хийж чадахыг маань сонсох хэрэгтэй. Миний амьдрал өрнөж л байдаг.
Магадгүй ийм ерөнхий сайдтай байх нь зарим хүнд таалагддаг гэнэ лээ.
-Яагаад. Олон бүсгүйтэй нэр холбогдсоноо ард түмнийг татах нэг бодлого болгож байгаа юм уу?
-Яг
ч тийм биш. Ийм байх нь цөөхөн хүнд л таалагддаг. Холливудын од шиг.
Ингэж хэлэхээр үзэгчид гайхаж байгаа болов уу. Ерөнхий сайдынх нь
амьдрал шоу маягийн байгаа биз. Гэхдээ улс орны асуудлыг хэзээ ч хойш
тавьдаггүйг минь ойлгох хэрэгтэй.
-Өөр зүйл асууя. Та “Викилеакс” сайтын цацсан нууц материалуудын талаар ямар бодолтой байна?
-Тэд
үнэхээр сайн ажиллаж АНУ-ыг хожиж чадлаа. Эдгээр материалыг үнэн гэж
боддог. Урьд нь хэн ч ийм олон тооны нууц баримтыг дэлгэж байгаагүй.
Сайтын эрхлэгч Жулиан Ассанжийг Лондонд баривчилсан нь хэвлэл
мэдээллийн эрх чөлөөг боогдуулж байгаа үйлдэл шүү дээ. Үнэндээ АНУ, Их
Британи юу хүсээд байгаа нь ойлгомжгүй байна. Жулиан Ассанж нэр хүнд
олох гэж энэ бүх материалыг дэлгээгүй байх. Тэр үнэнийг илчлэхийг
хүссэн.
-Дипломат албаны нууц баримт нийлэгдэхэд Италийн тухай дурьдсан бол?
-Тийм
байсан ч дээрх дүгнэлтээ хэлнэ. Италийн дипломатууд хэзээ ч олон улсын
нууцын зэрэглэлд хамаарах баримт материалд хошуу дүрэхгүй. Бид тийм
бялдууч улс биш. Тодорхой бөгөөд томоохон асуудалд шийдвэрлэгчийн байр
сууринаас оролцох ёстой. Үүнийг сайн биелүүлж байгаа гэж бодож байна.
-Ингэснээр дэлхий нийтэд Италийн үзүүлэх нөлөө багасах юм биш үү?
-Итали
ямагт шийдвэрлэх гүрнүүдийн хэмжээнд байдаг. Жижиг асуудалд
орооцолдохгүй. Мэдээж, улсууд хоорондын харилцаа байх нь зүйн хэрэг.
Гэхдээ маргаантай асуудалд хошуу дүрэх нь италичуудыг нэр хүндгүй
болгоно. Биднийг дэлхий нийт мэдэж байгаа. Нөлөөлөл хэзээ ч алга
болохгүй.
-Өнгөрсөн
сард Европын хэд хэдэн улсад нисэх онгоцноос тэсрэх бөмбөг илэрсэн.
Үүнээс сэргийлэхийн тулд засгийн газар ямар арга хэмжээ авч байна?
-Аюулгүй
байдлын шинэ технологиудыг судалж байгаа. Одоогоор гадаад, дотоодын
бүх онгоцонд шалгалт явагдаж байгаа. Энэ шалгалтыг ирэх оны зургадугаар
сар хүртэл явуулах төлөвлөгөөтэй байна. Тэр үед хяналтын шинэ төхөөрөмж
ашиглалтад орно. Ингэснээр зорчигчид хийгээд Италийн аюулгүй байдал бага
зэрэг баталгаажна.
Бид
батлан хамгаалахын ирэх оны төсвийг 7-9 хувиар нэмэх бодолтой байна.
Гэвч дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ алан хядагчдын үйл
ажиллагаа улам газар авах хандлагатай байгаа тулд аюулгүй байдалдаа
анхаарах нь ирэх оны засгийн газрын голлох ажил юм.
-Та
гадаадад суугаа итали иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд шинэ
бодлого хэрэгтэйг онцолж байсан. Энэ нь ямар бодлого юм бэ?
-Ойрхи
дорнод, Дундад Азид ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг
хангахын тулд олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Миний бодлоор
тухайн улсад ямар нэгэн үймээн самуун дэгдэхэд Италийн хүмүүнлэгийн
ажилтнууд өөрийн улсын иргэдийг эх орон руу нь яаралтай татах ажлыг
гүйцэтгэнэ. Гэхдээ энэ бодлогыг парламентад дэвшүүлээгүй. Би сая
ерөнхий утга санааг нь хэлчихлээ.
-Сүүлийн үед Италийн өрийн асуудал яригдах боллоо. Мэргэжилтнүүд их наяд евро хэмээн тогтоолоо?
-Дэлхийн
эдийн засгийн хямралын үед олон улсын хамтын нийгэмлэгээс зээлсэн нийт
өрийн хэмжээ 700 тэрбум евро байх ёстой. Их наяд евро гээд байгаа нь
нэмэлт зээл. Гэрээний дагуу олон улсын хамтын нийгэмлэгийн улсуудад 2015
он гэхэд уг өрийг барагдуулна гэж заасан байгаа. Өрийн асуудал тийм ч
хурцадмал байдалд хүргэхгүй. Зарим улстөрч үүнийг ашиглан нэр хүндээ
өсгөх зорилгоор намайг тавлаж байна.
Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР