Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдаан болно

Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг юм. Мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, таталган, гүйлгэн гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ.
Уран бичлэг буюу calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг зэрэгтэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Энэхүү бичгийн урлаг дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа нь ч уралдааны зорилгыг тодорхой болгож байгаа юм. Монгол үндэстний соёлын сан болсон эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн босоо монгол бичгээ даяаршиж байгаа энэ эринд  хөгжүүлэх үйлсийг дэлгэрүүлэх шаардлагатай байгаа билээ. Өдгөө улсын хэмжээнд 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Уран бичлэг”-ийн анхдугаар уралдааныг хэл бичгийн их багш Чой.Лувсанжав 1997 онд ХИДС дээр зохион байгуулжээ. Уран бичлэг сонирхдог хэн бүхэн энэхүү уралдаанд оролцоход нээлттэй юм байна.

Уралдааны зорилго:
Мөнх тэнгэрийн хүчин доор эзэн Чингис хааны зарлигаар зохиогдсон монгол төрийн бичгийг дээдэлж монгол уран бичлэгийн үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, уран бүтээлч, багш, сонирхогч, суралцагчдыг хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго оршино.

Уралдааны тов:
Уралдаан Чой. Лувсанжав их багштаны сүүдэр гийсний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол бичиг бидний өв, өмч мөн” /Чой. Лувсанжав багштаны айлдвараас/ сэдвээр ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн 10 цагаас “Монголын Уран Зургийн Галерей”-д болно.

Уралдааны журам:
Уралдаан хоёр үе шаттай. Даваа тус бүрт тусгайлан бэлдсэн муутуу цааснаа, хос уянгыг сугалж бичнэ.

Уралдааны бүртгэл, төлбөр:
Уралдаанд оролцогчдыг 2010 оны 4 дүгээр сарын 10-наас эхлэн ХИДС-ийн Монгол хэл бичгийн тэнхимд бүртгэж, эрхийн бичиг олгоно.
Бүргэлийн хураамж 5000 төгрөг.

Уралдааны шагналын сан:
• Тэргүүн байр: өргөмжлөл, 800,000₮
• Дэд байр: өргөмжлөл, 600,000₮
• Гутгаар байр: өргөмжлөл, 400,000₮
• Тусгай байр: 6-г шалгаруулж, тус бүр өргөмжлөл, 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Чой.Лувсанжавын бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд 4-р сарын 13-наас 16-ны хооронд дэлгэн тавигдах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж