Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

ДОХ яах вэ, шүлхий л

Хорьдугаар зууны та­хал ДОХ-ыг даран устгах аргыг Германы эрдэмтэд бараг л  олсон сурагтай. Бараг дөрвөн жилийн өмнө Берлиний Чарите эм зүйн их сургуулийн судлаачид ХДХВ-ын халдвартай тө­дий­гүй дархлалын системийн хорт хавдартай нэг хүнийг эмчилж эхэлсэн нь саяхан дуусч энэхүү баярт мэдээ тархах гол шалтгаан болжээ. Өндөр доозын хими эмчилгээ болон радиацыг ашиглан түүний дархлалын системийг арил­гаж, стем эс гээчийг шилжүүлэн суулгажээ. Стем эс нь цаашид цусны бөөм болдог байна.

Шилжүүлэн суулгалтыг  анх 2007 оны хоёрдугаар сард хийсэн бөгөөд тэрнээс хойш ХДХВ-ын эмийг түүнд огт хэрэглээгүй  аж. Үүнээс 13 сарын дараа түүнд эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн байна. Донорын эс тун ховор, генийн мутацтай бөгөөд төрөлхийн ХДХВ-ын халдвараас дархлаатай байсан гэнэ. Дэлхий даяар энэ мэдээг баярлалдан хүлээж авлаа. Үүнтэй зэ­рэгцээд Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагаас Мон­гол Улс мал, амьтны ДОХ шахуу шүлхий өвчнийг маш хүнд нөхцөл байдлын дор даран устгасан нь дээрхээс дутахгүй баярт мэдээ болов. Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан улс нь мөнгөгүй, иргэд нь ядуу, яамны түшмэдээс эхлээд Онцгойгийн дарга нар нь авлигад нугасгүй ийм нөхцөлд Монголын мал ирэх хавар гэхэд хиараад дууссан байхаар тооцоо, судалгаа гаргачихсан байж. Дараа нь малжуулах зээлийн хөтөлбөр энэ тэрийг олон улсын байгууллагуудаас олж өгөхөөр бараг тохирчихсон байсан юм биш үү. Харин сохор азаар зун, намаржин каренти тогтоож дээр доор­гүй гүйсний эцэст шүлхийг “ялснаа” манай томчууд одоо бахархан ярьж байна. Үүнийгээ ч баяр ёслолын байдалтай зарлав. Бидний хувьд баярлах сайн мэдээ яах аргагүй энэ билээ. Тэр ДОХ  яах вэ, хавар идэх малын маханд ямар тусах биш. Харин шүлхий л санаа зовоож байсан юм.   

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж