Алтны ордууд нинжа нарын гарт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Алтны ордууд нинжа нарын гарт орлоо

Нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор аливаа хуулийг баталдаг. Гэтэл “Урт нэртэй” гэгдэх нэг хууль салбарын харилцааг зохицуулах нь бүү хэл бүр үймүүлж, самууруулж орхилоо. Уг хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор 130 орчим аж ахуйн нэгжийн 254 лицензийг цуцлаад байгаа. Мөн дахин 1700 лиценз цуцалж магадгүй хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдсэн билээ. Уул уурхайн салбарт хуулийн дагуу лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан компаниудын “амийг” ийнхүү гэнэт тасалсан нь эдийн засгийн салбарт олон эрсдэл дагуулж байна. Мэдээж хамгийн түрүүнд дээрх аж ахуйн нэгжүүдийн төсөвт оруулах татвар ор мөргүй алга болно. Нэгэнт компани нь үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болсон болохоор ажилчид нь “лааз өшиглөнө” гэсэн үг. Зарим компани ажилчдаа халаад эхэлчихсэн. Одоогийн байдлаар “Шар нарст”, “Бүүргэнт”, “Рич Могол” зэрэг компани нийт 320 гаруй ажилчнаа халсан байна. Цаашид 15-20 мянган хүн ажилгүй болох эрсдэл бий. Мөн Монголбанкны алтны нөөцийн хэмжээ багасах нь тодорхой. Үүнээс гадна дээрх 254 компани бараг бүгд банкны зээлтэй учраас арилжааны банкуудыг ч айдаст автуулж байна. Ухаангүй ноёдын учрыг нь ололгүй яаран баталсан урагшгүй хуулийн балаг үүгээр дуусахгүй. Лицензийг нь цуцалсан талбай руу өдгөө хувиараа алт олборлогчид буюу нинжа нар дайрч эхлээд байна. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суман дахь “Нарийн гол” ХХК-ийн эзэмшиж байсан шороон орд руу нинжа нар аль хэдийнэ нэвтэрчихсэн. Үүнээс гадна Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймагт ч ийм “халдлага” өдөр бүр гарах болжээ.

Урт нэртэй хууль байгаль орчныг хамгаалах зорилготой гэх боловч одоо бүх зүйл эсрэгээрээ эргэлээ. Нинжа нар ямар хортой билээ. Тэд ёстой л уулыг тал, талыг тан болгодгийг бид бүгд мэднэ. Төв аймгийн Заамарын ордууд, Туулын ай сав, Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Бигэр гээд хаана л алт гайгүй гарч байна, тэр газар нутгийг нинжа нар орвонгоор нь эргүүлж дуусгасан. Нарийндаа бол алтны компаниуд гэхээсээ нинжа нарын байгаль орчинд учруулсан хохирол хамаагүй илүү. Тэднийг нэгэн үе төр хүчээр дарах гээд бараагүй. Угаасаа дарж болохгүй. Дарагдах ч үгүй. УИХ-аас тэднийг бүлэг нөхөрлөл болгож, татвар төлүүлэх талаар хууль, журам батлаад ч дорвитой үр дүн гарахгүй байна. Нинжа нар алтны компаниудыг лицензээ хураалгаагүй байхад ч тэдэнтэй үргэлж тэмцэлдэж, үймээн үүсгэдэг байсан. Хаяаг нь үргэлж бараадаж явдаг компаниудынх нь “амыг барьчихаар” одоо бүр амар болж. Олон жил алтаар яваад бараг зэрлэгшчихсэн хүмүүс лицензийг нь цуцалсан талбайнууд руу улангасан дайрч байна. Орон нутгаас ирсэн зарим хүний яриагаар нинжа нар компаниудын эзэмшиж байсан талбай руу орохын тулд буу шийдэм хэрэглэхээс ч буцахгүй болж байгаа гэнэ. Ер нь цаашид байдал хурцдахыг үгүйсгэх газаргүй болжээ. Нинжа нар “Энэ бол эзэнгүй газар. Тийм учраас хэн чадалтай нь ийшээ орж болно” гэсэн сэтгэлгээгээр хандаж байгаа бололтой. Үүнийг одоо юу ч гэмээр юм. Төр иргэдээ замбараагүй байхыг дэмжиж, хоорондоо тэмцэлдэхийг нь хуулиар зөвшөөрөөд байгаа ч юм шиг. Эсвэл хуулийн дагуу бизнес эрхэлсэн хүмүүс хохирч, хууль дүрэмгүй харанхуй бүдүүлэг үеийн сэтгэлгээгээр асуудалд хандсан нь хожих ёстой ч юм уу. Одоо нөхцөл байдал нэгэнт ийм эвгүй болсон учраас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэж, “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Агваандондов “Бид ажил амьдралтайгаа үлдэхийн тулд чадах бүхнээ хийж, тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, ойр ойрхон хурал цуглаан зохион байгуулж байна. Олон хүн, байгууллагын бизнесийн эрх ашиг дээсэн дөрөөн дээр байгаа учраас тус хөдөлгөөний цар хүрээ өдөр ирэх бүр өргөжиж байгаа. УИХ, Засгийн газрын хувьд нэгэнт гаргасан шийдвэрээ дахин дахин өөрчлөөд байж чадахгүй. Судалж байгаа нэрээр аль болох цаг хугацаа хожихыг хичээж буй. Мөн чухам яахаа мэдэхгүй ацан шалаанд орчихоод байгаа. Лицензээ хураалгасан компаниуд гадны хөрөнгө оруулагчид байсан бол ч яахав. Эзэн нь юмаа мэдье гэдэг үүднээс нарийн тайлбарлаад нэг удаа аргалж болох л байсан байх. Гэвч дээрх 254 компанийн 90 орчим хувь нь үндэсний хөрөнгө оруулагчид. Тэд өөрийнхөө улсад хуулийн дагуу бизнес эрхэлж, татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангаж явсан нь үнэн. Харин өнөөдөр тэд үүнийхээ төлөө хохирогч болон хувираад байна. Бизнесийн эрх ашгийн үүднээс авч үзвэл зөвхөн лицензээ хураалгасан компаниуд ч биш, тэдэнд шатахуун, сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг байсан туслан гүйцэтгэгчдийн эрх ашиг ч бас хөндөгдөнө. Засгийн газар энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, өч төчнөөн ажил хийсэн ч гажигтай ганцхан хууль батлаад л тэр бүхнээ нурааж орхилоо.

Алтны зарим компани хууль дүрэм мөрдөх, нөхөн сэргээлт хийх тал дээр хариуцлагагүй ханддаг ч алдаа гаргасан л бол хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх нь тодорхой. Харин нинжа нартай хэн ч, хэзээ ч хариуцлага тооцож чадахгүй. Чаддаг ч үгүй. Тэдний сүйтгэсэн байгаль, ухсан нүх, ширгэсэн голуудаас энэ бүхэн хангалттай харагдана. Төрийн “буянаар” алтны орд газрууд чонын амнаас барын аманд буюу компаниудаас нинжа нарын мэдэлд шилжиж байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж