УИХ шийдвэрээ эргэн харахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

УИХ шийдвэрээ эргэн харахаар болжээ

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ОХУ-аас
ирмэгцээ нэгэн аймшигтай мэдээлэл өглөө. Энэ нь Гол мөрний урсац
бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий 
газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг
хэрэгжүүлэхтэй холбоотой үүсэн бий болсон нөхцөл байдалтай холбоотой юм.
Сайдад ирсэн мэдээллээр лиценз барьцаалан банкнаас авсан зээлийн
хэмжээний нийт өртөг 160 тэрбум төгрөгт хүрээд байгаа” гэнэ. Тэрбээр уг
хуулийг хэрэгжүүлэх ажил эрдэс баялгийн салбар төдийгүй банк, санхүүгийн
салбарыг бүхэлд нь хямралд оруулж мэдэхээр байна хэмээн мэдэгдэв. Эдийн
засгийн ерөнхий төлөв байдал түгшүүрийн хэмжээнд бус байхад УИХ нь сайн
судлагаа тооцоогүй хууль баталснаасаа болоод банк, санхүүгийн салбараа
татаад унагачихсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж
эхэлбэл яах вэ. Үүнтэй холбоотойгоор УИХ дээрх шийдвэрээ эргэн харахаар
хэлэлцээрт орж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Урьд нь чанаргүй зээлийн хэмжээ нь 60,80 тэрбум төгрөгт хүрсэн зарим банк хаалгаа барьж байсан.

Тэгвэл 160 тэрбум төгрөгт хүрэхэд хямрал ямар хүрээг хамрахыг урьдчилан
хэлэхэд амаргүй байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Гол
мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн
сан бүхий  газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг
санаачилсан нь алт олборлогч компаниуд хөдөлгөөн байгуулан тэмцэхэд
хүргэсэн. Учир нь уг хуулийг дагаж мөрдөх журамд лиценз эзэмшигчдэд
холбогдох нөхөн олговрыг өгөөд лицензээ төр хурааж авахаар заасан боловч
хэрэгжүүлэхдээ эхлээд лицензээ хурааж авчихаад нөхөн олговрыг хэзээ,
яаж өгөхөө хэлэлцэж сууна. Нөгөөтэйгүүр УИХ ирэх оны төсвийг батлахдаа
алтны үнийг өмнөх оныхоос 100 ам.доллараар нэмэгдүүлэн тооцоод,
ингэснээр тэнцвэржүүлсэн орлого 38 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэцгээж
байсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр энэхүү 38 тэрбум төгрөгийн
орлого лав худлаа болох нь. Дээр нь лиценз эзэмшигчдэд нөхөн олговрыг
өгөхөд наанадаж дөрвөн их наяд төгрөг төсвөөс гарах болж байна. Энэ бол
хуулийг хэрэгжүүлэх талаар төрөөс хийхээр заасан эхний алхам бөгөөд үүнд
манай улсын бүтэн жилийн төсвийн орлогоос давсан зардал шаардагдаж
байгаа юм.

Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэгч экспортын гол бүтээгдэхүүний нэг
нь алт байдаг. Тиймээс зэс, нүүрсний нэгэн адил Монголын ард түмний
өмнө хариуцлага хүлээж байгаа. Монголбанкны гадаад валютын нөөцийг
чөлөөтэй хөрвөдөг гадаад валют болон мөнгөжсөн алтаар бүрдүүлдэг. Харин
нөөцийн төрөл, хөрөнгө оруулалтын бүтэц, хувь хэмжээ, байршил нь нууцын
зэрэглэлтэй. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу энэ оны  арваннэгдүгээр
сарын 30-ны байдлаар манай улсын гадаад валютын нөөц 1.8 тэрбум
ам.доллар буюу зургаан сарын хэрэгцээгээ хангахуйц боллоо гээд алгаа
ташиж суусан нь саяхан. Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, өчигдрийн
байдлаар нэг унци алтны үнэ 1368 ам.долларт хүрч байгаа нь түүхэнд
байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн энэ салбарынхан баясч байна.

УИХ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийг
батлах тогтоол”-ыг батлахдаа тухайн жилийн улсад тушаах алтны хэмжээг
батлагдсан нөөц, уулын ажлын төлөвлөгөө, олборлолтод үндэслэн тогтоож
татвараа бүрэн хураах, дотоодод олборлосон алтыг худалдан авч
мөнгөжүүлэхийг Засгийн газар, Монголбанкны удирдлагад даалгасан. Гэтэл
Гол мөрний урсац  бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий  газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль
батлагдсанаар Засгийн газар, Монголбанк УИХ-ын аль шийдвэрийг дагахаа
мэдэхгүй болчихоод байна. “Алтаа ихээр олборлоод  Монголбанкинд
тушаагаад байгаарай” гэх гэтэл лицензүүдийг цуцалснаар үйл ажиллагаа
зогсчихоод байна. Энэ нь “Битгий алт олборлоод байгаарай, олборлосон ч
сэмхэн далд зах зээл рүү гаргаарай” гэсэнтэй адил.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг гарахын
өмнө Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ жилд 20 тонн байснаа хууль
батлагдсаны дараа таван тонн хүрэхгүй болтлоо буурсан. Одоо оны эцэс
болж байхад гурван тонн ч хүрэхгүй алт тушаагаад байгаа тухай мэдээлэл
байна. УИХ-ын одоогоор баталчихаад байгаа тогтоол, шийдвэрүүд ийм л
салаа утгатай, эдийн засгийн үр ашиг муутай, нэр хүнд олохыг хүссэн
болхи зорилготой байгааг бизнес эрхлэгчид, эдийн засагчид шүүмжилж буй.
Нэгэнт гаргасан шийдвэрийнхээ алдааг эргэж засах нь зөв ч нэг хуулиа
хоёр дахин хэлэлцээд байхаар улс орны хөгжил яаж урагшлах билээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж