Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Кремлийн цаг

ЕРЭН ЖИЛИЙН ДАРАА…  

Кремлийн цагийн зүү 1921 оныг зааж байв. Зөвлөлт Оросын Дорно дахины салбарын удирдагч Ф.Н.Гапон Ар Монголд Москвагийн “доргилт” болохоос өмнөхөн буюу 1920 оны наймдугаар сард Эрхүү хотноо Ардын намын төлөөлөгчидтэй сэм уулзжээ. Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо, Х.Чойбалсан тэргүүтэй хувьсгалын анхны долоо Жибзундамба хутагтын тамга бүхий өргөх бичгийг Эрхүү хотноо энэ үеэр авчирсан байв. Зөвлөлт Оросын хувьд “Ар Монгол уу, аль эсвэл Хятад уу” хэмээн геополитикийн сонголт хийх гэж байсан энэ үед Монголын төлөөлөгчид дотоод, гадаад бодлогынхоо хөтөлбөрийг Москвад танилцуулсан нь хойд хөрштэй харилцах улс төрийн бодлогын эхний дүрэм байлаа.

“Монголын автономийг сэргээхэд туслаач”. Д.Сүхбаатар тэргүүтэй Ардын намын төлөөлөгчид Эрхүүд болзсон орос товарищт ийн хүсэлт болгоод дипломат дэмжлэг, зэвсэг, техник, цэргийн сургагч багш нар, зээл авах зэргийг санал болгов.

Гадаад хэргийн комиссар Г.Чичерин В.И.Ленинд 1921 оны аравдугаар сарын 18-нд нэгэн захидал хүргүүлэв. Тэрхүү захидлын гол агуулга нь “Монголд хувьсгалт засаг тогтсоноор Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл хувьсгалын эсрэг фронт байгуулахаар зэхэж байсан Японы төлөвлөгөөг бүрмөсөн таягдан хаясан. Монголчуудын тусламжтайгаар манай хилийн зурваст ямар ч аюул тулгараагүй болно” гэсэн утгатай юм. Харин энэ үед Ар Монгол “сэрж” байлаа. Тусгаар тогтносон Монгол Улсыг тунхаглан байгуулснаа 1921 онд зарлаж, Монгол, Зөвлөлтийн ард түмэн найрамдлын хэлэлцээр байгуулав. Их, бага үндэстэн хоорондоо ижил тэгш эрхтэй, бие биенээ хүндэтгэж, харилцан туслалцах зарчим бүхий түүхэн хэлэлцээрийн үеэр В.И.Ленин Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг Кремлийн ордонд хүлээн авч уулзлаа. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч Орос орон, Төв Азийн Монгол хооронд геополитикийн “гүүр”-ийг одоогоос 90 оны өмнө ийнхүү тавьжээ.

Харин 90 жилийн дараа… Хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболд Ерөнхий сайд, бас Ардын намын даргын хувьд Москвад айлчлав. Түүний хэлсэнчлэн Оросын ашиг сонирхол одоогоос 200 орчим жилийн өмнө Балканы хойг, Амур мөрөн, Хар Иртышийг чиглэдэг байсан бол Кремлийн цагийн зүү өдгөө олон улсад ханджээ. Сибирийн цөс ихт эрчүүдийн хувьд стратегийн гол түнш нь Монгол. Тиймээс тэд Ерөнхий сайд С.Батболдтой их өрийн үлдэгдэл, уран, төмөр замын талаар хэлэлцээр хийхэд хэдийнэ бэлэн байлаа. Хувь хүнийхээ хувьд тийм ч тод биш имижтэй, харин улстөрчийнхөө хувьд дэлхийн хэмжээний лидер В.Путин  түүнд цаг гаргав. Тагнуулчийн хашир инстинкттэй, багагүй пээдгэр энэ эрхэм Монголын төлөөлөгчидтэй гар бариад л “Одоо та нар асуудлаа зохицуул” хэмээгээд гарч оддог байсан бол Засгийн газрын ордондоо Ерөнхий сайд С.Батболдтой дөрвөн цагийн туршид ганцаарчлан уулзлаа. Хэдийгээр айлчлалын өмнөхөн “Монголчууд яаж ч магадгүй шүү. Москва болгоомжтой байгаарай” хэмээн тус улсын хэвлэлүүдэд бичиж байсан ч В.Путинд монголчуудаас болгоомжлох биш, тулж харилцах нь чухал байв. Тийм ээ, уран, төмөр зам… Хоёр орон геополитикийн “Хүлээн авалт” хийхэд хэдийнэ бэлэн болжээ. Энэхүү “Хүлээн авалт”-д монгол ба оросууд хүндтэй зочид байх төдийгүй далайн чинад дахь улс орнууд vip зочид байх нь эргэлзээгүй. Тэгээд ч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой ирэх жил тохионо. Аан, бас Ардын намын 90 жил… Кремлийн цагийн зүү ийнхүү 90:90-ийг зааж байна. Тэртээх 90 жилийн өмнө Ардын намын төлөөлөгчид Зөвлөлт засгийнхнаас тусламж гуйн очиж байсан бол Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын төлөөлөгчид энэ удаад “Оросууд аа, хөгжлийн түнш болцгооё” хэмээн Москвад цас дагуулан газардсан юм.  

В.ПУТИН: ТОХИРЛОО ШҮҮ!

Монгол, Оросын хоорондох эдийн засгийн харилцааг дөнгөлж байсан “гинж” суларлаа. Мэдээж хэрэг, энэ “гинж” бол их өрийн үлдэгдэл. Ар Монголын төлөөлөгчид Зөвлөлт Орос улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж очсон 1921 он буюу одоогоос 90 жилийн өмнө хоёр орны хооронд их өр хэмээгч “гинж”-ийг татсан түүхтэй. Тэр цагаас 1990 он хүртэл хойд хөршөөс Монгол Улсын авсан зээл, тусламжийн хэмжээ 11.4 тэрбум шилжих рубльтэй тэнцэж байлаа. Харин 2003 онд их өрийн 97.8 хувийг хөнгөлөх Засгийн газар хоорондын меморандумыг байгуулж, Орос, Монголын хамтарсан “Монросцветмет” нэгдлийн өрийг хоёр тал дахин нягтлахаар тохиролцсон. Гэвч энэ асуудлыг 2009 он хүртэл шийдэлгүй сунжруулсан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг “Монголчууд аа, их өрийнхөө үлдэгдлийг төлчихвөл яасан юм бэ” гэж сануулахад хүргэсэн удаатай. Орос, Монгол бие биен рүүгээ ийнхүү нүүрээ улалзуулах зуур Сангийн дэд сайд Д.Панкин “Монголчууд их өрийнхөө үлдэгдлийг төлөхгүй бол Парисын клубт хандана” гэж нөхцөл байдлыг хүндрүүлэх шахсан билээ. Гэвч В.Путин С.Батболдтой Засгийн газрын ордондоо мэнд мэдэх зуураа “Давай, мы помогим” хэмээн элгэмсүү хандав. Яг л 1921 онд оросууд монголчуудад “Тусалъя” гэж байсан шиг.

Монголчууд оросуудад яг хэдийг төлөх ёстой юм бэ. Ийм асуулт зургаан жилийн туршид хөвөрчээ. Сангийн сайд С.Баярцогтын тайлбарласнаар, Улаанбаатар, Москвагийн хооронд “Монросцветмет”-тэй холбоотой 162 сая ам.долларын өрийн асуудал байсан. Харин клирингийн тооцоогоор 10 сая ам.доллар үүн дээр нэмж төлөх ёстой гэхмэтчилэн хоёр орны төрийн “толгой”-г өвтгөсөн асуудлууд бишгүй байв. Сангийн сайд С.Баярцогт ОХУ-ын Сангийн сайд А.Кудринтай гурван удаа хэлэлцээр хийж, Сангийн дэд сайд асан Т.Очирхүү Москвад хоёр удаа, харин ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монголд ажлын хэсгийнхэнтэйгээ хамт хоёр удаа ирж өрийн бичиг дээр ажиллажээ.

Талууд уулзаж, утсаар ярилцах үеэр оросуудын зан зөөлөрсөн нь үнэн. Гэхдээ тэд “Монголчууд аа, энэ удаад том тохиролцохгүй шүү. Харин их өрийн үлдэгдлийг багахан хувиар хөнгөлж болох юм” гэсэн байр суурьтай байсан. Харин энэ удаагийн айлчлалаар Москва, Улаанбаатарын хооронд татсан мөнөөх “гинж” суларч, Монгол Улс Орост 3.8 сая ам.доллар төлөх л үлдэв. УИХ энэ мөнгийг 2011 оны төсөвт тусгасан аж. С.Батболд сайд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзахдаа “Улаан­баатар хотоор зорчиж буй 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл Москвагийн төв тойрогт үүсдгээс дутахааргүй түгжрэл үүсгэдэг” гэж хэлсэн. Үүн лугаа адил их өрийн үлдэгдэл багахан хэрнээ их гүрэнтэй харилцах манай улсын эдийн засгийн бодлогыг түгжрүүлж байсан юм. Ямартай ч зам бөглөрөл биш, Орос, Монголын эдийн засгийн харилцааны гүүрэн дээр үүссэн бөглөрөл үгүй болох нь. Их өрийн үлдэгдлийг шийдэж чадаагүй бол юун төмөр зам, урантай манатай байлаа. 

Ленинградын унаган иргэн В.Путин монголчуудаас ийн асуужээ. “Тохирлоо шүү” гэдгийг монголоор юу гэж хэлдэг юм бэ” гэж. Магадгүй, тэрбээр энэ үгийг асуухаасаа өмнө хэдийнэ хэлээд сурчихсан байж ч мэднэ. Ерэн оны үед болсон төрийн эргэлт, С.Батболд сайдыг айлчлахын өмнөхөн болсон үймээний хөлд багагүй дарагдсан Засгийн газрын ордондоо тэрбээр найрсаг уур амьсгалыг бүрдүүлжээ. “Би шийдвэр гаргахад бэлэн!”. В.Путины нухацтай харц цаанаа ийм өгүүлэмж бүхий. Тэгвэл монголчууд “Хөгжлийн түнш болцгооё, шинэ оросууд аа” хэмээн цэнхэр нүдтэнүүдийг ширтэж байлаа. Гэхдээ л хоёр улсын Засгийн газрын гишүүд В.Путин, С.Батболд нарын ганцаарчилсан уулзалтын үр дүнг хүлээж байлаа.

Хоёр Ерөнхий сайдын уулзалтын ширээн дээр “Төмөр зам” гэсэн үг тодоос тод бичээстэй. “Төмөр замын талаар байгуулсан 1949 оны гэрээг өөрчилье”. Оро­сууд: -Согласно. “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэг­дүү­лье”. Оросууд: -Согласно. Уул­залт ийм шуурхай, нуршсан элдэв үгсгүй, ажил хэрэгч боллоо. Үүний эцэст “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд Орос, Монголын тал тус бүр 125 сая ам.доллар шилжүүлэхээр тохирч, оросууд 2010 оны санхүүгийн жилд энэхүү мөнгийг шийдвэрлэж өгөх болов. Харин манай улс ирэх жилийн эхний хагаст багтаан 125 сая ам.доллараа “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санд хуваарилна. Монгол Улс ОХУ-тай хамтран дэд бүтцээ хөгжүүлэх, төмөр замыг шинэчлэх санамж бичигт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар гарын үсэг зурсан юм. Ямартай ч салбар хариуцсан сайд Х.Баттулгын санаа багагүй амарсан байх. Одоо түүнийг стратегийн орд газруудад түшиглэн барих төмөр замын их бүтээн байгуулалт хүлээж байна. Соц үед оросууд Монголын бүтээн байгуулалтын талбарт гар сунгаж байсан бол шинэ зуунд Ази, Европыг холбосон геополитикийн их бүтээн байгуулалтад монголчуудтай хамтрах нь. Кремлийн цаг Монгол, Орос улс геополитикийн хамтрагчид гэдгийг эчнээ зарлаж байна. Ноён В.Путин, та бүхэн монголчуудтай ингэж тохирсон шүү!

УРА! УРАН

Монголын ураны баталгаа­тай нөөц хэд юм бол. Үүнд 46 мянга, 65 мянга, бүр 100 мянган тонн хэмээн дэлхийн гигантууд хариу­лах зуур Оросын хэвлэлүүдэд “Монголын дорнод талд 22 мянган тонн ураны нөөц бий” хэмээн бичжээ. Үнэхээр ч өмнийн говиос гадна Дорнодын сав газар хөдөлгөөнд орж, бас үнэ цэнэ нь нэмэгдэж эхлэх нь тэр. Хуучнаар ЗХУ-ын үед геологи, хайгуулыг нь хийсэн Дорнод, Гурванбулагийн ураны орд газарт монголчууд оросуудтай хамтран ажиллана. Харин түүнийх нь “бэлгэдэл” нь “Дорнод-Уран” хязгаарлагдмал хариуц­лагатай хамтарсан компани юм. Тус компанийн 49 хувийг ОХУ-ын “Атомредметзолото” эзэмших бол 51 хувийг нь “Мон-Атом” төрийн өмчит компани эзэмшинэ. Хэдийгээр хоёр тал эзэмших хувь хэмжээн дээр тохиролцож чадалгүй удсан ч В.Путин “РосАтом”-д өнгөрсөн жил 60 тэрбум рубль төсөвлөж өгснөө мэдэгдэж, “Дорнод-Уран” компани байгуулах “виз” олголоо. Тус компанийн Удирдах зөвлөлийг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тун удахгүй байгуулна. Гэхдээ хоёр тал хэн, хэнийг тус зөвлөлд оруулах тал дээр бас л тохиролцох бололтой. Эх сурвалжуудын хэлснээр, энэ асуудал маргаантай байгаа гэсэн. Гэвч “Дорнод-Уран”-ы оператор компани хаанахын ямар хөрөнгө оруулагчийнх вэ. Энэ асуултын хариулт бараг тодорхой. Учир нь ирэх жилээс уран олборлож эхэлбэл Ангарскийн үйлдвэрийг түшиглэнэ гэдгээ албаны хүмүүс мэдээлж байсан юм. Тиймээс оператор компани шалгаруулах тендер зарлахгүй. Харин оросууд “Дорнод-Уран” компанид 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Үйлдвэр байгуулмагц эхний ээлжинд 1000 хүн ажлын байртай болно. В.Путин монголчуудтай өөр нэгэн тохиролцоо хийсэн нь энэ. Оросууд их өрийн үлдэгдэл дээр тохиролцсон даруйдаа монгол малыг вакцинжуулахад зориулж 375 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Кремлийн цаг ийнхүү түүхэн олон үйл явдлын ээдрээг тайллаа. Оросууд гар султай ч гэж.

Ардын намын дарга С.Батболд Москвагаас тун сэтгэл хангалуун буцсан нь мэдээж. Учир нь оросууд намынх нь архивыг сэргээхэд ихээхэн туслалцаа үзүүллээ. ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Грызлов, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов нартай уулзах үеэр намын архивыг сэргээх тухай яриа өрнөсөн юм. Хаалттай хаалганы цаана өрнөсөн энэхүү ярианы үр дүнд Ардын намын архивын гол хэсгийг дахин бүрдүүлэх боломж бүрдсэн нь тодорхой боллоо. Учир нь тус намын түүхтэй холбоотой ихэнх материал ОХУ-д байсан. Оросууд тэдгээр материалыг Ардын намын даргад хүлээлгэн өгчээ. Энэ зуур Кремлийн цаг ийм мөчлөгийг зааж байна. “Орос орон Дэлхийн худалдааны байгууллагад тун удахгүй элсэнэ. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болно” гэж.     

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж