Азийн пара наадмаас таван медальтай

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Азийн пара наадмаас таван медальтай

БНХАУ-ын өмнөд бүсийн Гуандун мужийн Гуанжоу хотноо Паралимпийн Азийн X наадам энэ сарын 12-19-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Ази тивийн 41 орны 2512 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдсөн тус наадамд манай улсаас спортын долоон төрөлд 37 тамирчин оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртлээ. Улмаар Монголын паралимпийн тамирчид медалийн тоогоор 20, чансаагаар 24 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Харин зохион байгуулагч орон болох Хятадын тамирчид 156 алт, нийт 330 медаль хүртэж, үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Паралимпийн Азийн X наадмаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 800 метрийн зайд Г.Мөнхбат нар мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-д Д.Ганбат, -100 кг-д М.Очирхуяг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд П.Болортуяа нар хүрэл медаль хүртжээ.

Сонирхуулахад, Азийн пара наадмын үеэр зургаан орны 20 тамирчин дэлхийн 17 дээд амжилтыг 21 удаа эвдсэн бол 13 орны 74 тамирчин Ази тивийн 82 рекордыг 98 удаа шинэчлэн тогтоосон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж