30 жил хүлээлгэсэн IX симфони

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

30 жил хүлээлгэсэн IX симфони

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    2010 оны арванхоёрдугаар сарын 16-ны үдэш. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бетховены алдарт IX симфонийг 30 жилийн дараа Монголын тайзнаа дахин эгшиглүүлэх гэж байгаа болохоор хөгжмийн ертөнцийнхөн, сонгодог урлаг шимтэн сонирхогчид яаравчлан ирээд байгаа нь энэ. Ганцхан удаа эгшиглэх алдарт хөгжмийг сонсохыг хүмүүс маш их хүсчээ. Азид анх удаа монголчууд 30 жилийн өмнө яг л энэ тайзан дээр Бетховены IX симфонийг эгшиглүүлсэн болохоор чухам энэ тайзыг сонгож. Харамсалтай нь, зарим хүн буруу ойлголттой байсан бололтой, ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр үнэ төлбөргүй тоглолт болж байгаа гэсэн сургаар урилгагүй хүмүүс ч нэлээд их ирж. Ялангуяа Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд урилгагүйгээр хүрээд ирж. Яаж ийгээд театрын босгыг алхсан тэд үзвэрийн танхим руу нэвтэрч орж чадахгүй бухимдаж зогсох. Хөгжим бүжгийн коллежийн сурагчид бололтой бяцхан охид хөвгүүд “Ядахдаа хаалгаа онгойлгочих тэгэх үү, бид зүгээр л симфонио эндээс сонсчихьё” гэж үнэн сэтгэлээсээ царай алдан гуйж байлаа. Ингэсээр хамтран зохион байгуулж байгаа Улсын филорманийнхан хийгээд дуурийн театрынхан хэл амаа ололцов бололтой, суудал хүрэлцэхгүй байгаа хүмүүсийг быльэтажинд чимээгүйхэн орж зогсоод үзэхийг зөвшөөрөв. Быльэтажны шатан дээр охид, хөвгүүд болжмор шиг зээглэн суугаад аугаа Бетховены хөг эгшгийг амьсгаа даран сонсоно. Үнэхээр л урлагт сэтгэлтэйн шинж болов уу? Партерын суудал ч битүү. Гадаадынхан ялангуяа германчууд нэлээд их ирсэн бололтой. Хааяа нэг сахилгагүй үзэгчийн чихрийн цаас шажигнуулан, шивэр авир ярихыг эс тооцвол бүгд л амьсгаа даран анирлан сонслоо, аугаа Бетховеныг… Ядаж байхад цахилгаан тасарсан уу, нэг хэсэг танхим түнэр харанхуйд эзлэгдлээ. Аппаратур сэлтийн улаан, ногоон гэрэл анивчсаар байхыг үзвэл цахилгаан бүхэлдээ тасраагүй ч юм шиг. Чин сэтгэлтэй үзэгчид гар утас, тамхины асаагуурын жижигхэн гэрэл гялалзуулан хөгжим судлаач н.Оюунгэрэлийн яриаг үргэлжлүүлээ. Тэрбээр хэдийгээр өвчтэй  байсан ч 30 жилд болж байгаа энэ том үйл явдалд оролцохгүй байж зүрхлээгүй учраас эмнэлгээсээ чөлөө аван алдарт симфонийн талаар удиртгал танилцуулгыг хийсэн юм. Аз болж, симфони эгшиглэх хугацаанд цахилгаан дахин тасарч сандаргасангүй. Бас бодох л ёстой асуудал, ийм чухал тоглолтын үеэр цахилгаан тасалдаж л байдаг…

    Омог бардам Бетховен

    Зөрүүд эршүүд байрын уруулаа тас жимийгээд, буурал үсээ арслангийн зогдор шиг сэгсийлгэсэн Бетховен хурц ширүүн харцтай хөрөг зураг тайзнаа заларна. Дэндүү гэмээр эрч хүчтэй, дайчин хурц шийдмэг аялгуунаас түүний омог бардам, нугаршгүй зан чанар үнэртэх шиг, тэртээ 200 зуугаад жилийн өмнө тэргүүнээ омог бардмаар өргөн, үсээ сэжин алхах ихэмсэг Бетховены дүр төрх нүднээ амилаад ч ирэх шиг. Хөгжмийн ертөнцөд эргэлт хийсэн түүний амьдрал шагширч баршгүй аугаа бүтээлүүдийнхээ адил гайхашрам. Түүний амьдралын талаар домог мэт яриа, судлаачдын бүтээл, тусгайлсан ном, кино зохиол ч байдаг. Суутнуудын амьдрал суу билэг шигээ тайлагдашгүй оньсого байдаг юм уу ч гэмээр нь Бетховены амьдрал зүрх шимшрэм гунигтай. Тэрээр алдарт IX симфонио бичихдээ аль хэдийнэ таг дүлийрсэн байлаа. Хөгжмийн зохиолч, удирдаач хүн дүлийрнэ гэдэг төсөөлөхөд ч бэрх аймшиг. Бетховены талаар ам дамжсан нэгэн ярианд өөрийнх нь хөгжмийг тоглож байгааг сонссон мэт дүр эсгэж байснаа “Дажгүй зохиол байна шүү” гэж хэлээд гарч байсан гэдэг яриа байдаг. Тэр цуцашгүй дайчин, ирмэг омголонгийнхоо хэрээр өөрийнхөө сонор алдагдсаныг хүмүүст мэдэгдэхгүйг хичээдэг байсан гэдэг. Хэдийгээр түүнийг дүлийрсэн гэдгийг хүн бүхэн мэдэж байсан ч өөрөө шинэ симфонио удирдана гэсэн хүсэлтийг нь хэн ч эсэргүүцэж чадсангүй. Дүлийрсэн өвгөн зохиолчийг өрөвдсөн хөгжимчид Бетховены хүсэлтийг ёсоор болгон үнэн хэрэг дээрээ концертмейстерийнхээ ерөнхий дохилтоор симфонио удирдан явуулахаар сэм тохиролцсон байлаа.

    Бетховен бүр 23 настайдаа өдгөөгийн Европын холбооны улсын сүлд болоод байгаа шүлэгт аялгуу хийх гэж бодож мөрөөдөж явсан гэдэг. Сэтгэлдээ эгшиглүүлж явсан аялгуугаа дүлийрсэн хойно 50 настайдаа бүтээл болгон эгшиглүүлж, сэтгэлдээ эгшиглэж байгаа айзам хэмнэлээрээ бүхэл бүтэн симфони оркестроо удирдав. Яг л сонор сонсголтой мэт огцом өргөлт дээр гараа дүүлж буй цахлай шиг цэхлэн, нам хэсэгт өвдгөө мэхийлгэн, гараа унжуулж, сэтгэлдээ байгаа айзмаар дохиж байлаа.  Харамсалтай нь, тэр төгсгөл хэсэг дээр бага зэрэг хэмжээ алджээ. Хэдийгээр симфони аль хэдийнэ дууссан ч удирдаач сэтгэлдээ эгшиглэх хөгжмийн аясаар гараараа дохисоор байв. Түүнийг эвгүй байдалд орох вий гэхдээ гоцлол тенор нь аяархан мөрөнд нь хүрч, удирдаачаа үзэгчид тийш эргүүлэн харуулав. Гайхалтай аялгуунд биширсэн үзэгчид аль хэдийнэ алга нижигнүүлэн ташиж байлаа. Тэр хэдийгээр үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг чихээрээ сонсоогүй ч бахдаж биширсэн сэтгэлийн илэрхийллийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч чадсан гэдэг. Тухайн үед зөвхөн эзэн хаанд гурван удаагийн алга ташилт зориулдаг байсан бол аугаа Бетховенд биширсэн үзэгчид нь таван удаагийн нижигнэсэн алга ташилт бэлэглэж, түүнийг тайзнаас буулгах ч хүсэлгүй байлаа.

    30 жилийн дараахь IX симфони

    Энэ үдэш ч мөн Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн хамт олны эгшиглүүлсэн IX симфонийг Монголын үзэгчид ч нижигнэсэн алга ташилтаар хүлээн авав. Гайхалтай нь хөгжмийн удирдаач нь энэ л симфонийг Азид анх удаагаа эгшиглүүлсэн Ц.Намсрайжав агсны хүү Н.Бүтэнбаяр байлаа. Гучин жилийн дараа аавынхаа энд хүрсэн бүтээлийг хүү нь удирдсан ховорхон бөгөөд гайхалтай хувь тавилангийн тохиол биз ээ. Яг 30 жилийн өмнө энэ хөгжмийг тоглож байсан ахмад уран бүтээлчид үзэгчдийн суудлаас аугаа удирдаачийн мөрийг залган яваа хүүг нь бахархан харж байлаа. Социализмын хэмээх тэр он жилүүдэд алдарт Бетховеныг амилуулах үеийн дурсамжийг тухайн үеийн Соёлын яамны дэд сайд байсан Баатарзоригт хуваалцлаа. Идэрмэг шаламгай алхаагаар тайзан дээр гүйх шахан гарч ирсэн тэрбээр хөгжимчид, найрал дуучдаа нүдээрээ бүртгэн харангаа тухайн үед тоглож байсан бүрэлдэхүүнээс хэд хэдэн хөгжимчин, дуучин байгааг нэрээр нь зааж хэлж аргагүй л ажлаа мэддэг хүний ёсоор түүх хүүрнэнэ.

    1981 оны арванхоёрдугаар сар. Тухайн үед Зөвлөлт Монголын найрамдлын сарын аян гэж нүсэр арга хэмжээ болдог байж. Сарын ажлын хүндэтгэлийн концерт давхцаад байхад тэр олон хөгжимчин, дуучинг урьж, хөрөнгөтний Германы аяыг тоглох гэлээ гэсэн саад ч бас байж. Ц.Намсрайжав ахайтан тэр үед хөгжмийн ертөнц дэх нэр нөлөө, сүр хүчээрээ далайлган, байр суурин дээрээ бат зогсч байж IX симфонийг Азид анх удаа аялгуулах боломжийг арайхийн бүрдүүлж. Энэ удаа ч хүү нь яг 30 жилийн дараа аавынхаа орыг залгах гэж ихэд хичээсэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан “Айда” хэмээх том дуурь бүтээх нүсэр ажилтай золгосон. Үүний зэрэгцээ IX симфонио товлосон цагт нь бүтээх гэж ихэд хичээх хэрэгтэй болж. Харин Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан цаг тулгуу үед ихэд тус нэмэр болсон гэж онцолж байсан. Элчин сайд ноён Пишер монголчууд энэ алдарт аялгууг амилуулсанд баярлаж, бахархаж буйгаа илэрхийлэнгээ “Дахиад битгий 30 жил хүлээлгээрэй” гэж Н.Бүтэнбаяр эрхмээс аминчлан гуйж байлаа. “Аавынхаа хийсэн бүтээсний эхний алхамтай ч гэсэн зэрэгцэх гэсэн миний чин хүслийн нэг биеллээ” гэж  Н.Бүтэнбаяр эрхэм догдлон хэлсэн. Магад түүн шиг аз жаргалтай бардам хүн энэ үдэш байгаагүй байх. Тэр энэ үдшийн эзэн хаан байв. Аавынхаа ая эгшгийг үргэлжлүүлнэ гэдэг том хувь тавилан аз завшаан. Дашрамд сонирхуулахад Н.Бүтэнбаярын хүү Н.Амгалан энэ үдшийн урилга, өргөмжлөл, засал тэргүүтнийг аавдаа, өвөөдөө зориулан бүтээсэн гэнэм. Аугаа суутнуудын эгшиг цуурай, аав хүүгийн залгамж халаа тасрахгүй нь энэ бөлгөө…

    240 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд аугаа Бетховен хорвоод мэндэлж, дэлхийн хөгжмийн түүхийг эргүүлэх их хүчээ тунхаглан зарласан бол 30 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд Ц.Намсрайжав агсан Азид анх удаагаа Бетховены IX симфонийг эгшиглүүлжээ. Арванхоёрдугаар сарын 16…

    А.АЛТАНТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж