“Цалингийн ялгаа дэндүү их байна”

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Цалингийн ялгаа дэндүү их байна”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цалин гэдэг амьдралын баталгаа төдийгүй тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж байдаг. Өнөөдөр өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс авдаггүй хүмүүс уруу доройхон яваа нь нууц биш. Гэвч ажил хийдэг хэр нь авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүйгээс сэтгэлийн зовиуртай яваа нь тэднээс дутахгүй олон байна. Энэ талаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар ийн өгүүлж байна. -Өнөөдөр манай улсын мөрдөж буй цалингийн доод хэмжээ дэндүү бага байна. Үүнийг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компа­ниуд цалингийн доод хэм­жээгээр цалинжуулан, хүмүү­сийн хөдөлмөрийг мөлжин шулж байгаа нь нууц биш. Өөрийн эх орондоо байгаа хэр нь гадныханд дээрэлхүүлэн асар бага хөлсөөр асар их хөдөл­мөр хийж байгаа эдгээр хүмүүсийн эрх аш­гийг хамгаалах талаар төр засгийн зүгээс бодох цаг болсон. Тиймээс шинэ он гарангуут бид цалин хөлсний доод хэмжээг 200 мянгаас доошгүй хэмжээнд хүргэх талаар Засгийн газар болон бусад талуудтай зөвшилцөх болно. Нөгөөтэйгүүр цалин хөлсний хэмжээ хэд хичнээн байх вэ гэдгийг гагцхүү ажил олгогч л шийдэж буй нь буруу юм. Ажил олгогчийн дураар тогтоосон цалингийн хэмжээнд л ажилллаж байна, хүмүүс. Зүй нь  ажил олгогч, ажилтан ажилчидтайгаа зөв­лөж байж цалингийн хэмжээг тог­тоох учиртай. Хамтын гэ­рээ гэдэг зүйлийг бүрэн хэрэг­­жүүлэх цаг хэдийнэ бол­сон. Тухайн аж ахуйн нэгж байгууллага хэдий хэмжээний ашиг орлого олж, хэдэн хувийг нь цалинд зарцуулж байгааг дарга, нягтлан хоёр л мэддэг. Бусад хүмүүст энэ мэдээлэл нууц байдаг. Гэтэл олж буй цэвэр ашгийг компанийн удир­­­­­­­­­длага ажиллагсадтайгаа хуваал­цаж байх учиртай. 50:50 хувиар биш гэхэд 60:40 ху­виар хүмүүстээ хүртээж гэмээнэ шударга тогтолцоо бүрдэх төдийгүй тэр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэж эхэлнэ шүү дээ.

    -Байгууллагын  ашиг ор­­­­­­­­­ло­гын хэчнээн хувь нь ца­линд зарцуулдгийг хүмүүс мэддэггүй гэлээ. Улс орны хэмжээнд нийт баялгийн хэдэн хувь нь хүмүүст цалин болж очдог бол?

    -Монгол Улсын хэмжээнд нийт баялгийн 21 хувь нь л  цалин хөлс болон хүмүүсийн гарт хүрдэг гэсэн статистик бий. Энэ бол үнэхээр чам­лахаар тоо. Баялгийг бү­тээн босгож буй хүмүүст ядаж 50 хувийг нь хүртээх ёстой биз дээ. Хөгжингүй улс орнуудад бол нийт баялгийн 60-70 хувь нь хүмүүстээ хүрдэг байх жишээтэй.  Хүмүүст хүрч буй хувь хэмжээ ч харилцан адил­гүй байна. Улсын хэмжээнд цалингийн дээд, доод хэмжээ хэт зөрүүтэй байна. Дээдчүүд сая гаруй төгрөг сардаа авч байхад ихэнх нь амьдралаа залгуулах төдий, тэр дундаа 108 мянган төгрөгөөр цалин­жиж буй хүмүүс цөөн­гүй байгаа. Цөөн хэдхэн хүн асар өндөр цалин хангамж авч байгаа нь хөдөлмөрийн хөлсний зөрүүгээр нийгэмд баян хоосны ялгааг бий болгоод байна гэсэн үг.

    -Инфляци хэлбэлзэж, ба­раа бүтээгдэхүүний үнэ байн­­га нэмэгдсээр байгаа ч хүмүү­сийн цалин хөлсөнд эдгээрийг тусгадаггүй. Үүнээс болж гар дээр авч буй цалингийн үнэ цэнэ улам буураад байх шиг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
    -Дахиад л гадаадын жишээ татах болох нь. Гадаадын улс оронд бол өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн хэлбэл­зэл, инфляцийн өөрчлөлтийг цалинд суулгаж байдаг. Өө­рөөр хэлбэл инфляци гурван хувь өсвөл цалин мөн төдий хэмжээгээр нэмэгдэж байх жишээтэй. Гэтэл манайд эдгээр хүчин зүйлийг огтхон ч тооцохгүй байна. Үүнээс болж хүмүүсийн цалин хөлсний үнэ цэнэ буурч, авч буй хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй болоод байгаа хэрэг. Гадаадын туршлагыг нэвтрүүлье гэхээр төр засаг нь хүчилдэггүй. Ийм нөхцөлд ажил хөдөлмөр эрхлэгчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зоригтой дуу­гар­даг л байх хэрэгтэй. Бидний зүгээс чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Он гармагц эхний ээлжинд цалингийн доод хэмжээг өсгөх талаар зөвшилцлийн ширээнд суух болно.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж