108 мянга амьдралын баталгаа болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

108 мянга амьдралын баталгаа болж чадах уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цалингийн интервалд харуулснаар нийт ажиллагсдын 4.2 хувь нь 108 хүртэлх мянган төгрөгийн цалинтай бол 3.9 хувь нь 108 мянган төгрөгийн, 13.7 хувь нь 108-150 мянган төгрөгийн цалин авч бүтэн сар ажиллаж буй юм.

    Монгол Улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 төгрөгөөс хөдлөлгүй хэдэн жилийг үдэж байна.  Өнөөдөр 108 мянган төгрөгөөр сарын хүнсээ ч бүрэн цуглуулж амжихгүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Чинээлэгхэн хүмүүсийн нэг өдрийн хэрэглээ ч байж мэдэх энэ мөнгөөр бүтэн сар гол зогоож байгаа хүмүүс цөөнгүй байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд явуулсан цалин хөлсний түүвэр судалгааны дүн саяхан гарчээ. Нийт 5000 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан түүвэр судалгаагаар хүмүүсийн үндсэн цалингийн дундаж улсын хэмжээнд 230.5  мянган төгрөгт хүрсэн гэсэн дүн гарчээ. Энэ үзүүлэлт бүс нутаг бүрт харилцан адилгүй байна. Улаанбаатар хотод 246.2 мянган төгрөг, төвийн бүсийн аймгуудад 234.5 мянган төгрөг, зүүн бүсэд 211.7 мянган төгрөг, Хангайн бүсэд 213.6 мянган төгрөг, баруун бүсэд 215.9 мянган төгрөг байгаа ажээ.

    Манайханд цалингийн талаар нэгдсэн ойлголт тогтоогүй бөгөөд зэрэг, дэв, албан тушаалын нэмэгдэл, хоол унаа, түлш, дулааны олговор, шагнал урамшууллыг цалинд багтаан ойлгож заншаагүй байдал нийтлэг ажиглагджээ. Уг нь бол цалин хөлсний бүтцэд шөнийн болон илүү цаг, амралтын өдөр ажилласан бол үндсэн цалингаас тооцсон нэмэгдэл хөлс, нийтээр амарсан баярын өдрүүдэд ажилласан нэмэгдэл, үндсэн ажлынхаа зэрэгцээ өөр ажил мэргэжил, албан тушаал хавсран гүйцэтгэсний хөлс гэхчилэн олон зүйлсийг хамруулан оруулдаг байна. Тэр бүү хэл сүүлийн сард авсан шагнал урамшууллыг багтаах учиртай аж. Энэ бүхнийг  тооцон үзвэл хүмүүсийн гар дээр очиж буй цалингийн хэмжээ бага биш гэж мэргэжитнүүд тайлбарлаж байна. Үндсэн цалингийн дундаж болох 230.5 мянган төгрөг нь нийт гар дээр авч буй мөнгөний 87.4 хувийг эзэлж буй бөгөөд үүн дээрээс 27 орчим мянган төгрөгийн нэмэгдэл, 6.2 мянган төгрөгийн олговор нэмэгддэг гэж түүвэр судалгаанд дурджээ. Эндээс харвал үнэхээр ч цалин багагүй мэт санагдаж  болох талтай. Гэвч өнгөрсөн аравдугаар сард нэмсэн төрийн албан хаагчдын цалингийн 30 хувийн нэмэгдлийг эс тооцвол сүүлийн жилүүдэд цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцийн төвшин байнга өсөн нэмэгдсээр ирсэн тул та бидний авч буй цалингийн үнэ цэнэ сар тутамд доошилсоор ирснийг хэрхэн ойлгох вэ. Захын айлын эзэгтэйгээс асуухад л  төгрөг цаас болсныг батлаад өгнө. Хоёр жилийн өмнө 100 мянган төгрөгөөр сарын хүнсээ цуглуулдаг байсан бол өдгөө 10 мянган төгрөг гурав хоногийн хүнсэнд ч хүрэлцэхгүйд хүрээд байгаа. Ингээд бодвол дээр өгүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ үнэндээ л инээд хүрмээр тоо юм.  Гэтэл энэхүү хөдөлмөрийн хөлсний хэмжээнд дүйцүүлэн цалингаа тооцдог байгууллага олон бий. Хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаар нь тооцож төлдөг болохоор ажил олгогч нар аль болох цалин нэмэхгүйг л хичээнэ. 108 мянгаас нь хальт дээгүүр бариад байхыг бодно шүү дээ.

    Цалингийн интервалд харуулснаар нийт ажиллагсдын 4.2 хувь нь 108 хүртэлх мянган төгрөгийн цалинтай бол 3.9 хувь нь 108 мянган төгрөгийн, 13.7 хувь нь 108-150 мянган төгрөгийн цалин авч бүтэн сар ажиллаж буй юм. 150-300 мянган төгрөгийн цалинтай хүмүүс дийлэнх олонх байгаа бол 450-500 мянган төгрөг сард авдаг нь 1.4 хувь, 500 мянгаас дээш цалин авдаг нь 2.5 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авч буй хүмүүсийн олонх буюу 37.9 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-д, 24.7 хувь нь хувьцаат компани /ХК/-д ажилладаг гэсэн дүн гарчээ. Хоршоонд ажиллагсдын хоёр хүн тутмын нэг нь, нөхөрлөлийн гишүүдийн таван хүн тутмын нэг нь 108 мянгаас бага цалин авч байгаа нь анхаарал татахгүй байх аргагүй. Хэлэхэд ч ичмээр ийм бага цалинг үйлдвэрчний эвлэл болон бусад ажиллагсдыг төлөөлөх байгууллагагүй газрууд голчлон олгодог нь ч батлагджээ. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгтэй хэн хүнгүй санал нэгдээд байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчийн зүгээс ч шинэчлэн тогтоохыг зөвлөөд байна. Ирэх 2011 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх хувилбарыг мэргэжлийн байгууллагууд боловсруулжээ. Хамгийн боломжит хувилбар нь одоо байгаагаас 25 хувь нэмэгдүүлэх гэж үзжээ. МҮЭ-ийн байгууллагын зүгээс 200 мянган төгрөгөөс дээш тогтоох байр суурьтай байгаа ч ийн огцом нэмэгдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтэд томоохон нөлөө үзүүлэх магадлалтай, хэрэгжих үндэслэл муу гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд хэлж байна.

    Түүвэр судалгаанаас харахад цалин хөлсний дундаж бүс нутгаар харилцан адилгүй төдийгүй хүйсийн хувьд ч ялгаатай байна. Одоогийн байдлаар эрчүүдийн хувьд үндсэн цалингийн дундаж 242.6 мянган төгрөг бол эмэгтэйчүүдийнх 219.3 мянган төгрөг ажээ. Нэмэгдэл, олговортойгоо бол эрчүүд сард дунджаар 280.2 мянган төгрөг авч байхад эмэгтэйчүүд тэднээс 31.5 мянган төгрөг буюу 11.2 хувиар дутуу цалин авдаг байх юм. Үүний гол шалтгаан нь уул уурхай, барилга, тээвэр, эрчим хүч, төрийн удирдлага, батлан хамгаалах зэрэг бүтээмж, санхүүгийн чадавх өндөр, цалин хангамж сайтай  салбарт эрчүүд голдуу ажилладагтай холбоотой ажээ. Гэтэл боловсрол, эрүүл  мэнд, худалдаа үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, нийгмийн халамж  зэрэг гүйцэтгэх салбарт ажиллагсдын олонх нь эмэгтэйчүүд. Бага ангийн багш нарын 94 хувь, дунд ангийн багшийн 71 хувь, техник мэргэжлийн сургуулийн багш нарын 60 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Эмэгтэйчүүд олноор ажилладаг салбарт ч эрчүүд өндөр цалин авдаг нь судалгаагаар батлагджээ. Үүнийг  удирдах албан тушаалд эрчүүд голчлон томилогддогтой холбон тайлбарласан байна. Тиймээс цаашид уул уурхай, аялал жуулчлал, ноос нооолуур, банк санхүү зэрэг цалин өндөр, таатай орчин бүхий салбарт эмэгтэйчүүдийг ажиллуулах зохицуулалтыг хийх шаардлагатайг судалгаа харуулна.

    Д.Цээпил

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж