“Бага хурлаас бид бодит хөтөлбөр гаргах ёстой. Бид хориг арга хэмжээний эсрэг ямар хориг арга хэмжээ авах вэ? Биднийг сүйрүүлэхийг хүсч буй хүмүүст бид дэндүү удаан хугацаанд дэндүү сайн хандаж ирлээ. Британийн 400 компани энд чөлөөтэй үйл ажиллагаа эрхэлж, биднээс ашиг олж байгаагийн учир юу вэ?” гэж тэрбээр хэлэв. Түүнчлэн “Өшөө авах цаг ирсэн байна” гэж нэмжээ.
Гадаадын компаниуд хөрөнгө оруулалтын 51 хувийг таван жилийн дотор төрийн мэдэлд олгохыг шаарддаг Зимбабвегийн Эдийн засгийг хүчирхэгжүүлэх актыг ноён Мугабе хангалтгүй байна хэмээн шүүмжилж байна.
“Бид 51 хувиас эхлэх боломжтой. Зарим тохиолдолд Британи болон бусад орны компаниудад “Бид ердөө 51 хувийг л авсан. Харин хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол энэ хэмжээг 100 болгоно” гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлж байна.
2002 онд Европын холбоо болон АНУ хүний эрхийг дээд хэмжээнд нь хүртэл зөрчиж буй Мугабе болон зарим албан тушаалтангийн эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм. Харин Мугабе энэ шийдвэрээс болж тус улсын эдийн засгийн одоогийн хүндрэл гарч байна гэдэг. Зимбабвегийн ажилгүйдлийн төвшин одоо 90 хувиас давж, инфляци 231 сая хувьд хүрээд байгаа билээ.
Эдийн засгийг хүчирхэгжүүлэх актыг эрх баригч ЗАНУ-ПФ нам баталж, энэ оноос хүчин төгөлдөр болж байгаа билээ. Үүнийг сөрөг хүчин болох Ардчилсан шинэчлэл намын тэргүүн, Ерөнхий сайд Морган Цвангирай ихээхэн шүүмжилдэг юм.
Роберт Мугабегийн хувьд Зимбабве улс тусгаар тогтносон 1980 оноос хойш төрийн эрхэнд байгаа юм. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Мугабе болон Цвангирай нар өрсөлдсөн ч Ардчилсан шинэчлэл намын зүгээс сонгуулийг булхайтай болсон хэмээн сөргөлдсөн ч улмаар гомдлоо татан авсан билээ. Мугабе Ерөнхийлөгчөөр сонгогдож, Цвагирайг Ерөнхий сайд болгосон бөгөөд Ардчилсан шинэчлэл нам парламентын сөрөг хүчин болсон юм.
Баасан гаригт Мугабе “Сөрөг хүчнийхэнтэй хамтран ажилласаар залхаж байна. Энэ намд бодлого, үзэл суртал алга” гэсэн төдийгүй одоогийн хамтарсан Засгийн газрыг “адгуус” гэж нэрлэжээ. Түүнчлэн барууны дипломатуудыг ирэх онд болох Зимбабвегийн сонгуульд хутгалдахгүй байхыг сануулж байна. Мугабегийн үзэж буйгаар 2008 оны сонгуулийн ялагдалд барууныхан буруутай гэж байгаа аж.
“2008 оны сонгуульд Америкийн Элчин сайд хүртэл ЗАНУ-ПФ-ийн эсрэг суртал ухуулга хийж, Ардчилсан өөрчлөлт хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Энэ зүйл ирэх онд давтагдахгүй. Сонгуульд хутгалдсан ямар ч элчин сайдыг бид хөөн гаргах болно. Бид тэдэнд хэтэрхий сайн хандаж байсан” гэж Мугабе хэлж байна.
Дэлхийн хамгийн буурай улс болох Зимбабве цагтаа Африк тивийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн бүс байсан бол бүх цагаан арьст фермерүүдийг хөөж, эзэмшлийн газрыг нь нутгийн ямар ч туршлагагүй иргэдэд өгсөнөөс хойш инфляцийн аюул, өлсгөлөн, мөнгөний ханшийн уналт зэрэг аюул учирсан юм. Инфляцийн төвшин 1998 онд 32 хувь болсон бол 2008 оны наймдугаар сарын байдлаар Үндэсний статистикийн газраас гаргасан тайланд инфляци 11,2 сая хувь болтол өсч, дэлхий дахиныг алмайруулсан билээ. Үүнээс болж төв банкны зүгээс 100 тэрбумтын дэвсгэрт гаргасан нь хэдхэн ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан юм. Өмнө нь 24 зимбаб доллар нэг ам.доллартай тэнцэж байсан бол инфляцийн өсөлтөөс болж төв банкнаас 2009 оны хоёрдугаар сард 1,000,000,000,000-тын дэвсгэрт танилцуулсан нь ердөө нэг ам.доллартай тэнцэх хэмжээ болсон юм.
Эдийн засгийн чөлөөт уналтын гол шалтгааныг барууны судлаачид ерөнхийлөгч Роберт Мугабегийн засаглал, газар тариалангийн салбарын шинэчлэл гэж нэрийдсэн бодлоготой холбон тайлбарладаг юм. Зимбабвегийн эдийн засгийн гол ноён нуруу гэгдэж байсан 4000 орчим цагаан арьст фермерийг хөөж, эзэмшлийг нь сая гаруй хар арьст зимбабвечүүдэд өгсөн билээ.