Тусгаар тогтнолын баталгаа мал биш

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын баталгаа мал биш

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын хуулийг батлахдаа “Мал сүргийг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хөндөж болох боломжийг нээлттэй үлдээлээ. Энэ талаар тайлбар хийнэ үү?

    -1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед Ардын их хурлын депутатуудын 70 орчим хувь нь нэгдлийн дарга нар байсан юм. Тэр үед нэгдлийн дарга нар маань нэгдлийг хувьчлуулахгүй байх санааг агуулж Монгол мал бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг оруулсан юм. Энэ Үндсэн хуулийг батлагдсанаас хойш 18 жилийн нүүрийг үзлээ. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөн нэгдлийн мал хувьчлагдчихсан. Иймд одоо өмчийг ялгавартайгаар Үндсэн хуульд оруулж өгч байна гэсэн үг л дээ. Энэ нь бас Үндсэн хуулийн “Өмчийг төрөл хэлбэрээр нь ялгаварлан үзэж болохгүй” гэсэн 16-р зүйлтэйгээ зөрчилдөөд эхэлсэн. Зөвхөн нэг төрлийн өмчийг төрийн хамгаалалтад авна гэсэн хууль зүйн зөрчил үүссэн хэрэг. Үүнтэй холбоотойгоор малын хулгайг бусад өмчийн хулгайнаас илүү хүндрүүлэх нөхцөлтэйгөөр яллах зэрэг нөхцөл үүссэн. Р.Раш гишүүний хэлдэг “Мал тусгаар тогтнолын баталгаа” гэвэл хэн ч ойлгохгүй. Мал тусгаар тогтнолын баталгаа биш, харин хүн бол баталгаа.

    -Монгол Улсын онцлог гэж байхгүй юу?

    -Олон улсад энэ зохицуулалтыг тайлбарлахад бас их төвөгтэй. Төрийн хамгаалалтад “хүн” байх ёстой байтал “мал”-аа хамгаалалтад байна хэмээн онцлон заасан нь ямар учиртай юм бэ гэж асуудаг. Жишээлбэл, гадаадад явж буй Монгол иргэний эрхэнд халдсан бол төр иргэний хамгаалж дипломатчаа явуулж, хамгаалж өмгөөлөх тал дээр ажиллана. Гэтэл гадаадад арилжаад явуулсан малынхаа хойноос “хамгаалалтад байдаг малыг маань зодож байна” гээд төр хамгаалах хэрэг үү.

    -Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг хуульчилснаараа ямар давуу талтай вэ?

    – Миний таамаглаж байгаагаар улс төрийн тохиролцоо, хэн дуртайгийнх нь дураар Үндсэн хуулийн өөрчлөлт явчихгүй. Энэ журмын хуулиар нилээд хүнд давааг давж байж өөрчлөлт оруулахаар болгож байгаа. Өмнө нь ямар ч даваа, хориг цээр байгаагүй.

    -Өмнө Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтүүд араасаа маргаан дагуулж байсан, хуульчилснаар өмнөх алдаагаа засах боломж бүрдэх үү?

    -2000 оны долоон өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүртэл журмын хууль хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл тухайн өөрчлөлтүүд Үндсэн хуульдаа суучихсан, зүйл заалт болоод явчихсан байгаа. Журмын хуульд анхаарах ёстой зүйл байгаа юм. Тэр нь 2000 оны Үндсэн Хуульд оруулсан долоон нэмэлт бол хуулиар журамлаагүй улс төрийн тохиролцоогоор хийгдчихсэн зүйл. 

    -Журмын хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналууд гарах нь тодорхой. Гэхдээ сонгууль болох хугацаа дөхсөн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалт байдаг биз дээ?

    -Үндсэн хуульд сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж заачихсан байгаа. Одоо бол зургаан сар нь эхлээгүй байгаа. Ирэх 2012 онд Үндсэн хуульд өөрчлөлт орох санаачлагууд нээлттэй байна гэсэн үг.

    Э.ЭНХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж