-Ардчилсан намын дэргэд клуб, хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж, нам руу хандсан үйл ажиллагааг идэвхтэй явуулах болов. “Ардчилсан намаа сэрээх” клуб Сүхбаатарын талбайд “Унталт” арга хэмжээ зохион байгуулж байсан бол Ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөнийхөн намын дарга Н.Алтанхуяг огцрох ёстой гэсэн байр суурийг хүчтэй тавих боллоо. Танай клубын цаад зорилго бас намын даргыг өөрчлөх үү?
-Клубын хувьд либератари үзлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, ардчилсан намын үйл ажиллагаа, бодлогод либератори үзлийг бодит ажил болгож тусгуулах гэсэн хоёр зорилготой. Намын одоогийн үйл ажиллагааг харахад шүүмжлэлтэй зүйлүүд нэлээд байна. Тийм учраас үйл ажиллагаанд нь оролцъё гэж байгаа юм. Манай клубээс Ардчилсан нам эхний ээлжинд гурван ажлыг хийх ёстой, эдгээрийг Гүйцэтгэх зөвлөл дэмжээч ээ гэж санал хүргүүлсэн. Харин сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харвал залуучуудын оролцоотой хөдөлгөөн олноор байгуулагдаж, “Ардчилсан намаа сэрээе, намаа шинэчлье” гэсэн хөдөлгөөн өрнөж байна. Энийг бид нэгдүгээрт, нэгэн шинэ үе гарч ирж. Тэдний харж байгаа өнцгөөр одоогийн Ардчилсан намыг маш олон төвшинд өөрчлөх шинэчлэх шаардлагатай байгаа юм байна. Гэхдээ юуг, яаж шинэчлэх гэж байна вэ гэдгийг өөр өөрийн өнцгөөр харж байна гэж ойлгож байгаа.
Ээлжит бус их хурал хөдөлгөөнийхний хувьд маш яаралтайгаар богино хугацаанд ээлжит бус их хурлыг хийгээд намын даргаа огцруулаад, шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, мөрийн хөтөлбөрөө тодорхой болгох ёстой гэж үзэж байгаа. Бид бол намыг даргыг нөгөөгөөр сольсноор ч юм уу, одоогийн Үндэсний зөвлөлдөх хороог нөгөө Үндэсний зөвлөлдөх хороогоор сольсноор асуудал бүрэн шийдэгдэнэ гэж харахгүй байгаа. Бид бол илүү өргөн төвшинд харж байна л даа.
-Өргөн төвшинд харж байна гэхээр одоогийн Ардчилсан намыг үндсээр нь өөрчилнө гэсэн үг үү?
-Бидний хүлээн зөвшөөрдөг онолоор өнөөдөр Монголд гурван төрлийн том шилжилт явагдаж байна. Улстөрийн, эдийн засгийн, оюун санааны гэсэн. Эдгээрээс эдийн засгийн шилжилт харьцангуй хурдан явж байгаа. 20 жилийн өмнөх тогтолцоог харвал 100 хувь төрийн өмч давамгайлж байсан бол одоо 98 хувийг нь хувийн хэвшил аваад явж байна. Энэ бол болж байна. Оюун санааны шилжилт маш удаан явж байгаа. Шашин шинэчлэгдэх хэрэгтэй байна, боловсролын тогтолцоо шинэчлэгдэх шаардлагатай байна. Шүүхийн шинэчлэлт бас хийгдэх ёстой. Ингэж байж, сууриараа шинэчлэгдэнэ. Гэхдээ оюун санааны шилжилт удаан хугацаанд хийгддэг. Хүний нэг үе дуустал. Тэгтэл улстөрийн шилжилт бүр удаан явж байна.
-Яагаад улстөрийн шилжилт удаан явж байна гэж… Хуульдаа байна уу, тогтолцоондоо байна уу?
-Яагаад энэ шилжилт маш удаан явж байна гэхээр бидний олж харснаар манай улстөрийн намууд энэ шилжилтийг хийх хангалттай хүний нөөцтэй, хангалттай бүтэцтэй байж чадахгүй байна. Зөвхөн Ардчилсан нам ч биш. Тиймээс бид хэрвээ Ардчилсан нам улстөрд үргэлж манлайд байж, үргэлж шинэчлэгч юм бол улстөрийн шинэчлэлийг хийгээч ээ гэж хүсч байгаа юм.
-Хүний нөөцгүй дээ биш, жинхэнэ хүнээ гаргаж ирж чаддаггүйд шалтгаан байгаа юм биш үү?
-Үгүй. Монголд 1990 онд Ардчилсан хувьсгал мандсанаар нийгмийн тогтолцоо тэр чигээрээ өөрчлөгдсөн. Ардчилсан нийгэмд шилжсэн учраас Үндсэн хуулиа өөрчлөн баталсан, дараа нь Улстөрийн намуудын тухай хууль батлагдаж, олон намын тогтолцоотой болсон. Яг энэ үед Ардчилсан намыг байгуулсан одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын харж байсан өнцөг одоо гологдоод байгаа байхгүй юу.
-Нийгмийн тогтолцоог тайван замаар бүрэн өөрчилж, ардчилсан нийгэмд шилжүүлж чадсан тэдний үйл хэрэг одоо яахаараа Ардчилсан намыг буруу тогтолцоогоор байгуулсан болж, буруудаад явчихдаг юм?
-Яагаад гэвэл тэдний залуу насан дээр коммунизм өнгөрсөн болохоор улстөрийн намыг коммунист намын системээр л харж байсан байхгүй юу. Одоогийн МАН-ын систем бол коммунист систем ш дээ. Хатуу гишүүнчлэлтэй, дээрээ Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлийн хажууд босоо тогтолцоотой. Ахмадын, эмэгтэйчүүдийн,залуучуудын гэх мэт байгууллагатай. Манай Ардчилсан нам байгуулагдахдаа тэр тогтолцоог нь тэр хэвээр нь 1992 онд хуулбарлачихсан. 2000 онд ч гэсэн бүтцийн хувьд яг адилхан авчихсан. Энэ босоо тогтолцоо чинь өөрөө одоогийн иргэд, сонгогчдын хүсэл шаардлагыг хангаж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу. Тийм учраас иргэд “Одоо намууд юу ч хийж чадахгүй” гэж харж байгаа чинь намын бүтэцдээ гол алдаа байна л гэж харагдаад байгаа юм. Харин орчин үеийн нам, орчин үеийн систем өөрөө юу байдаг вэ гэхээр гишүүнчлэлтэй байх албагүй.
Хошин шогийнхон энэ тухай малчнаар төлөөлүүлэн харуулдаг, санаж байгаа бол. Малчин дөрөв таван намын батлахтай. Аль намын туг хатгасан машин гэрийг нь чиглэн давхина түүнийг нь харж байгаад намын батлахаа гаргаж ирдэг. Нэг талаар зэмлэмээр, гэхдээ нөгөө малчны сонирхол юу гэхээр хатуу гишүүнчлэлтэй байхыг хүсэхгүйд гол санаа оршино. Өөрөөр хэлбэл, малчны хувийн ашиг сонирхол нь аль нэг намд харьяалагдсанаар хангагдахгүй байгааг харуулж байгаа юм. Ийм ашиг сонирхлыг орчин үеийн нийгэмд ашиг сонирхлоороо нэгдсэн жижиг бүлгүүд хангадаг. Жишээ нь, би нийгмийн чиглэлээр явахыг хүслээ гэж бодъё. Төрийн бодлогод хүрэхийн тулд улстөрийн намаар дамжуулж, зорьсондоо хүрэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд Ардчилсан залуучуудын холбоо, эсвэл Нийгмийн ардчилал залуучуудын холбоонд гишүүнээр элсэхээс аргагүй. Гэвч тэнд гишүүнээр элсэхээр ерөнхий юм ярихаас, миний хүсэн хүлээсэн асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллахгүй. Ингээд залуучуудын иргэдийн хүсэл сонирхлыг хангаж чадахгүй болоод ирэхээрээ дээр сууж байгаа хэдэн дарга нар л шийдвэр гаргадаг, юм зохиодог ажил руу орчихдог. Тиймээс л манай клуб намын босоо тогтолцоог халъя. Шууд халчихаж чадахгүй юм чинь эхний ээлжинд холимог тогтолцоо руу оръё” гэж байгаа юм л даа.
-Холимог тогтолцоо гэж клубээс гадна бас нэг бие даасан байгууллагыг хэлээд байна уу?
-Ардчилсан нам дэргэдээ хэвтээ тогтолцоотой, жижиг клуб, ашиг сонирхлоороо нэгдсэн бүлгүүд, мэргэжлийн холбоодыг хүлээн зөвшөөрөөч ээ гэж байгаа юм. Сайн дурын байгууллага гэж ойлголгүйгээр.
-Сүүлийн үеийн мэдээллийг харж байхад Ардчилсан нам Монгол Ардын намынхан шиг залуучуудаа дэмжихгүй байна гэдэг ч юм уу, заавал бусдаас дэмжлэг авч байж үйл ажиллагаа явуулахгүй бол болохгүй юм шиг агуулгатай зүйлүүд нэлээд ярих боллоо. Яагаад өөрсдийн хүч чадлаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж нам дотроо шинэчлэлт, шилжилт хийж болохгүй гэж. Энэнд заавал даргын, Гүйцэтгэх зөвлөлийн оролцоо ямар хэрэгтэй юм бэ. 20 жилийн өмнө Э.Бат-Үүл нарын 13 хүн өлсөж байгаад Ардчилсан нийгмийг Монголд авчирч чадсан л биздээ?
-Хүлээн зөвшөөрч байна. Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, зөвхөн Ардчилсан намд биш, ерөөс нийгэмд залуучуудын оролцоо маш сул байна. Жишээ хэлье. Монгол Улсын хүн амын 70 хувь нь залуучууд, 20 хүрэхгүй хувь нь ахмадууд. Гэтэл яагаад төрөөс гарч байгаа шийдвэр ахмадуудад зориулагддаг вэ. Цалин нэмэх тоолонд яагаад ахмадуудын тэтгэврийг нэмдэг вэ, Нийгмийн халамжийн хуулийг батлахаар яагаад ахмадуудад зориулдаг вэ. Урлагийн тоглолт мөн ахмадуудад зориулсан байдаг. Яагаад гэхлээр ахмадууд залуучуудыг бодвол илүү нийгмийн оролцоотой байгаа юм. Бид өнөөдөр Г.Баасан юу вэ гэж байгаа боловч, энэ хүн жагссаны хүчинд улстөрчдийг дарамталж байгаад ахмадуудын талд шийдвэр гаргуулж чадаж байна. Энэ бол оролцооны л асуудал. Нэг талдаа залуучууд маань завгүй байж мэдэх юм. Гэхдээ л оролцоо нь маш сул болохыг харуулж байгаа. Залуучуудын оролцоо сул байгаа болохоор л бид клубын систем байгуулаад, яваад байгаа нь энэ.
-Гэхдээ сүүлийн саруудад Ардчилсан намын дэргэд клуб, хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм биш үү. Ноднин өдийд таг байсан санагдана?
-Тийм ээ, санал нэг байна. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна, 1990-ээд оны манай намын партизануудын улстөрийг харж байгаа өнцөг, бидний харж байгаа өнцөг хоёр өөр байна л даа. Судлаачийн нүдээр харахад. Өмнө нь би Э.Бат-Үүл гишүүний ярилцлагыг унштал “Манай залуучууд биднийг өшиглөөд гарч ирэх ёстой” гэж хэлсэн байсан. Энэ бол гишүүний өөрийнх нь харж байгаа 1990 оных нь ойлголт. Гишүүнийг тэгж хэлэнгүүт бид намын байрны өмнө жагсах нь л дээ. Одоо бол Ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөнийхөн л Э.Бат-Үүл гишүүний хэлсэн аргаар явж байна. Энэ бол гишүүний өөрийнх нь л хүсээд байгаа арга. Бидний харж байгаа өнцөг бол орчин үеийн улстөр өөрөө албан тушаал биш, нөлөөлөх урлаг. Чи ямар ч албан тушаал хашаагүй байлаа гэсэн чиний үгийг сонсч, тэр дагуу явж байвал чи нөлөөтэй улстөр хийж байна гэсэн үг. Нийтлэлч Б.Баабар, ямар ч улстөрийн албан тушаал байхгүй. Нам дотроо бол Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Сайд нартай харьцуулбал, лааз өшиглөгч. Гэхдээ нэг сайд гараад үг хэлэх, Б.Баабар нийтлэл бичих хоёрын хэн нь улстөрч вэ, орчин үеийн онолоор?
-Б.Баабар л гэж хэлэх юм байна.
-Орчин үеийн улстөр угаасаа л ийм болчихсон. Заавал албан тушаалд очихгүйгээр нөлөөллийн ажлыг хийх бололцоо байна. Тиймээс клубын үйл ажиллагааг маань хамтраад дэмжээч л гэж хүсээд байгаа юм. Түүнээс Э.Бат-Үүл гишүүний хэлсэнчлэн түүнийг улстөрөөс өшиглөж гаргаад, гишүүн болоод тэр өдрөөс “Миний улстөр эхэллээ” гэж хэлэхгүй. Тэр нөлөөллийг хийх боломжийг олгооч, бүтэц рүүгээ оруулаач, хамтарч ажиллаач, гэрээ байгуулаач, дэмжиж өгөөч л гэж байгаа юм. Ойлголтын л зөрүү юм даа.