Ирэх онд эрчим хүчний хомсдолд орох уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Ирэх онд эрчим хүчний хомсдолд орох уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрчим хүчний салбарынхан хүндрэлээс гарахын тулд цахилгаан, дулааны тарифыг 2014 он хүртэл үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг энэ үеэр тус байгууллагын удирдлагууд хэлж байв.

    Эрчим хүч, дулааны салбарынхан сүүлийн хэдэн жилд эрчим хүч дулаан үйлдвэрлэсэн өртгөө нөхөх аргагүй алдагдалтай ажиллаж байгаа тул эрчим хүчний үнээ нэмэх саналтай байгаагаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа. Алдагдалтай ажилласанаас техник тоног төхөөрөмж, парк шинэчлэлт хийх боломжгүй, ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч шийдэж чадахгүй  байгаа гэдгээ тус салбарынхан мэдэгдсэн билээ. Тиймээс өнгөрсөн баасан гаригт  тус салбарынхны төлөөлөл болгон Дулааны цахилгаан станц III ТӨХК-ний үйл ажиллагаатай хэвлэлийнхнийг танилцуулав. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд бодит байдлыг таниулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

    Тус станц нь анх 1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд ашиглалтад орсноос хойш одоог хүртэл 40 гаруй жил тасралтгүй цахилгаан дулаан нийлүүлэн ажиллаж байгаа аж. Нийт 1000 орчим ажилтан албан хаагчтай бөгөөд Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 18.9 хувь, Улаанбаатар хотын 35 хувийг  дангаараа хангадаг байна. Тэд албан байгууллага, айл өрхийг ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  цаг наргүй ажилладаг гэдгээ энэ үеэр хэлж байв. Энэ онд  672.2 сая квт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 20.1 хувийг өөрийн дотоод хэрэгцээндээ зарцуулжээ. Мөн 531.8 сая квт/ц цахилгаан эрчим хүч болон 1808.7 мянган Гкал дулааны эрчим хүч түгээж,  45213.1 сая төгрөгийн орлого олсон байна. Улсын төсөвт энэ онд 4020.9 сая төгрөгийг төвлөрүүлсэн ч хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч чаддаггүйгээс 2001 оноос хойш Улаанбаатар ДЦС ТӨХК-иас 961.3 сая төгрөг, Төвийн бүсийн ДЦС ТӨХК-иас 5203.1 сая төгрөгийн авлагатай байгаа гэнэ. Тиймээс эрчим хүчний салбарынхан хүндрэлээс гарахын тулд цахилгаан, дулааны тарифыг 2014 он хүртэл үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг энэ үеэр тус байгууллагын удирдлагууд хэлж байв.

    Удирдлагуудын танилцуулгын дараа бидэнд тус байгууллагаар зорчих үеийн аюулгүй байдлын удирдамж өгч гарын үсэг зуруулан, хөдөлмөр хамгааллын малгай нөмрөг өмсүүлэв. Гарын үсэг зуруулсан нь тус байгууллагад эрсдэлд өртөх буюу унах бэртэх, дээрээс юм  унах, түлэгдэх хайрагдах магадлал өндөр байдаг тул анхааралтай явж, ямар нэгэн асуудалд хариуцлагаа өөрөө хүлээхийн баталгаа гэнэ. Албаныхан бидэнд “жинхэнэ дулаан цахилгаан хэрхэн үйлдвэрлэдгийг удахгүй харуулна” хэмээн  замчиллаа.

    Эхлээд  “Соёлын төв”  гэж хаягласан хаалгаар орж, 40 жилийн түүхтэй алдарын танхимаа танилцууллаа. Тус станцын жижиг макетыг харахад үнэхээр нүсэр том байгууллага болох нь харагдаж байв. Учир нь хашааны гаднах вагон ачааны болон дотор үйлдвэрлэлийн зориулалтад нийт 70 гаруй га талбайг эзэмшдэг юм билээ. Дараа нь нүүрс бутлах цехэд очив. Тус цехэд вагонд ачсан нүүрсийг хөмрүүлэн бутлах ажлыг хийдэг аж. Вагоныг  машинд суурилуулан 170 хэмийн налуу эргүүлэхэд доор нь нүүрсийг бутлан газар доогуур явуулсаар   нүүрс шигшдэг шугамтай нийлдэг  аж. Буталсан нүүрсийг тусгай зориулалтын усан шүршигчээр тоосжилтыг нь багасгадаг гэнэ. Цехийн гадна байх нүүрсэн уул нь  ойролцоогоор 14 хоногийн нөөц гэнэ. Тус станцад хоногт нэг вагон нь 65 тоннийн хэмжээтэй 70 вагон нүүрс түлж хэрэглэгчдэд цахилагаан дулаан нийлүүлдэг  байна.

    Буталсан нүүрсийг зууханд оруулах дамжлагаас л станцын ажил ид өрнөлөө. Учир нь анх тус станцад орж ирэх үеэс л тоосжилт ихтэй гэдэг нь анзаарагдсан бол энэ цехэд бүр ч ихээр мэдрэгдэж байв.  Харин ажилчид өдөртөө 250 гр сүү уух нормтой гэдгээ энэ үеэр хэлж байсан. Түүнчлэн машин тоног төхөөрөмжийн нүсэр дуунд хашгирч яриад ч нэмэргүй тийм их чимээтэй ажээ. Дараагийн цехэд химийн бодис ашиглаж уурын бүтээгдэхүүн  үйлдвэрлэж компаниудад нийлүүлдэг  гэнэ. Хаашаа л харна орохыг хориглоно, хортой аюултай гэсэн бичиг хадсан тус цехэд байх том тогоонууд хэзээ  мөдгүй хагарчихмаар харагдаж байв.

    Цахилгааны цехийн удирдлагын өрөөнд бүх мэдээллийг цахим хэлбэрт оруулан инженерүүд нь компьютерийн дэлгэцээс бүгдийг хянадаг аж. Энэхүү хянах программыг монгол инженерүүд өөрсдөө зохиож хийсэн гэнэ. Станцын удирдлагууд энэ үеэр “манай байгууллага мэргэжилтэн бэлтгэдэг дамжлага, сургалтын бааз шиг л байна. Учир нь хэчнээн сайн мэргэжилтэн байгаад хангалттай цалин өгч, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж чаддаггүй. Гэтэл  уул уурхайн томоохон компаниуд сая хол давсан цалин амлаад, нийгмийн асуудлыг нь шийдээд өгөхөөр сайн мэргэжилтнүүд маань ажлаас гарч байна. Хуучирч муудсан тоног төхөөрөмжөө сольж, шинэчилж чадахгүй ч  мэргэжилтний хүчээр засч янзалж болдог юм” гэж байв.

    Цахилгаан дулаан нийлүүлдэг цехүүдээр орж явахад техник тоног төхөөрөмж нь үнэхээр хуучирсан болох нь харагдаж байлаа. Ил холбосон цахилгааны утас, зэвэнд идэгдсэн   бүдүүн хоолойнууд,  дусаж буй усыг тоссон жижиг сав, шуудайгаар баглаж боосон  шугам хоолой гээд  тэнд үнэхээр хэзээ мөдгүй ажил зогслоо гэхэд гайхааргүй тийм л орчин байх аж. Ажилчид дор бүрнээ хийх ажлаа хичээнгүйлэн хийж байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хэсэгчлэн хийдэггүйгээс зарим нэг хүндрэл гардаг гэж байв. Тухайлбал, нэг хянах самбарт байх 8-9 хэмжигчээс 2-3-ийг нь солих гэх мэтээр шинэчилдэг байна. Учир нь тоног төхөөрөмж, багажны үнэ өртгөөс болдог гэнэ. Гол бэрхшээл нь хуучин  тоноглол нь 1960 –аад оных байдаг бол шинээр суурилуулсан нь орчин үеийнх тул ажиллахад багагүй хүндрэл гардаг аж.

    Үнэхээр цахилгаан, дулаангүй амьдрана гэдэг хэцүүхэн даваа. Хэдэн жилийн өмнө ДЦС-д гэмтэл гарлаа гээд нийслэл хот нэг өдөр нам гүм байж билээ. Зөвхөн машины гэрэл, хүмүүсийн гаргасан чимээ. Тухайн үед аз болоход дулааны улирал байсан тул даарлаа гэсэн яриа гараагүй. Тэгвэл ирэх онд Монгол Улс эрчим хүчний хомсдолд орж болзошгүй гэж олон улсын экспертүүд үзжээ. Учир нь Эрчим хүчний үйлдвэрүүд маань хагас зуун жилийн өмнөх техник технологи ашиглан, хэрэглэгчдээ дулаан, цахилгаан түгээж байгаа. Энэ нь цаг, минутаар хувьсан өөрчлөгдөх хөгжлийн хурд, хэрэглээний өсөлтийг арай ядан хангаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангаж буй станцуудын тоног төхөөрөмжийн 20 хувь нь эдэлгээний хугацаагаа дуусгажээ. Тэглээ гээд шинэчлэх хөрөнгө мөнгө байхгүй тул хүчин чадлынхаа хэмжээнд хүрч чадахгүй ажиллаж байна. Өнөөдрийн хүн амын өсөлт, түүнийг дагасан дулаан, цахилгааны хэрэглээг хангахын тулд цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг хангах, нүүрсний компаниудад төлөх өрийг яаралтай цэгцлэх, үнэхээр шаардлагатай бол үе шаттайгаар үнээ нэмэх асуудлыг нэг мөр болгохгүй бол ирэх онд цахилгаан ч үгүй, дулаан ч үгүй сууж болзошгүй юм байна.

     

    П.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж