АН-ын бүлэг төмөр замын төслүүдийг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг төмөр замын төслүүдийг дэмжжээ

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус бүлэг өчигдөр өргөтгөсөн байдлаар 20.00 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас хийхээр төлөвлөсөн дөрвөн чухал асуудлаа танилцуулсан байна. Үүнд Тавантолгой орд газрыг гадаадын 11 компани хамтран ашиглахаар саналаа ирүүлсэн төдийгүй Оюутолгойн орд газраас ч илүүтэй урьдчилгаа төлбөр авах бололцоотой тухай танилцуулсан. Утаагүй Улаанбаатар төслийн хүрээнд 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх,  Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тус бүр танилцуулжээ.
Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахад төмөр зам зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газар хоёр хувилбарыг сонгосон байгаа. Ингэхдээ өргөн төмөр зам дээрээ суурилсан бодлого боловсруулаад буй. Эцсийн шийдлийг УИХ-аас гаргах тул одоогоор хариу хэлэх бололцоогүй. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн олонх гишүүн өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь дэмжих хандлага илүү байсан гэдгийг тэрбээр тодотголоо.
Засгийн газрын дөрвөн багц бодлогын гуравт, тухайлбал, төмөр замын хувьд 3000 км төмөр зам, 8000 км авто зам, 100 мянган орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнд нийт 10-15 тэрбум ам.долларын хөрөнгө шаардах юм байна. Эдгээр хөрөнгийг олох бололцоо бий. Тухайлбал, Хятадын Хөгжлийн банкнаас гурван тэрбум ам.доллар авах бололцоотой тухай ярилцсан. Мөн стратегийн орд газруудаа барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох бололцоотойн зэрэгцээ орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ бүх бодлогын баримт бичиг ажил хэрэг болох бололцоо бүрэн байгаа аж. Тиймээс тус намын бүлэг Засгийн газрыг энэхүү бодлогын баримт бичгүүдээ яаралтай УИХ-д өргөн барихыг хүссэн бөгөөд энэ сард багтаан дээрх асуудлыг батлахын төлөө чармайн ажиллах бололцоотой гэдгээ ч мэдэгдсэн байна.
Түүнчлэн Засгийн газар УИХ дахь хоёр намын амлалт болох 1.5 сая төгрөгийг иргэн бүртээ хүртээх аргачлалыг боловсруулж гаргасан. Хамгийн гол нь  УИХ Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллах нь чухал байгаа. Гарман дээр морио сольдоггүйтэй адил, одоо бол хий хоосон улстөржилтөөс илүүтэй, хоёр намын бүлэг Засгийн газраа шахаж, шаардаж ажиллах шаардлагатай цаг үе дээр ирээд байна гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж