Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Монгол Улсын цэргийн багийн Чад улсад үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнууд өчигдөр “Чингис хаан” нисэх буудалд НҮБ-ын “Silver Jet” агаарын хөлгөөр газардав. Тэд зургаан сарын хугацаанд Чад улс дахь НҮБ-ын мандаттай MINURCUT ажиллагаанд 19-36 насны 260 гаруй хүн хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгээд ирж байгаа  нь энэ юм. Цэрэг эрсийг угтан авахаар Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын ерөнхий зохицуулалтын цэргийн командлалын  штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, 150 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Дугаррагчаа нар ирсэн байв. Энэ үеэр Чадад үүрэг гүйцэтгээд ирсэн зарим албан хаагчдын сэтгэгдлийг сонслоо.

Цэргийн багийн захирагч Л.Гансэлэм

-Манай цэргийн багийнхан Чад улсад зургаан сар үүрэг гүйцэтгээд ирлээ. Бид тус улсад үүрэг гүйцэтгэсэн хоёр дахь ээлж бөгөөд  бас хамгийн сүүлийнх нь. Цэргийн багийн  гол үүрэг нь түргэн байрлах хүчний алба буюу шаардлагатай газарт, зохих арга хэмжээг бие даан хийх эрхтэй. Агаарын болон газрын гэлтгүй үүрэг даалгаврыг биелүүлэн байлдааны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Энэ зургаан хугацаанд дөрвөн удаа зэвсэгт бүлэглэлийг таслан зогсоох, 10 гаруй удаа түргэн байрлах яаралтай ажиллагаанд оролцлоо.

Тасгийн захирагч Т.Энхбаатар

-Миний хувьд тав дахь удаагаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирж байна. Би 150 дугаар цэргийн ангиас Чад улсад үүрэг гүйцэтгэхээр томилогдон тасгийн захирагчаар ажилласан. Үүрэг даалгавараа амжилттай биелүүлээд ирлээ.

Ахлах дэслэгч Н.Батсайхан

-Миний хувьд өмнө нь Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Цагийн байдал тогтворгүй, өдөр бүр цаг наргүй байлдааны бэлэн байдалд ажиллаа. 084 дүгээр ангиас  үүрэг гүйцэтгэхээр явсан.

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж